Пак Гын Хег дэмжигчдийн жагсаалыг тараахыг шаардав

 

        Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хег дэмжигчдийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалд өдөрт 100-700 хүн тогтмол оролцож, Гангнам дүүргийн Самсун хорооны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах болсон талаар тус улсын “News1” сайтад мэдээлжээ. Цагдаа нар Хөх ордны эргэн тойрон дахь олон жагсаал цуглааныг ямар ч асуудалгүй тараасан хэрнээ энэ удаагийн асуудалд анхаарал тавихгүй байгааг олон нийт шүүмжилж байгаа аж. Харин тус улсын Цагдаагийн газраас энэ сарын 14-нд “Манай байгууллагаас Пак Гын Хег дэмжигчдийн жагсаалыг тараах боломжгүй. Энэ нь иргэдийн жагсах эрхийг зөрчсөн үйлдэл юм” хэмээн мэдэгджээ. Хамгийн олондоо мянга гаруй хүн цугласан жагсаалын оролцогсод нь цөөрсөн ч чимээ шуугиан, эмх замбараагүй байдал нь хэвээр байгаа аж. Өчигдрийн байдлаар жагсагчдаас гурвыг нь цагдаагийн алба хаагчид баривчилсан байна.

 

Төрийн далбаагаа барин зам дээр хэвтэх, дургүйцлээ илэрхийлсэн оршин суугчдыг харааж, биед нь халдах, мөн сэтгүүлчид рүү дайрах зэрэг нь жагсагчдын хувьд энгийн үзэгдэл болжээ.Тэд үдийн хоёр цагаас хойш гудамжны хоёр талын явган хүний замыг хааж, хүн явж өнгөрөх боломжгүй болгодог байна. Мөн Пакийн сууцны ард “Самрин” гэх бага сургууль байдаг нь асуудлыг улам хурцатгаж буй аж. Уг сургууль руу орох хаалга нь жагсаал болж буй газраас 500 метрийн зайтай бол гарах хаалга урд нь байрладаг аж. Өмнө нь тайван байсан хорооны байдал Пак ирснээр эрс өөрчлөгдсөн талаар “Самрин” бага сургуулийн нэгэн сурагчийн ээж Ли Суёон гэх эмэгтэй “Өмнө нь хүүхдээ ямар ч асуудалгүй сургуульд нь явуулдаг байлаа. Харин одоо санаа зовсноосоо болоод тэгэх аргагүй болсон. Хүү минь хичээлээсээ тарж ирээд жагсагчдын хэлсэн хараалыг дуурайн хэлэх нь үнэхээр санааг минь зовоож байна” хэмээн ярьжээ. Мөн анги даасан багш нар нь хичээл тарах үеэр гадаа гарч, эцэг эхчүүдийг иртэл сурагчдаа харж зогсох шаардлагатай болсон байна. Уг бага сургуулийн ойролцоо дунд сургууль ч байдаг бөгөөд мөн л багш нар нь сурагчдаа жагсаал болж буй зүг рүү битгий яв хэмээн сануулж байгаа аж.Пакийг дэмжигчдийн жагсаал сургуулийн орчинд ийнхүү хүчтэй нөлөөлж байгаа нь тус улсын Цагдаагийн газрын байр суурийг өөрчлөх байх гэж үзэж буй талууд байгаа юм. Учир нь, өмнө нь Хөх ордны урд болсон “Сэвол” хөлгийн жагсаалыг “сургуулийн орчин” гэсэн шалтгаанаар тарааж байжээ. Тиймээс өчигдөр “Самрин” бага сургуулийн эцэг, эхчүүд Гангнамын Цагдаагийн газарт Пакийн дэмжигчдийг тараах талаар гомдол гаргасан байна.

 

М.Янжиндулам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)