Трамп, Меркельтэй гар барихаас татгалзжээ

Германы канцлерь Ангела Меркель өчигдөр буюу Баасан гарагт Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа нүүр тулан уулзлаа. Өмнө нь Трамп Германы цагаачлалын бодлогыг хатуу шүүмжилж, Меркель Герман орныг “сүйрүүлэх алдаа” хийсэн гэж ярьж байсан билээ. Тэгвэл хоёр удирдагчийн анхны уулзалт ч тийм таатай уур амьсгалтай болоогүй бололтой. Цагаан ордны Зууван танхимд хийсэн уулзалтын үеэр гэрэл зурагчид тэднийг хоорондоо гар барихыг хүсэхэд Меркель Трамп руу хандаж гар барих эсэхийг асуухад АНУ-ын Ерөнхийлөгч түүн рүү харалгүй, сонсоогүй царайлж өнгөрсөн байна.

 

Меркель энэ үед эвгүй байдалд орж, царай нь хэрхэн хувирч байсныг хэвлэлүүд зураг, дүрс болгон буулгажээ.

Мөн уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр Трамп өөрийнх нь утасны яриаг Обамагийн засаг захиргаа чагнаж байсан тухай хэлээд “ядаж л бид нэг юмаараа ижил юм” гэж хошигносон байна. Обамагийн үед АНУ-ын тагнуулынхан Меркелийн утасны яриаг чагнасан гэх мэдээлэл дуулиан тарьж байсан юм.

Өөрөөр хэлбэл Америк, Германы удирдагч нарт санал нийлэх зүйл бага байсан нь эндээс харагдаж байна.

Хурлын үеэр Меркель Европын холбоо гишүүн орнууддаа дүрвэгчдийг нутагшуулахад нь хэрхэн дэмжин тусалж байгааг ярьсан бол Трамп Америкт ажлын байрыг хэрхэн гадаад орнуудаас буцаан авчрах тухай голлон ярьжээ.

Меркель үг хэлэх үеэрээ Трамп руу үе үе хандаж, инээмсэглэн найр тавьж байсан ч Трамп түүн рүү харалгүй, эгц урагшаа харсаар хурлыг дуусгасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)