Монголчууд “харлалтаараа” эхний гуравт багтаж байна

 

        БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Элчин сайдын зөвлөх  И Жэ Юу  байнгын визгүй зорчигчдын хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах, мөн олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт зэрэг асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр  мэдээлэлдээ “БНСУ-ын ЭСЯ-наас гаргасан виз олгох шинэ журмаар энгийн гадаад паспорттай иргэд визгүй зорчих боломжгүй болж байгаа. Энгийн паспорттай иргэд сүүлийн хоёр жилд дөрвөн удаа, эсвэл нийтдээ 10 удаа БНСУ-д зорчсон тохиолдолд  виз авахгүйгээр зорчиж байсан .  Тэгвэл энэ сарын эхнээс визгүй зорчиж байсан хүмүүс заавал виз авахаар журамласан байна. Тус улсыг зорьж буй  гадаадын иргэдийн мэдээллийг  онгоцонд суухаас нь өмнө авч байх шинэ журмыг мөрдөж байгаа бөгөөд визгүй зорчдог иргэдийн мэдээлэл үлдэх учраас ийн визтэй зорчдог болгож байгааг  зөвлөх  И Жэ Юү тодотголоо. Энэ нь зөвхөн Монгол Улсад, монголчуудад хамааралтай шийдвэр биш бөгөөд дэлхийн бүхий л улс оронд энэ журмыг дагаж мөрдөж байгаа”  гэлээ. Сүүлийн хоёр жилд дөрөв болон түүнээс дээш удаа, нийтдээ 10 удаа БНСУ-д зорчсон иргэдийн хувьд урт хугацааны олон удаагийн виз олгож эхэлжээ. Түүнчлэн БНСУ-ын ЭСЯ аль болох олон  удаагийн виз олгох бодлого баримталж байгаа юм байна. Гэхдээ   тухайн иргэн Солонгост  сүүлийн гурван жилийн дотор хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй, тус улсын хууль дүрэм, журмыг зөрчөөгүй, их хэмжээний /таван сая вонноос дээш/ торгуульд төлөөгүй байх шаардлагатай юм. Эдгээр зөрчлийн аль нэгийг гаргаж байсан бол олон удаагийн виз мэдүүлэх эрхгүй ажээ.  Харин албаны болон дипломат паспорттай иргэдийн хувьд визгүй зорчих эрх нь хэвээр үйлчилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Мөн  БНСУ-ын ЭСЯ-д виз мэдүүлж, материал бүрдүүлэн өгч буй иргэдийн тоо ч жил тутам өсч байна. 2012-2014 онд  жилд 33 мянга орчим монгол хүн виз мэдүүлж байсан бол 2015 онд 55 мянга, 2016 онд 67 мянган иргэн виз мэдүүлжээ. 2016 оны аравдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хооронд өдөр тутам 600 хүний материал ЭСЯ-нд очиж байгаагаас тус яам визний хариуг богино хугацаанд өгөх боломжгүй болжээ. Өмнө нь 7-10 хоногт багтаан визний хариу олгож байсан бол 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногт хариуг олгодог байхаар журамлажээ. Энэ  нь виз мэдүүлэгч эрс нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

 

Виз мэдүүлэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр татгалзсан хариу  ч нэмэгдэж байгаа гэнэ. 2015 онд виз мэдүүлсэн нийт хүмүүсийн 15 хувьд л татгалзсан хариу өгч байсан бол 2016 онд 20 хувьд нь татгалзжээ. Виз мэдүүлж буй хүмүүс дунд хуурамч материал өгөх тохиолдол цөөнгүй байгаагийн дээр явах зорилгоо бүрэн тодорхойлоогүй, бүрдүүлэх материалаа бүрэн өгдөггүй зэрэг алдаа дутагдал түгээмэл гэдгийг сануулав.

 

БНСУ-ын ЭСЯ-наас виз авч, тус улсад зорчигчдын цөөнгүй нь “харлан” үлдэж байна. 2016 оны арваннэгдүгээр сард виз авсан хүмүүсээс 211 нь харлаж үлдсэн бол арванхоёрдугаар сард 213, энэ оны нэгдүгээр сард 221 хүн хууль бусаар оршин суухаар үлджээ. Гадаадын бусад улс орнуудтай харьцуулахад хүн ам цөөтэй Монгол Улс хууль бус оршин суугчдынхаа тоогоор тэргүүлж байгааг Элчин сайдын зөвлөх онцгойлон санууллаа. 

 

              Хуучин визгүй зорчиж байсан иргэдийн анхааралд :

 

1.    30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз 
2.    90 хоногийн хугацаатай 1,3,5 жилийн олон удаагийн виз хүсч болох. Дээрх хоёр нөхцөлд сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх 
3.    Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх эрхтэй юм.

                     
           Европын 30 оронд зорчигчдод энэ журам үйлчилнэ 

 

Европын найман орныг зорьж буй, дээрх орнуудаас эх орон руугаа буцаж буй иргэд 30 хоногийн хугацаанд БНСУ-д визгүйгээр зорчиж байсан бол одоо Европын 30 оронд зорчигчдод энэ журам үйлчлэх болжээ.

 

Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, Унгар зэрэг Европын 30 улс болон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцөлөө зөөлрүүлж хамрах хүрээг нь өргөтгөсөн байна.

 

 Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • baba (103.57.93.80)

    2017-03-17

    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ