Эмма Стоун: Карьер хөөхөөс илүү байгаль дэлхийтэй ойр байхыг хичээнэ

 

        Арван жилийн дотор “Ghosts of Girlfriends Past”, “Crazy, Stupid, Love”, “The Amazing Spider-Man” зэрэг киногоороо дэлхий нийтэд танигдаж чадсан жүжигчин Эмма Стоун энэ жил “La La Land”-д бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн билээ. Өдгөө 28 настай жүжигчин бүсгүй уг киноныхоо талаар “Sunday Morning” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Энэхүү кино нь 2017 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр 14 төрөлд нэр дэвшиж, “Titanic”, “All About Eve” киноны гаргасан дээд амжилтыг давтсан байна. Мөн кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолоос хамгийн шилдэг хөгжим, инээдмийн кино зэрэг долоон шагнал хүртэж дээд амжилт тогтоожээ. Ажил мэргэжил болон хувийн алдаа оноо, амжилт ялалтынхаа туршид дуулж, бүжиглэдэг дурлалт хосын тухай өгүүлэх “La La Land” кино нь студид мюзикл кино хийхээ больсон өнөө үед ийнхүү олон гайхалтай амжилт үзүүлээд буй юм.Энэ киног саад бэрхшээл тохиолдох үед тайван бөгөөд уян хатан байж чаддаг мөрөөдөгч хүмүүст зориулжээ.

 

-Аливаа уран бүтээл ямар амжилт дагуулахыг урьдчилан таамаглах аргагүй. Таны энэ кинонд тоглосон нь аз туршсан явдал юм шиг санагдаж байв уу?

 

-Аливаа шийдвэрийн ард заавал эрсдэл байдаг. Гэхдээ энэ нь үхэл амьдралыг шийдэхээр ноцтой зүйл биш шүү дээ. Энэ бол бүтээлч бөгөөд тун сонирхолтой эрсдэл юм. (Инээв) Аз турших нь жүжигчин хүний хувьд ч хамгийн хэрэгтэй алхам юм.

 

-Энэ бүтээлийг таны сэтгэлд хүрсэн анхны хайрын түүх өгүүлсэн кино гэж сонссон. Энэ үнэн үү?

 

-Тийм ээ. Бас сүүлийнх байх. Би зохиолыг бүхэлд нь уншиж дуусгаад л энэ үнэхээр гайхалтай түүх болохыг мэдсэн. Чарли Чаплины “City Lights” киноны төгсгөл ч гэсэн “La La Land” шиг намайг гайхшируулж чадсан учраас бүх цаг үеийн турш таалагдсаар ирсэн.

 

-Мюзикл кинонд бүжиглэх, дуулах гээд жүжигчнээс олон чадвар шаарддаг. Өмнө нь энэ төрлийн “Cabaret” гэх кинонд ч тоглож байсан шүү дээ. Тэгэхээр энэ талд тодорхой хэмжээгээр өөртөө итгэлтэй байсан байх. Өөрийнхөө бодож байсан хэмжээнд дүрээ бүтээж чадсан гэж бодож байна уу?

 

-Би “La La Land” кинонд тоглохын тулд товшлуураас гадна олон төрлийн бүжиг сурахын зэрэгцээ өдрийн турш дууны бэлтгэл хийдэг байв. Үүнээс гадна найруулагчтайгаа дүрээ амьдруулах тал дээр ч маш их ажилласан. Ийм маягаар бэлтгэл хийх нь надад их таалагддаг. Учир нь, жүжигчид ингэж олон сараар тусгай бэлтгэл хийж байж, дүрээ бүтээх нь ховор л доо. Өмнө нь би “Battle of the Sexes” киноны зураг авалтад орохдоо теннис тоглож сурахын зэрэгцээ булчингаа ч хөгжүүлж чадсан юм. Жүжигчний мэргэжил хүнд олон шинэ чадвар эзэмших боломж олгодог. Райаны (хамтран тоглогч эрэгтэй гол дүр) хувьд төгөлдөр хуурын бэлтгэл маш их хийсэн. Тиймээс бид мюзикл киноны дүр бүтээх гэж хэмжээндээ л сайн бэлтгэсэн дээ. Бидний сайн байсан, муу байсныг үзэгчид дүгнэх байх.

 

-Товшлуур бүжгийн хэсгээ бэлтгэж байхдаа таныг бүжгийн багштайгаа бүжиглэдэг байсан гэсэн. Дараа нь Райантай бүжиглэхэд та хоёрын хөдөлгөөн хэр нийлж байсан бэ?

 

-Эхэндээ энэ их замбараагүй харагдаж байсан. Яг л та бүхний таамаглаж байгаа шиг. (Инээв) Бид стандарт бүжгүүдийг сурахдаа бие биенээ хэрхэн тэврэхээс эхэлсэн. Ийм төрлийн бүжгийн хувьд энэ нь их чухал юм л даа. Үүнийг хийх явцдаа бид илүү ойр дотно болж, хамтран ажиллахад хялбар болсон.

 

-Та хоёрын хослон жүжиглэлтийн талаар маш их нийтлэл гарах болсон. Харин та энэ бүхэн жүжиглэлтээс илүү дотно нөхөрлөлийн холбоо гэж хэлсэн байсан. Та хоёр биенээ сайн мэддэг болохоор амжилттай бүтээл гарахад дөхөм болсон гэж ойлгож болох нь ээ?

 

-Тийм шүү. Би түүнтэй хамтран тоглохдоо биеэ барихгүй, илүү амар байдаг гэх үү дээ. Зураг авалтын үеэр ч өөрсдийн санаачлагаар нэмж оруулсан хэсгүүд бий. -Та хоёр киноны аль хэсгийг санаачлан оруулсан юм бэ? -Маргалдаж буй хэсгүүд болон миний дүр зорилгодоо бууж өгөөд Невада руу буцдаг хэсгийг нэрлэж болно. Найруулагч, зохиолчид энэ талд нээлттэй байсан нь бидний хувьд сайхан боломж болсон.

 

 

-“La La Land” киногоо үзэгчидтэйгээ хамт хүлээн авч үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

 

-Венецийн кино наадмын үеэр үзсэн. Тэнд ямар ч агааргүй байгаа юм шиг санагдаж, сандарснаасаа болоод бүр хөлөрч байлаа. Үзэгчдийн дунд сууж байхад хэзээ ч дуусахгүй юм шиг л урт санагдсан шүү.(Инээв)

 

-Таныг Чарли Чаплинд маш их дуртай гэдэг. Түүний юу нь таныг тэгтлээ татдаг юм бэ?

 

-Бүх зүйл нь надад үнэхээр их таалагддаг. Тэрбээр зохиол бичих, кино найруулах, жүжиглэх, дуу бичих гээд л бүх талд төрөлхийн авьяастай нэгэн. Чарли Чаплин бол бүх цаг үеийн шилдгүүдийн нэг яахын аргагүй мөн гэж боддог. Түүний бүтээлүүдийн ачаар надад зорилго бий болсон юм.

 

-Чарли Чаплины бүтээлийг үзээд та энэ салбар руу орсон гэсэн үг үү?

 

-Би Чарли Чаплины бүтээлийг анх үзээд, “Хөөх, энэ яг миний хийхийг хүсч буй зүйл байна” гэж бодож байлаа. Түүний хэмжээнд хүрч чадахгүй ч уран бүтээлээс нь маш их урам зориг авдаг. Тиймээс би Лос Анжелес руу явж, кино шалгаруулалтад орохыг хүссэн юм. Түүний бүтээлтэй учрахаасаа өмнө мюзикл театр байгуулахыг хүсдэг байв.

 

-Таны хувьд инээдмийн, драмын төрлийн бүтээлийн аль нь илүү ойр санагддаг вэ?

 

-Драмд сэтгэл хөдлөлөө удирдан, жүжиглэх нь илүү хэцүү санагддаг. Инээдмийн төрөлд хошин шогийн мэдрэмж, авхаалжаараа даваад гарч болно. Харин драмд үйл явдалдаа орохын тулд илүү гүнзгий мэдрэх шаардлагатай болдог. Гэхдээ энэ бол миний л бодол.

 

-Эцэг, эх тань таныг хүссэн бүхнээ хийхийг зөвшөөрдөг байсан гэж сонсч байсан юм байна?

 

-Тийм шүү. Миний эцэг, эх шийдвэрийг минь дэмждэг байсан нь надад өргөн их боломжийг нээж өгсөн гэж боддог. Лос Анжелес явах шийдвэрийг шууд л зөвшөөрч билээ. Аав минь 20-тойдоо компаниа байгуулж байсан юм. Тиймээс надаас өөрийнх шигээ залуу насны хүсэл зориг олж харсан байх. Харин ээж минь багадаа аавыгаа алдсан болохоор өөрийнхөө хүчинд найдаж амьдрах нь тун тустай амьдралын хэв маяг гэдгийг ойлгодог хүн. Тэд “Амьдрал нүд ирмэх зуурт л дуусна. Тиймээс боломж байгаа дээр хийхийг хүссэн зүйлээ хийх хэрэгтэй” гэж хэлдэг юм.

 

-Өмнө нь Оскарын шагнал авах талаар бодож байв уу?

 

-Би бага байхдаа хүүхдийн гэнэн бодлоор Оскар авч чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ үнэхээр авчих юм чинээ найдаж яваагүй шүү.

 

-Гэсэн ч та аль хэдийн их амжилтад хүрчээ. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

 

-Энэ бүхэн ид шидийн юм шиг бүгдийг өөрчлөхгүй шүү дээ. Хайртай хүмүүстэйгээ хамт, миний амьдрал үргэлжилсээр л байна. Чиний хэн байсан, юу туулж ирснийг одоогийн олсон бүхэн чинь өөрчилж чадахгүй гэж боддог. Тиймээс цаашид амжилт, карьер хөөхөөс илүү дуртай зүйлдээ цаг гаргаж, орчин тойрон, байгаль дэлхийтэйгээ ойрхон байхыг хичээх болно.

 

М.Янжиндулам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)