Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

 

        МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-19-ний өдрүүдэд Хөвсгөл, Булган аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, МАН-ын Улс төр, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар болон албаны хүмүүс багтсан юм.

 

 

Ажлын хэсгийнхэн 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллаж, Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн "Орон нутгийн удирдлагын чадавхыг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нь" төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Хүүхдэд ээлтэй хөтөлбөрийн тогтвортой байдлын төлөвлөгөө" сэдэвт сургалтад оролцсон сум, багийн удирдлагуудтай уулзан, санал солилцож, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

 

 

Энэ үеэр уулзалтад оролцогсод дэд сайд нараас боловсролын салбар дахь өөрчлөлт шинэчлэлт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, зээл тусламж, ипотекийн зээлийн хэрэгжилт, орон нутагт баримтлах бодлого, дэд бүтцийг сайжруулахад чиглэгдсэн бодлого шийдвэрүүдийн талаар асууж, тодруулж байлаа.

 

 

Ажлын хэсэг цааш хөдөлж, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллан, иргэдтэй уулзалт хийж, цөөнгүй асуултад хариулт өгч, харилцан санал солилцсон. Хөвсгөлийн иргэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тэтгэврийн нас нэмэгдэх, автомашины татвар нэмэгдүүлэх болсон талаар асууж байлаа. Энэхүү асуултад тэрбээр "ОУВС-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болонгуут маргаашаас нь тэтгэврийн насыг нэмэх гэж байгаа мэтээр ташаа ойлголтыг иргэд авчээ. Хэрэв хөтөлбөрийг хэрэгжүүлэх бол жил бүр тэтгэврийн насыг 0.5 насаар нэмэгдүүлж явах юм. Ингэснээс 2026 он гэхэд эрэгтэй хүн 65 насандаа тэтгэвэрт гардаг, 2036 онд эмэгтэй 65 настайдаа тэтгэвэрт гардаг байхаар зохицуулах юм. Монгол хүний дундаж наслалт 2036 он гэхэд 75 болохоор харагдаж байгаа" хэмээсэн. Түүнчлэн автомашины албан тавар нэмэгдэх тухайд "Том оврын 4500см3 моторын багтаамжтай автомашины татварыг нэмэгдүүлэх саналыг ОУВС-гаас тавьсан. Энэ нь Ландкруйзер-200, Лексус-570 зэрэг автомашинуудын гаалийн онцгой албан татвар нэмэгдэхээр байгаа юм. Түүнээс бага оврын ард иргэдийн дийлэнх нь сонгон хэрэглэдэг тээврийн хэрэгслийн татвар нэмэгдэхгүй. Мөн үүнийг дагаад бензиний үнэ нэмэгдэх нь гэдэг яриа гарсан байна. Гэтэл Монгол Улсад импортолдог шатахууны 70 хувийг хүнд үйлдвэрлэл, уул уурхай эрхэлдэг томоохон компаниудын зарцуулдаг дизель түлш байх жишээтэй. Өөрөөр хэлбэл томоохон хэмжээний орлого олж буй салбарын хэрэглээний дизелийн түлшний татварыг нэмэгдүүлж, өргөн хэрэглээний 80, 92 бензиний татварыг нэмэгдүүлэхгүй байх боломж байгаа" тухай хэлсэн юм.

 

 

Хөвсгөл аймгийнхны хувьд тулгамдаад буй асуудал бол Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил аж. Орон нутгийн удирдлагууд цэвэрлэх байгууламжийн хөрөнгийн асуудлыг шийдүүлэхээр өнгөрсөн жилүүдэд багагүй хөөцөлдсөн ч үр дүнд хүрээгүй талаар мэдээлэл хийсэн. Харин ажлын хэсэгт багтсан салбарын дэд сайд Ш.Лхамсүрэн "ТЭЗҮ, зураг, төсөл, судалгаагаа хийсэн аймгуудад Польшийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжийг шийдвэрлэхээр эхний тохироо хийгдсэн. Үүнд Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламж багтсан" тухай нутгийн иргэдэд дуулгасан.

 

 

Томилолтын хоёр дахь өдөр ажлын хэсгийнхэн Булган аймагт ажилласан. Булган аймгийнхны тухайд хөл хөдөлгөөн ихтэй угтан авсан нь энэ сарын 1-нд тохиосон "Эх орончдын өдөр"-ийг Монгол цэргийн бахархлын өдөртэй давхцуулан тэмдэглэх болсонтой холбоотой аж. Булган аймгийн ард иргэд болоод зочид төлөөлөгчид, МАН-ын үе үеийн гишүүд Цогт хунтайжын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлэн, аймгийн Хөгжимт жүжгийн театрт баярын хурлаа хийсэн юм. Энэ хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Булганчуудад халуун баяр хүргэж, хэлсэн үгэндээ "МАН-ын анхны намын үүр Булган нутагт байгуулагдаж байсан тухай түүх сонсоод аргагүй л анхдагчдын өлгий нутаг юм хэмээн бахархаж байгаагаа цохон дурдаад, Булганчуудынхаа хөгжлийн төлөө бүх талаар дэмжин ажиллах болно" гэдгээ илэрхийллээ.

 

Мөн энэ үеэр МАН-д шинээр гишүүд элсэж, залуучуудын байгууллагын төлөөлөл андгай өргөж, шагналын хур буусан үйл явдлууд болсон.

 

Үүний дараа ажлын хэсгийнхэн ард иргэдтэй ажил хэрэгч уулзалт хийж, халуун дотно яриа өрнүүлсэн юм. Булган нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Нутаг орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх, болж бүтэж байгаа хийгээд буруу, хазгай байгаа бүхнийг зоригтойгоор шүүмжилж, залж залруулж, манлайлан явах ёстой хүмүүс бол төрийн албан хаагчид" гэдгийг уулзалтын үеэр тодотгосон.

 

 

Уулзалтыг ажиглахад Булган нутгийнхан өөрийн аймаг, сумын асуудал гэхээсээ Монгол Улсын хөгжлийн бодлого, салбар салбарт тулгамдаж байгаа түгээмэл асуудлуудыг хөндөж байсныг онцлох нь зүйтэй болов уу.

 

Иргэдийн хувьд ипотекийн зээлийн хэрэгжилт, орон сууцжуулах хөтөлбөр, мал сүргийн бүтэц алдагдаж буй, утаа, агаар, хөрсний бохирдол зэрэгт санаагаа чилээн, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар санал санаачлага гарган, үзэл бодлоо илэрхийлж байлаа.

 

Түүнчлэн ард иргэд сонгууль хүлээлгүй аймаг орон нутгаа тойрч, олон түмэнтэйгээ ойр байгаа нутгийн гишүүн болон МАН-ын удирдлагууд, засгийн газрын гишүүдэд талархалтай хандаж байгаа илэрхийлснээр уулзалт өндөрлөсөн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (202.179.27.78)

    2017-03-21

    Ярих биш ажил болгох нь чухал байна.МАН-хан ярихдаа сайн ажил болгоод хэрэгжээд үр дүнд хүрсэн ажил харагдахгүй байна.Төсөв хөрөнгийн сахилга хариуцлага байхгүй.Хяналт шалгалт байхгүй.Шалгасан нэр зүүгээд л орхидог.Хариуцлаг тооцож чаддаггүй сайд дарга нартаа.Авилгын хэрэгтэй эвлэрдэг гээд хариуцлагагүй зүйл маш их байна.Олонхи гэдгээрээ бид огцрохгүй 4 жил байна гэсэн бардам зантай сайд дарга нар Монголоор 1 болжээ.

  • өнө (202.21.106.145)

    2017-03-20

    ккк МАНы түүхэн дэх хамгийн сул дорой усан толгойтой эрх мэдэлчгүй бөглөөс