Г.Ганжаргал: Амаа ангайж унтдаг хүн бөгтөр, өвчлөмтгий, хоолойны махтай, өмхий амтай болдог

        Монголчуудын дунд шүдний өвчлөл сүүлийн үед эрс нэмэгдэж, үүнийг дагаад шүдний гажиг гэх нэр томъёотой бид танил болоод удаж байна. Тиймээс шүдээ хэрхэн эрүүл байлгах цаашлаад шүд, ясны гажигаас урьдчилан сэргийлэх талаар Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Ганжаргалтай ярилцсан юм. Тэрбээр Кубын Гавваны их сургуульд шүдний эмч мэргэжил эзэмшихийн тулд 6 жил суралцаж төгссөн. Мөн Японы Токиогийн их сургуулийн Анагаахын их сургуульд  6 жил мэргэжил дээшлүүлж ирээд монголдоо ажиллаж байна. Тэрбээр одоо Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Шүд, нүүр, ам судлалын танхимд багшлахынхаа хажуугаар “Orthoson dent”  хэмээх шүдний эмнэлгийг нээн ажилуулж байгаа юм.

 

-Монголчуудын дунд шүдний өвчлөл хөгжингүй орны иргэдтэй харьцуулахад хожуу тархсан гэгддэг ч одоо хүн амынхаа тоонд харьцуулахад дэлхийд шүдний өвчлөлөөрөө дээгүүр ордог гэж сонссон юм байна. Энэ талаар хийсэн судалгаа байдаг болов уу?

 

-Монголчуудын шүдний цоорол гамшгийн хэмжээнд хүрчихсэн гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн болохгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд манайхны дундах шүдний гажигийн тархалт, цооролтыг судлахад 82 хувьтай гарсан байдаг юм. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Бид 2 жилийн өмнөөс хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудаар үнэгүй үзлэг хийж байгаа. Энэ үзлэгийн үр дүнд шүдний цоорол хүүхдүүдийн дунд бараг 90 хувьд хүрчихснийг нь тогтоосон. Шүдний цоорлоос гажиг бий болдог. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд шүдний цоорол 90 хувьтай байхад хот суурин газруудад үүнээс ч илүү байх нь тодорхой юм. Учир нь шүдний цоорол, гажиг бол хөгжлийн өвчин гэж тодорхойлогддог. Улс орон хөгжих тусам л энэ өвчин улам нэмэгдсээр байх болно. Тиймээс л монголчуудын дунд шүдний өвчлөл хожуу бий болсон. Харамсалтай нь таны хэлдгээр өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудыг давж очих хэмжээнд хүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхдийн 9 нь ямар нэгэн байдлаар шүдний өвчлөлд нэрвэгдсэн байна гэдэг бол ярилцлагын эхэнд хэлсэнчлэн гамшгийн хэмжээнд хүрчихсэн нөхцөл байдал юм.

 

-Шүдний өвчлөл хөгжлийн өвчин юм бол улс орон хөгжихийн хэрээр урьдчилан сэргийлэх, эмчлэх арга нь улам нарийсах байх?

 

-Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр хүнсний бүтээгдэхүүнийх нь найрлагад өөрчлөлт орж байгаа. Шүдний өвчлөлөөс гадна чихрийн шижин, даралт 2-ыг ч хөгжлийн өвчин гэж анагаах ухаанд нэрийддэг. Эдгээр өвчлөл хоол хүнснээс л улбаатай. Хамгийн энгийнээр тайлбарлахад хүний идэж байгаа зүйл нь зөөлрөөд ирэхээр яс дутуу хөгжих эхлэл тавигдаж байгаа юм. Тухайлбал, эрүүн дээр ямар нэгэн даралт ирж байж эрүүний яс бүрэн хөгжих ёстой. Гэтэл ямар ч даралт байхгүйгээс болоод дутуу хөгжсөн эрүүн дээр шүд нь багтаж ургаж чадахгүй байгаа үзэгдлийг шүдний гажиг гээд байгаа юм. Одооны хүүхдүүд толгой дараалан агт араа авхуулж байгаа шалтгаан нь ердөө л энэ. Орчин үед агт араа нь багтаж ургадаг хүүхэд гэж байхгүй болчихсон. Бидний ээж, аавын үед бол эрүүний яс нь бүрэн хөгжчихдөг байсан учир агт араа нь түвэггүй ургачихдаг байж.  

 

Тиймээс цагаан идээ, тэр дундаа ааруул, ээзгий гэх мэт хатуу чанарын бүтээгдэхүүнүүд бүгд ясны дутуу хөгжлөөс урьдчилан сэргийлж, цаашлаад шүдний цоорол, гажигийг газар авхуулахгүй байх ид шидтэй бүтээгдэхүүн. Хөгжингүй орнуудад хатуу зүйл идэхийг л гажгаас урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж байна шүү дээ. Тэгэхээр эцэг, эхчүүддээ хүүхдүүддээ цагаан идээ сайн идүүл гэж зөвлөх байна.

 

-Тэгэхээр хатуу ааруул л энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ганц арга байх нь ээ. Өөр анхаарах зүйл юу байна вэ?

 

- Хатуу хоол гэхээр л заавал ааруул гэсэн үг биш л дээ. Зажлууртай, ширхэглэг ихтэй, удаан зажлах зориулалттай ногооны төрлүүдийг их хэмжээгээр хэрэглэх нь ч хэрэгтэй. Стандартаар бол өглөөний цайг 15 минутаас дээш хугацаанд уух ёстой байдаг. Энэ нь цаагуураа шүдийг ажиллуулах хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа юм.  Мөн хүүхдийг хоолоо идэж дууссаных нь дараа уух зүйл өгөхгүй бол шүдээ бараг хэрэглэхгүйгээр уух зүйлээрээ даруулаад идэх юмаа шууд залгичихдаг.  Шүд хэрэглэхгүй бол яс хөгжихгүй шүү дээ. Тэгээд л гажиг үүснэ. Үүнээс гадна хоол идэхэд нь зөв суулгах нь бас чухал шүү.

 

Нөгөөтэйгүүр, ясны хөгжлөөс үүдэлтэй гажиг гэхээр зөвхөн шүд биш. Толгойны байрлал, нуруугаа дагаад тухайн хүн бөгтөр болох уу, үгүй юу, эрүүний үе, нүүрний хэлбэр ямар болох вэ гэдэг шууд хамааралтай. Тэгэхээр эцэг, эхчүүд анхнаасаа хүүхдээ зөв амьсгалуулж, залгиулж, зогсуулж сургах хэрэгтэй. Хүмүүсийн бөгтөр болж байгаа хамгийн гол шалтгаан нь буруу амьсгалж байгаатай нь холбоотой. Багаасаа буруу амьсгалаад сурчихсан хүүхдүүд бөгтөр, өвчлөмтгий, хоолойны махтай, ам нь өмхий болдог. Мөн цус харвах магадлал ч өндөр байна. Учир нь буруу амьсгалдаг хүмүүс яваандаа хурхирдаг болно. Хурхиралт бол цус харвах шалтгааны 70 хувь нь байдаг. Ганцхан хүүхэд гэлтгүй амаа ангайж унтдаг том хүнд ч энэ асуудал тохиолдно.

 

Буруу амьсгалдаг томчуудын эрүүний үе суларснаас толгой өвдөх, шилэн хүзүү хөших нь ихэссэн

 

 

-Буруу амьсгалж, залгиж, зогсож байгааг нь хэрхэн мэдэх юм бэ?

 

-Хүүхдүүдээ унтаж байхдаа амаа ангайж байна уу, үгүй юу гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв амаа ангайж л унтаж байвал таны хүүхэд буруу амьсгалж байна аа гэсэн үг. Зөв залгиж байна уу гэдгийг нь мэргэжлийн эмнэлэгт үзүүлж тогтоолгоход зөв зогсож байгаа үгүйг нь хамт хэлээд өгнө. Сүүлийн үед утаанаас болоод бараг л бүх хүн амаа ангайж унтдаг болчихлоо. Тухайн хүн амаа ангайж унтаж байхдаа амьсгал дутуу авдаг. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийг 100 хувь авах ёстой байсан бол амаа ангайж унтсанаар өөрт хэрэгтэй хүчил төрөгчийн 20 хувийг нь л авдаг гэсэн үг. Дээрх тохиолдлоос болоод эрүүний үе суларч, толгой өвдөх, шилэн хүзүүгээр хөших тохиолдол сүүлийн жилүүдэд томчуудад их ажиглагдах болсон. Яг ийм оноштой хүмүүс манайхаар их эмчлүүлж байгаа. Эрүүнийх нь асуудлыг засчихаар толгой өвдөх, шилэн хүзүүгээр хөших нь зүгээр болчихдог. Энэ бүхнийг шүдний гажигийн эмчид үзүүлж байж л эмчлүүлэх  шаардлагатай. Жирийн эмч үзээд мэдэхгүй шүү дээ.

 

-Шүдний өвчлөл, гажигаас урьдчилан сэргийлэх тухайд олон сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Одоо нэгэнт үүсчихсэн өвчлөл, гажигийг хэрхэн эмчлэх талаар ярилцъя гэж бодож байна?

 

-Шүдний өвчлөлийн тухайд хэзээ ч хамаагүй, богино хугацаанд эмчилж болдог. Харин гажгийн эмчилгээний 1 хэцүү нь доод тал нь 2 жилийн хугацаа шаардагддаг болохоор их тэвчээр шаардагддаг. Эмчилгээг яс бэхжээгүй үе буюу 3-12 насны хооронд хийхэд үр дүнтэй байдаг.  Энэ үед ясыг нь ч шүдийг нь ч эмчилж болдог юм. 12 нас өнгөрчихөөр ясны ургалт дуусаад эмчлэгдэхээ больчихдог. Харин шүдний гажигийг эмчлэхийн тулд хагалгаа хийх магадлал ихэсдэг.

 

-Хагалгааны тухай тодруулна уу?

 

-Нэгэнт хөгжчихсөн эрүүний ясанд  шүдийг нь тааруулахын тулд 4-8 шүд авах тохиолдол ч гарна. Үүнийг л хэлээд байгаа юм л даа.

 

Манай эмнэлэгийн үйлчлүүлэгчид гадаадад очоод эмчилгээгээ шууд үргэлжлүүлэх боломжтой

 

-Шүдний гажиг засах эмнэлэг монголд тийм ч их биш. Танай эмнэлэгийн тухайд “Энэ бүх үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийдэг” гэж үйлчлүүлэгчид тань ярих юм билээ?

 

 

-Манайхаар үйлчлүүлэгчид 3-25 насынхан байдаг. Сургууль соёлын мөр хөөгөөд Япон, АНУ-руу явах нь их л дээ. Очоод энд хийлэж байсан эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа тухай мэдээлэл ирэхээр нь шүдний эмч хүний хувьд их баярладаг. Учир нь манай эмнэлгийн стандарт Япон болон АНУ-ын эмнэлгүүдийн стандартад нийцэж байгааг илтгэж байна гэсэн үг. Энэ бол шүдний эмч хүний хувьд нэг бахархал гэхүү дээ.   Гажигийн эмчилгээг хийхийн тулд оношлогоо маш сайн байх хэрэгтэй. Эмчилгээний үр дүнгийн 80 хувь нь оношлогооноос хамаардаг. Манай эмнэлгийн хувьд  Японы гажигийн эмч нарын хэрэглэдэг аппратны 80 хувийг нэвтрүүлж чадсан. Японы Фукуоко хотын “Ханада дентал клиник” эмнэлэгтэй хамтарч ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж дуусаад байна. Япондоо шүдний төрөлжсөн цэцэрлэгтээ ганцхан эмнэлэг нь “Ханада дентал клиник” юм. Тухайн цэцэрлэгт нь эмнэлгийн ажилтнуудын болон  үйлчлүүлэгчдийнх нь хүүхдүүд явдаг бөгөөд шүдний тухай хичээл ордог талаар нь саяхан “NHK” сувгаар гарч байна билээ.

 

-Та Японд докторын зэргээ хамгаалсан болохоор Япон улсын анагаахын салбарынхантай харилцаа холбоо өндөр байдаг байх, тийм үү?

 

-Тэгж хэлж болно. Миний төгссөн Токиогийн их сургуулийн Анагаахын сургууль шүдний өвчлөл, гажигийг эмчлэх чиглэлээрээ Япондоо нэгдүгээрт, дэлхийд 3 дугаарт бичигддэг. Харвардын их сургуулийн урд орчихсон гээд бодохоор ямар мундаг хүмүүсээс суралцаж байсандаа баярладаг. Одоо ч сургуулийнхаа багш нар болон ангийнхантайгаа холбоотой байж, туршлага хуваалцдаг. Миний хувьд сургуулиа төгсөж ирээд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Шүд, нүүр, ам судлалын танхимд багшилсан. Тиймээс шавь нараа Японд мэргэжил дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Өөрөө ч сар бүр япон явж манай салбарт бий болж байгаа шинэ, содон гэсэн бүхэнтэй танилцаж байна. Тэгэхэгүй бол хоцрогдчих гээд байх юм байна шүү дээ.

 

-Куба улсад шүдний чиглэлээр анх суралцсан гэсэн байх аа. Кубыг шүдний эмчилгээгээрээ дэлхийд гайхагддаг гэдэг. Тэнд суралцах хувь тохионо гэдэг асар их боломж биз?

 

-Тийм ээ, 1996-2002 оны хооронд Кубын Гавваны их сургуулийн шүдний эмчийн ангийг дүүргэсэн. Куба улс АНУ-ын колони байсан болохоор манай сургууль дэлхийд шүдний эмчилгээгээрээ гайхагддаг АНУ-ын Калифорнийн их сургуулийн харьяа байсан юм. Кубад боловсрол, анагаахын салбар нь маш өндөр хөгжсөн. Энэ хэрээрээ бүх үйлчилгээ нь үнэ төлбөргүй байдаг болохоор Анагаахын оюутнууд нь 3 дугаар  дамжаанаасаа  эхлээд л бие даасан эмчилгээ хийдэг. Би ч энэ жишгээр л сурч, дадлагажихдаа их зүйлийг сурсан. Тийм ч учраас Япондоо төдийгүй дэлхийд алдартай сургуульд докторын зэргээ хамгаалах боломж олдсон гэж боддог юм.

 

-Монголоос Кубад анагаах ухааны чиглэлээр суралцсан эмч нар хэр их байдаг вэ. Тэдэнтэйгээ харилцаа холбоотой байдаг уу?

 

-Кубад сургууль төгссөн 10 гаруй эмч байдгаас тал нь одоо Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшилж байна. Үүнээс 2 нь л шүдний гажигийн эмч. Нэг дор ажилладаг болохоор байнгын холбоотой байхаас гадна Кубын Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд оролцох нь ч бий.

 

 

Орон нутагт хийдэг үнэгүй үзлэгээ өөрөө санхүүжүүлдэг

 

 

-Монголдоо урдаа барьдаг эмчээр ахлуулсан “Orthoson dent” эмнэлгийн үйлчилгээ Япон, АНУ-ын стандартад нийцэж байгааг үйлчлүүлэгчдийн тань туршлага хэдийнэ батлаад эхэлчихэж. Үнэ өртгийн хувьд дийлдэхгүй өндөр байх гэж бодогдохоор л юм?

 

-Миний хувьд үнэгүй оношлогоо хийх тохиолдол ч цөөнгүй гардаг. Ер нь Япон, Солонос, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд гажигийн эмчилгээг дунджаар 6000 ам.доллараас эхэлдэг. Харин манай эмнэлэгт хамгийн үнэтэй эмчилгээ нь л гэхэд 2 сая төгрөг буюу хөгжингүй орнуудаас 6 дахин хямд байдаг. Гэсэн атлаа яг ижилхэн тоног төхөөрөмж, стандартаар эмчлээд байгаа нь  эмч нар өөрсдийнхөө чадварыг үнэлэхгүй байна аа л гэсэн үг шүү дээ. Хөгжингүй орнуудад материалаа биш өөрсдийн толгойг үнэлээд байдаг юм. Нийт төлбөрийнх нь 10 хувь нь материалын зардал, 90 хувь нь эмч нарын өөрсдийгөө  үнэлэх үнэлэмж байдаг. Өөрөөр хэлбэл, яаж зовж сурсан тэр бүхнээ үнэлж байгаа хэрэг юм. Миний хувьд л гэхэд 32 нас хүртлээ их сургуулиудад сурч, энэ мэргэжлийг эзэмшлээ шүү дээ. Гэсэн атлаа материалынхаа зардлаас бага зэрэг давсан ашиг л олж байна. Гэхдээ миний хувьд ашиг олохоосоо илүүтэй энэ өвчлөлийг бууруулах нь л чухал байна. Би танд дээр хэлсэн. Орон нутагт оюутнуудаа аваад үнэгүй үзлэг хийдэг гэж. Хувиасаа бүх зардлыг гаргадаг юм шүү дээ. Сургуулиас ямар нэгэн байдлаар санхүүжилт олгохгүй. Ямарсайндаа л “Олсон ашгаа орон нутагт үзлэг хийх, японд сургалтад суух зардалдаа зарцуулаад хоосон үлдэж байна” гэж эмнэлгийнхээ нягтланд загнуулаад сууж байхав.

 

-Нээрэн та намар болгон оюутнуудаа авч орон нутагт үзлэг хийдэг гэсэн шүү дээ. Оюутнууддаа практик дадлага олгох, орон нутгийнхны шүдийг эмчлэх нь таны сайн үйлс байх нь ээ. Ийм санаа хаанаас төрчихөв. Хэчнээн аймгуудаар явсан бэ?

 

-Кубад сурч байхдаа дадлагад гардаг байсан нь тэнд сурч байсан оюутнуудын хувьд маш том туршлага байлаа. Нэг сайхан юм нь бүх зардлыг нь улсаас нь гаргадаг. Ингэж байж л сайн эмч төрж, тухайн улс энэ чиглэлээрээ дэлхийд гайхагдаж байгаа юм. Үүнийг л монголд нэвтрүүлэхийг хүссэн. Харамсалтай нь улсаас ямар нэгэн санхүүжилт байдаггүй. Гэхдээ “Монгол хүн Монгол хүнийхээ төлөө” гэдэг уриа дэвшүүлээд ресидент эмч нараа аваад жил бүрийн 9 дүгээр сард орон нутагт ажиллаад 2 жилийн нүүрийг үзэж байна.  Энэ хугацаанд Хэнтий аймгийн Норивлон сум руу 2 удаа, Баянхонгор, Галуут руу 1 1 удаа явсан. Хөдөө гажигийн эмч бараг л байхгүй шүү дээ. Улаанбаатар, Дархан, Өмнөговь, Хөвсгөл, Ховдод л байгаа. Миний удирдлагад 60 гаруй ресидент эмч байгаа. Тэднийгээ бүгдийг нь дагуулаад л явна шүү дээ. Уг нь иймэрхүү асуудлыг улсаас бодлогоор дэмжээд өгвөл явах хүн олон байгаа. Норивлонд л гэхэд 460 хүүхдэд эмчилгээ хийж, эрүүлжүүлсэн.  Тэнд 2 жил дараалж очоод эмчилгээ хийчихсэн чинь хажууд нь байдаг Дадалынхан “Манайд ир, манайд ир” гээд уриад эхэлчихсэн байгаа. Энэ жил ч дахиад л явахаар төлөвлөж байгаа.

 

 

-Та хэчнээн шавьтай вэ. Шавь нарыгаа японд мэргэжил дээшлүүлэхэд нь анхаардаг гэж дурьдаж байсан?

 

-Би анагаахад 3 жил багшилсан. Жил бүр 15 ресидент эмч төгсгөдөг гээд бодохоор нийтдээ 50 орчим шавь бий. Япон дахь танилынхаа хүрээгээр дамжуулаад шавь нараа тэнд мэргэжил дээшлүүлэхэд нь тусладаг. Манай эмнэлэгт ч шавь нараас маань ажиллаж байна. Гэхдээ гажигийн эмч гэдэг халширмаар ажил учир төгссөн болгон нь энэ чиглэлээр ажиллах нь ховор. Ажиллаж байгаа нэгэнд нь тусалчих санаатай л байдаг юм.

 

-Таны ярианаас үзэхэд улсаас шүдний өвчлөл, гажигийн асуудал дээр тийм ч анхаарал хандуулдаггүй бололтой. Хөгжингүй орнуудын төр засаг энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулдаг юм бол?

 

-Манайд энэ салбар 1990 оноос эхлэн хөгжсөн байдаг. Дэд сайд асан Ж.Цолмон, манай сургуульд багшилж байгаад бурханы оронд одсон н.Оюунчимэг багш нар энэ салбарыг хөгжүүлэх суурийг тавьсан юм. Хэдийгээр хожуу хөгжсөн ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад чамлахааргүй дэвшлийг нэвтрүүлж чадсан гэж би боддог. Манай сургуулийн хувьд Азийн орнуудтайгаа тодруулбал, Япон, Өмнөд Солонгос, Тайваньтай харилцаа холбоо сайтай. Харамсалтай нь европ, америкийн орнуудтай харилцаагүй. Энэ нь мэдээж нөгөө л санхүүжилттай холбоотой. Адаглаад л АНУ-д болж байгаа 1 хуралд явъя гэхээр замын зардлаас эхлээд санхүүгийн хүндрэл тохионо. Ер нь энэ салбар маань хэдэн багш нарын л нуруун дээр явж байгаа гээд хэлчихэд буруутахгүй. Гэтэл Японы жишээг аваад үзье л даа. Улсаас нь шүдний цооролд анхаарал хандуулаад бүх усаа фторжуулчихсан байх жишээтэй. Ийм зүйлийг улсаас хүсэх нь ахадсан хэрэг болох байх л даа. Ядахдаа энд тэнд сургалтаар явах, хөдөө орон нутагт хийх үзэлгийнх нь санхүүжилтийг эхний ээлжинд шийдээд өгвөл сайн л байна.

 

-Салбарынхаа талаар эмзэглэж явдаг асуудлын талаар илэн далангуй ярилцаж, сонирхолтой зөвлөгөөнүүд өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.98.76.176)

    2023-06-28

    Jinhene emch,erdemten baijee, haramsmaar yumaa