С.Батболд: Хотынхоо хөгжлийн төлөө бидний хамтын зүтгэл чухал

 

        Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны 17, 18, 20 дугаар байрны оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар оролцлоо.

 

Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын захирагч С.Батболд: -Өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдийнхээ өмнөөс хотын дарга би баяртай байна. Ялангуяа иргэд, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай биелүүлсэн “Тэргүүн чансаа” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Нийслэл хотын иргэд эрүүл , аюулгүй, тохилог, тав тухтай орчин амьдарч, ажиллах ёстой. Ийм л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна. Гол бүтээн байгуулалтыг иргэд дэмжиж, төртэйгөөр хамтран ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн хариуцлагаа хаа хаанаа ухамсарлаж ажиллаж чадсаны үр дүнд олон хүн сэтгэл өөдрөг байхын зэрэгцээ хот өөрөө тэр хэрээр хөгжинө. Хотынхоо хөгжлийн төлөө бидний хамтын зүтгэл чухал гэдгийг өнөөдөр ашиглалтад орж, олон өрх айл, иргэдийг баярлуулж байгаа 70 айлын орон сууц харууллаа гэсэн юм.

 

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын захирагч, “Тэргүүн чансаа” компанид Баянгол дүүргийн 4-р хорооны 7,8,9 дүгээр байрны СӨХ-той гурвалсан гэрээг байгуулах батламжийг гардуулан өглөө.

 

Төслийг хэрэгжүүлэгч “Тэргүүн чансаа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ундрахбаярын ярьснаар тус компани дахин төлөвлөлтийг гурвалсан гэрээгээр гүйцэтгэдэг болохоос аль эрт буюу 2008 онд Баянзүрх дүүрэгт 90 жилийн насжилттай барилгыг нурааж, суурин дээр нь 98 айлын орон сууц барин, 12 оршин суугчид нь шинэ орон сууцны түлхүүр гардуулан өгч байсан туршлагатай компани юм байна. Иймд барилгын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагадаа тулгуурлан, энэхүү төслийг иргэдэд амласан хугацаанаасаа өмнө буюу найман сарын хугацаанд чанарын өндөр түвшинд барьж хүлээлгэн өгч байгаа аж.

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)