Роберто Бэнес: Монгол хүүхдийн тэсвэр хатуужил, нээлттэй, сониуч зан намайг гайхшруулдаг

 

        НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнестэй ярилцлаа. Бидний яриа монгол хүүхдийн эрхийг ямар зүйл дээр голчлон зөрчиж байгаа болон энэ талаар хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар өрнөлөө. Түүнчлэн хүүхэд, залуусын хөгжил, зан суртахуун, аялал зугаалга зэрэг чөлөөт сэдвийг ч орхигдуулсангүй.

 

-Та Монголд ирээд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Монголд байхын хамгийн сайхан нь юу вэ. Ирэхээсээ өмнө манай орны талаар ямар мэдээлэлтэй байв?

 

-Монголын сайхан оронд ирээд гурван жил боллоо. НҮБ-ын Хүүхдийн санд 18 жил ажиллаж байна. Ялангуяа мөнх хөх тэнгэрийн оронд гэж хэлж болох Монголд ажиллаж байгаадаа туйлын баяртай байна. Монголд ирж ажиллахаасаа өмнө Йордан улсын Амман хот дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн салбарт Нийгмийн бодлогын зөвлөх хийж байлаа. Ер нь монгол миний хувьд үлгэр домгийн орон. Багаасаа Монгол орны тухай ном зохиолоос уншиж агуу их түүх, баялаг өв соёл, үзэсгэлэнт байгалиар нь бахархаж байлаа. Надад үлгэр домогт гардаг сүрлэг, хүчтэй улс орон мэт төсөөлөгддөг байсан. Өөрөөр хэлбэл, багадаа Марко Пологийн аяллын тэмдэглэлээс Алс Дорнын соёл тэр дундаа агуу их Чингис хаан, Монголын их гүрний талаар уншиж өссөн юм. Тиймээс энэ сайхан оронд ажиллаж, амьдрах завшаан тохиолдсонд өөрийгөө хэмжээлшгүй их азтайд тооцдог. Энд амьдрахын бас нэг сайхан нь монгол хүн зон. Монголчуудын эрч хүч, итгэл үнэмшил, өөрсдийн гэсэн онцлог сайхан зан чанарыг би биширдэг. Монголчуудын байгаль дэлхий, ан амьтныг дээдэлдэг тэр сайхан чанарыг нь хүндэтгэдэг. Мэдээж байгалийнх нь үзэсгэлэнг бишрэхгүй байхын аргагүй. Миний үзсэн хамгийн сайхан орны нэг яах аргагүй Монгол орон мөн. Монголын эрс тэс уур амьсгалд би дуртай. Үүнийг танай орны нэг хосгүй сайхан онцлог гэж боддог. Энэ их сүрлэг байгалийн дэргэд хүмүүс бид өчүүхэн тул байгалиа дээдлэн хүндэтгэх сэтгэлийг эрхгүй төрүүлнэ. Байгалиа энэ чигээр нь хадгалж үлдээсэй гэж хүсдэг. Харамсалтай нь, цөлжилт, агаарын бохирдол зэргээс болж Монголын байгаль аюулд орохвий гэж эмээх юм.

 

-Та дэлхийн олон оронд ажилласан байж таарна. Тэдгээрээс Монгол орон юугаараа давуу вэ. Ялангуяа таны дагнан ажиллаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд манай улс хэр анхаарал хандуулдаг гэж дүгнэх вэ?

 

-Өнгөрсөн хугацаанд Баруун Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнод зэрэг олон бүс нутагт ажиллаж байлаа. НҮБ-ын Хүүхдийн санд орсноосоо хойш Сенегал, Мексик, Индонезэд ажилласан. Өмнө нь Перу, Колумбод ажилласан. Энэ дундаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн газар бол Индонезийн Аче муж. 2005 онд тус муж цунамийн гамшигт нэрвэгдээд удаагүй байхад нь очсон юм. Ер нь бусад улс оронтай харьцуулбал Монгол Улс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар гайхалтай, үгүйсгэхийн аргагүй ахиц дэвшил гаргасан. Энэ их ахиц дэвшил гаргахад Монгол Улсын Засгийн газрын уйгагүй их хүчин чармайлтыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

-Та жишээ хэлэхгүй юу. Яг юун дээр ахиц дэвшил гарсан бэ. Монгол Улсын Засгийн газартай хамтран НҮБын Хүүхдийн сан таны бодлоор үр дүнтэй ямар ажил хийв?

 

-Жишээлбэл, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 1990 онд 35 хувь байсан бол 2013 онд 79 хувь болж өссөн. 1990 оноос хойш тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл гуравны хоёр хувиар буурсан. Хүүхэд хамгааллын бие даасан хуулиа баталлаа. Энэ бүхэн хүүхэд Монгол Улсын хувьд эн тэргүүнд гэдгийг харуулж байгаа юм. Гэвч бидэнд цаашид хийх зүйл олон байна. Анхаарч ажиллах зүйл гэвэл хүүхдийн эрх тэгш бус байдлыг арилгах явдал юм. НҮБ-ын Хүүхдийн сан Монгол орны өнцөг булан бүрт байгаа хүүхэд бүр нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртдэг, тэгш боломжоор хангадаг, бүгдийг тэгш хамгаалдаг байлгахын төлөө ажилладаг. Гэхдээ энэ нарийн төвөгтэй ажил. Тэгш бус байдалд ядуурал, хүйс, үндэс угсаа, арьсны өнгө, шашны болон бусад соёлын хамаарал, хөгжлийн бэрхшээл, оршин суугаа газар зүйн байршил зэрэг олон хүчин зүйл шууд нөлөөлдөг. Ялангуяа хүүхдийн амьдралын эхний жилүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, боловсролын хүртээмж нь түүний амьдрах чадварт нөлөөлдөг. Зохих арга хэмжээ авахгүй бол эдгээр тэгш бус байдлын үр дагавар амьдралын мөчлөгийн туршид үйлчилж хүүхэд өөрийн боломжоо бүрэн нээх, ядуурлын гинжийг таслах боломжийг сулруулахад хүргэдэг. Тэгш бус байдал нь зөвхөн ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл төдийгүй улс орны эдийн засгийн өсөлт, ирээдүйн боломжид ч муугаар нөлөөлж байна. Хүний эрхийн байгууллагын хувьд бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх ёстой. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын судалгаагаар орлогын тэгш бус байдал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт буурч байгааг харуулжээ. Тэгш бус байдлыг шийдвэрлэх нь нийгэм шударга, эдийн засаг илүү хүчтэй байх нөхцөл бүрдэнэ.

 

-Таны Монголд хийсэн болон хийхээр төвлөвлөсөн томоохон ажил гэвэл юуг нэрлэх вэ. Ялангуяа төлөвлөсөн, зорьсон зүйлийг тань ажил, хэрэг болгоход хамтардаг хамтрагчдынхаа тухай танилцуулна уу?

 

-Монголд ажиллаж эхэлснээсээ хойш бид хүүхдийн төлөө багагүй ажил хийж, хэрэгжүүлж чадлаа. Бид гэж би өөрийн багаа хэлж байна. Манай багт Монголын салбар салбарын шилдэг мэргэжилтэн байдаг. Бидний ажил ганц хүний хувь нэмрээр хэмжигддэггүй. Хамтдаа, багаараа өөрчлөлтийг авчирдаг. Хамтдаа хүчээ нэгтгэж байж хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирна. Учир нь, бидний шийдэх гэж буй асуудал заримдаа дэндүү том байдаг. Хамгийн сүүлд бид агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр хэрхэн нөлөөлж байгааг судалж, нотолгоог тайлан дээр суурилж гаргасан. Үүний үр дүнд агаарын бохирдлын талаар нийгэм хүчтэй давалгайлж яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, энэ асуудлыг хүүхдийн өнцгөөс харах боломжийг бүрдүүллээ. Энэ мэт өөр олон баримтыг дэлгэж, бодлогод нөлөөлөх, цаашлаад яаралтай арга хэмжээ авахгүй бол хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж байгааг сануулсан юм. Түүнчлэн манай хамт олон Засгийн газрын харьяа байгууллагатай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” нэртэй стратегийг боловсруулж, Хөвсгөл аймаг, нийслэлийн Налайх дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн. Үүнийг хэрэгжүүлсний үр дүнд хүүхдэд хүрэх нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар эрс сайжирсан. Тиймээс энэхүү стратегийг бид ирэх таван жилд таван аймаг, дүүрэгт дахин хэрэгжүүлэхээр төлөвлөн ажлаа эхэлсэн.

 

-Монголд хүүхдийн эрхийг яг юун дээр зөрчиж байна. Энэ талаар таны сэтгэлийг зовоож байгаа ямар асуудал байна вэ?

 

-Тоо баримтаас жишээ татан хэлэхэд хамгийн түрүүнд ундны цэвэр ус болон ариун цэврийн зохистой байгууламжийн хүртээмж муу байна. Энэ салбарт ахиц удаан байна. Тиймдээ ч Монгол Улс Төв болон Зүүн Өмнөд Азийн дийлэнх улс орноос хоцорч явна. Улсын дундажийг харвал үнэхээр чамлалттай. Нийт хүн амын 60 хүрэхгүй хувь нь шаардлага хангасан бие засах газартай. Дөнгөж 64 хувь нь ундандаа цэвэр ус хэрэглэж байна. Энэ тоог нарийвчлан задалбал орлогын төвшингээр хот, хөдөө, хотын төвийн, захын гэдгээрээ бүр их ялгаатай. Шаардлага хангасан ундны усны хэрэглээ хотод 73 хувь байхад орон нутагт 58 хувьтай байна. Ядуу өрхийн дөнгөж 41 хувь ундны цэвэр ус хэрэглэж байхад чинээлэг өрхийн хэрэглээ 99.9 хувь байх жишээтэй. Ариун цэврийн сайжруулсан байгууламжийн хэрэглээ хотод 69, хөдөөд ердөө 39 хувь байна. Ядуу өрхийн хувьд энэ тоо 19 хувь байхад чинээлэг өрхийнх 99 хувьтай. Ус хангамж, ариун цэврийн зохистой байгууламжийн хүртээмж ийм хангалтгүй байгаа нь хүүхэд өвчлөх гол шалтгаан болж, ирээдүй хойч үеийнхний эрүүл мэнд хохирч улмаар улс эх орны эдийн засагт ч муугаар нөлөөлнө. Бас нэг сэтгэл зовоосон асуудал гэвэл сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт ердөө 68 хувь, дээрээс нь хот, хөдөө, өрхийн орлогын төвшингээр мөн эрс ялгаатай байх юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас бага насны хүүхдийн хөгжлийг нэн чухал салбарт тооцдог. Багад оюун ухаан, зан байдал, сурах чадвар тогтдог бол насанд хүрсэн хойно энэ бүхэн нь төлөвшдөг. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байсан хүүхэд сургуульд ороод амжилт гаргах магадлал өндөр. Насанд хүрсэн хойноо ч ажил эрхлэх, илүү орлоготой болох, эрүүл байх магадлал нэмэгддэг төдийгүй нийгмийн халамжаас хамаарах, гэмт хэрэг үйлдэх эрсдэл нь эрс багасдаг. Тэгээд ч сургуулийн өмнөх боловсролд оруулсан нэг ам.доллар тутамд 12.90 ам.долларын ашиг ирдэг гэсэн судалгаа бий.

 

-Монгол хүний алдаа болон давуу талыг та юу гэж хардаг вэ?

 

-Монгол хүний эх орон, байгаль дэлхий, өв соёл, үүх түүхээ хүндлэн дээдэлдэг чанар нь надад эерэг бодол төрүүлдэг. Монгол хүүхдийн тэсвэр хатуужил, нээлттэй зан, дэлхий ертөнцийг сонирхох сониуч үзэл нь намайг гайхшруулдаг. Дашрамд хүүхэд, залуустаа ганцхан зөвлөгөөг хэлье. Гадаад хэл, тэр дундаа англи хэл сайн сураарай. Өнөөгийн ертөнцөд хэлгүй бол хөлгүй л гэсэн үг. Монголын хүүхэд, залуус их авьяаслаг учраас гадаад хэл эзэмшвэл тэдэнд илүү их боломж нээгдэнэ.

 

-Та Монгол орноор хэр аялав. Сэтгэлд үлдсэн сайхан газар гэвэл хамгийн түрүүнд юуг нэрлэх вэ?

 

-Монгол орны хэд хэдэн аймгаар орсон. Манай НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрөө сүүлийн таван жилд Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байгаа. Тиймээс Хөвсгөл аймгийн зүг жолоо байнга залдаг. Ер нь машинаар хөдөө явахад олон цаг давхиад байгаа хэрнээ нэг ч хүн харагддаггүй. Тэр их уудам тал нутгаар давхиж явахад үнэхээр сайхан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн газар гэвэл Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цагаан Уул сум. Байгаль нь гайхамшигтайгаас гадна тэнд амьдарч байгаа цаатнуудын амьдралын хэв маяг үнэхээр сонирхолтой. Тэр их хүйтэн ширүүн уур амьсгалыг үл ажран айл өрх, нутгийн удирдлагууд хүүхдийн аж байдлыг дээшлүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгааг харахад үнэхээр бахархах сэтгэл төрсөн. Тэд үр хүүхдээ хайрлан хамгаалж, байгаль дэлхийтэйгээ хэрхэн шүтэлцэн амьдарч байгааг харах гайхалтай. Хүүхдүүдэд тоглох талбай, ногоон байгууламж бараг байхгүй ч өвөлдөө агаарын бохирдолд хордож байдаг Улаанбаатар хоттой харьцуулахын аргагүй.

 

-Таны яриаг сонсч, байгаа байдлыг тань харсан ч их өөдрөг хүн шиг санагдлаа. Хүн яавал сэтгэл зүрхнийхээ эзэн нь байж, хийж бүтээх зүйлдээ амжилт гаргах вэ?

 

-Би их өөдрөг бодолтой хүн. Бид хамтдаа энэ дэлхий ертөнцийг сайн сайхан болгож чадна гэдэгт итгэдэг. Хамгийн гол нь үүний тулд бид хүүхдүүдээсээ, хүүхүүдийнхээ төлөө аливаа зүйлийг хийхээс эхэлнэ. Миний аав, ээж хоёр намайг “Аливаад шударга, ёс суртахуунтай хандаж бусдад туслах ёстой” гэсэн үнэт зүйлээр хүмүүжүүлсэн юм. Маш том үйл хэрэг бүтээсэн хүнийг “Баатарлаг үзэлтэй хүн” гэж хүмүүс ярьдаг. Харин миний хувьд амьдралынхаа туршид өөрийнхөө үнэт зүйлд үнэнч, эерэг зан үйлтэй хүнийг баатарлаг хүн гэж хэлнэ. Тиймээс би шударга, ёс суртахуунтай, бусдад тусалдаг байя гэсэн зарчмыг сонгож амьдрахаар шийдсэн. Хүүхэд, залуучууддаа хандаж хэлэхэд үнэт зүйлдээ үнэнч байгаарай, бусдыг хүндэтгэж амьдраарай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө амьдарч буй газарт эерэг өөрчлөлтийн эзэн нь болоорой гэж хэлье. Өнөөдөр Монгол Улсын 45.5 хувь нь 24-өөс доош насны өсвөр үеийнхэн, залуучууд байна. Энэ залуу үеийнхэндээ хөрөнгө оруулалт хийж чадвал Монгол Улс улам эрчтэй хөгжих бүх боломж байна. Амжилтад хүрэхэд илбэ, ид шидийн жор гэж үгүй. Гол нь хэзээд эерэг бодол санаатай байж, биеэ зөв авч явах, цуцалтгүй хөдөлмөрлөх, сэтгэл сайтай байх нь хамгаас чухал юм.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ганбат (75.26.249.1)

    2017-03-18

    Олон хүмүүс уншаасай