“Монголын геологи, хайгуул” IX чуулга уулзалт болно

 

        Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээний талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын зааланд Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Очирбат, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Болд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МУИС, ШУТИС, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран энэ сарын 23-26-ны өдрүүдэд Корпорейт конвеншн төв-д зохион байгуулах гэж байна. 

 

Энэ чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэл болон хэлэлцүүлэг өрнөх аж. 

 

Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгуулах юм байна. 

 

Мөн геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгэс гадна “Монгол орны байгаль, Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулах ажээ. Түүнчлэн  эрэл хайгуулын геохимийн судалгааны аргууд, нүүрсний давхаргын метан хий, эрэл хайгуулын геофизикийн судалгааны аргууд гэсэн сэдвүүдээр ШУТИС-дээр сургалт явагдах юм байна. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)