Дональд Трамп: Би хэлсэн амлалтдаа хүрнэ

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Telegraph” сонинд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Ноён Ерөнхийлөгч өө, ярилцлагаа таны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан амлалтуудаар эхлүүлье. Та Мексик, АНУын хилийн дагуу хана барих зарлигт гарын үсэг зурсан. Хана барих зардлыг АНУын татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах уу?

 

-Юун түрүүнд Мексиктэй хэлэлцээ хийх хэрэгтэй.

 

-Хэрэв америкчууд хана барих зардлыг гаргавал Мексик Улс бидэнд буцаан төлөх үү?

 

-Мэдээж, 100 хувь буцааж төлнө.

 

-Тэгэхээр америкчууд хана босгох зардлыг эхний ээлжинд төлөх ёстой болж байна уу?

 

-Эхлээд бид нэг жил хүлээх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хэрэм хана барихаа болино гэсэн үг биш. Мексикээс АНУ-д орж ирж буй хууль бус цагаачид, хар тамхины урсгалыг зогсоох хамгийн оновчтой арга бол хана барих. Би хана барина гэж амласан амлалтдаа ч хүрэх болно. Хана барих зардлыг АНУ дангаараа гаргасан ч чадна.

 

-Та кампанит ажлынхаа үеэр хана барих зардлыг мексикчүүдээр гаргуулна гэсэн. Харин одоо америкчууд зардлыг гаргаж, мексикчүүд дараа нь нөхөж төлнө гэлээ. Гэтэл Мексикийн Ерөнхийлөгч хэзээ ч төлөхгүй гэж мэдэгдсэн шүү дээ?

 

-Энэ бол нэлээд төвөгтэй асуудал. Гэхдээ хана барих нь АНУ, Мексикийн аль алинд нь ашигтай. Би хэлсэн үгэндээ эзэн байж, өөрийн байр сууриа хатуу хадгалах болно. Хана барьснаар хоёр улсын харилцаа ч сайжирна гэж бодож байна. Бид хана баривал барьсан зардлыг нь Мексик л төлөх ёстой.

 

-Та дэмжигчдэдээ хандан юу гэж хэлэх вэ. Магадгүй тэд “Түр хүлээгээрэй. Хана барих зардлыг Мексикийн Засгийн газраас гаргуулна гээгүй билүү” гэж асууж магадгүй?

 

-Би кампанит ажлынхаа үеэр мексикчүүдээр хана барих зардлыг нь төлүүлнэ гэж хэлсэн. Түүнээс биш эхлээд заавал Мексик Улс зардлыг нь гаргах ёстой гэж хэлээгүй. Би дэмжигчдэдээ хандан намайг 2-3 жил хүлээж чадах уу гэж асуумаар байна. Учир нь, Засгийн газарт шийдэх маш олон асуудал бий. Эхний ээлжид бид НАФТА-гийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоогийн байдлаар АНУ 60 сая ам.долларын худалдааны алдагдалтай ажиллаж байгаа. Маш олон хүн хана барихыг тэсэн ядан хүлээж буйг би мэдэж байна.

 

-Яг хэзээ хана барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

 

-Удахгүй

 

-Хэр удаан хугацаанд хана барих вэ?

 

-Хэрэв бариад эхэлчихвэл ганцхан сарын дотор ч барьж болно.

 

-Та богино хугацаанд маш олон хурц шийдвэр гаргалаа. Түүний нэг нь дүрвэгсдийн асуудал. Манай улсад цагаачилж ирсэн хүн АНУ-д төрсөн тохиолдолд тус улсын иргэншилтэй болдог. Гэтэл та хууль бус цагаачдыг гаргана гэж мэдэгдсэн. Иймээс цагаач иргэд хүүхдүүдээсээ салах вий гэсэн айдастай байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Тэд энэ талд санаа зовохгүй байж болно. Би бол зүрх сэтгэлтэй хүн. Манай улсын Засгийн газар хүн бүрт анхаарал тавина.

 

-Тэгэхээр хууль бус цагаачдыг АНУ-д үлдэхийг зөвшөөрч байна гэсэн үг үү?

 

-Удахгүй энэ асуудлыг шийднэ. Цагаач иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар асуудлыг зохицуулна.

 

-Та 3-5 сая орчим санал өгөх эрхгүй хүн Ерөнхийлөгч асан Барак Обамад санал өгсөн гэж мэдэгдэж байсан удаатай. Үүнийг батлах нотолгоо байгаа юу. Энэ АНУ-ын түүхэн дэх хамгийн том сонгуулийн залилан байж магадгүй юм?

 

-Энэ бол гуйвуулсан мэдээлэл.

 

-Гэхдээ та твиттер хуудастаа ингэж жиргэсэн байсан шүү дээ?

 

-Би ойролцоогоор нэг сая орчим гэж жиргэсэн.

 

-Ямар ч нотолгоогүй нэг сая орчим хууль бус саналын талаар ярих нь улс оронд муугаар нөлөөлөхгүй гэж үү?

 

-Үгүй, огтхон ч үгүй.

 

-АНУ-д нэвтрэхийг хориглосон орнуудын тоонд мөн л ислам шашинтай Афганистан, Пакистан, Саудын Араб зэрэг улс багтаагүй. Та яагаад эдгээр орны иргэнийг АНУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн бэ?

 

-Зарим хүнд боломж олгохыг хичээж байна. Засгийн газар эдгээр орны ард иргэдийг ажиглах болно. Хэрэв зөрчил гаргахгүй бол АНУ-д нэвтрэхийг зөвшөөрөх ч ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд бусад ислам шашинтай орны адил хориг тавих болно. Би улсдаа террорист халдлага болоосой гэж хүсэхгүй байна.

 

-Та “Obamacare”-ийг цуцалсан. Энэ нь ард иргэдэд хүнд туссан байх?

 

-Би америк хүн бүрт анхаарал тавихыг хичээж байна. АНУ-ын Конгресс “Америкийн эрүүл мэндийн тусламж” гэдэг нэртэй бүгд найрамдахчуудын санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслийн гол онцлог нь эрүүл мэндийн даатгалыг заавал худалдан авах шаардлагыг цуцалж, татварын хөнгөлөлт бий болгож, татаасыг дахин хуваарилах явдал юм. “Obamacare” хуулийн төслийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн даатгалтай болсон иргэний тоо 20 саяар нэмэгдсэн. Эрүүл мэндийн даатгалтай хүмүүсийн олонх нь улсаас татаас авдаг. “Obamacare” нь америкчуудыг эрүүл мэндийн даатгалтай болохыг шаарддаг бөгөөд даатгалгүй тохиолдолд жилд дунджаар 995 ам.долларын торгууль төлөх ёстой болдог. Эрүүл мэндийн даатгал авах нь торгуулиас үнэтэй тусдаг тул зарим иргэн торгууль төлөхийг илүүд үздэг. Ийм учраас л “Obamacare” бол гамшиг. АНУын Ерөнхийлөгчийн хувьд нэг ч америк хүнийг гудамжинд үхэхийг зөвшөөрөхгүй. Шинээр нэвтрүүлж буй хуулийн тун удахгүй хүн бүрт үр өгөөжөө өгч эхэлнэ.

 

-Гэхдээ “Obamacare”-ийг цуцалснаар 18 сая хүн эрүүл мэндийн ямар ч даатгалгүй болж байна шүү дээ?

 

-Эдгээр хүмүүс авч буй эрүүл мэндийн үйлчилгээндээ болон эмчдээ сэтгэл хангалуун байх нь чухал.

 

-Бид өмнөх үеэсээ шийдэгдээгүй, тодорхойгүй асуудлуудыг уламжлан авдаг мөн хойч үедээ ч олон бэрхшээл үлдээдэг. Яг одоогоор бидэнд тулгараад буй шийдэхэд урт удаан хугацаа шаардагдах ямар асуудлууд байна вэ?

 

-Ойрхи Дорнод бол дэлхийн улс орнуудын хувьд зовлон, айдас нь. Мөн Хойд Солонгос, Мексик болон АНУын хилийн асуудлыг дурдаж болох юм. Гэхдээ бид бүгдийг байранд нь оруулна.

 

-Та батлан хамгаалах салбарын зардлыг 54 тэрбум ам.доллараас 84 тэрбум ам.доллар болгон нэмсэн. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?

 

-Манай батлан хамгаалах салбарын техник, төхөөрөмж хуучирч муудсан. Энэ байдлаараа АНУ хэзээ ч дэлхийн хамгийн шилдэг батлан хамгаалах хүчинтэй улс байж чадахгүй.

 

Ц.Даваасамбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)