Н.Батсүх: Манай улс нутгийнхаа хойд цэгт төвлөрсөн усны ганцхан их нөөцтэй

 

-ГЭХДЭЭ МАНАЙД УСНЫ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА-
 

        Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер, газарзүй болон геологиминералогийн ухааны доктор Найдангийн Батсүхтэй уулзаж ярилцлаа. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул тэрбээр Монгол Улсад гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбарыг анхан үүсгэн байгуулагчдын нэг. 1967 онд МУИС-ийн Геологигеографикийн салбарын Ерөнхий геологийн танхимд багшаар томилогдсоноос хойш их, дээд сургууль, боловсролын салбарт тасралтгүй 50 шахам жил багш, тэнхимийн эрхлэгч, декан, тэргүүлэх профессороор ажиллаж явна. Түүгээр ч зогсохгүй Батсүх багш гидрогеологи, инженер геологи мэргэжлийн анхны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж Монгол Улсад 1973-1974 оны хичээлийн жилээс гидрогеологи, инженер геологийн дээд мэргэжилтэн бэлтгэх анхны элсэлт авч, түүний удирдлага дор 1978 онд гидрогеологийн танхим байгуулагдан анхны эрхлэгчээр нь өөрөө ажилласан түүхтэй.

 

Өөрөөр хэлбэл, Н.Батсүх багшийн санаачлагаар, гидрогеологи, геоэкологи, инженер геологи мэргэжлээр мэргэжилтэн шинээр бэлтгэх болсон бөгөөд өдгөө гидрогеологи, инженер геологи, геоэкологи гэсэн гурван мэргэжлээр дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна.

 

Монгол Улсад анхлан үндэс суурийг нь тавьсан энэ мэргэжлээрээ тэрбээр өдгөө олон зуун инженер бэлтгэн гаргаж, эх орныхоо өнцөг булан бүрт илгээсэн чадварлаг эрдэмтэн билээ.

 

Түүний шавь нараас цухасхан дурдахад УИХ­ын гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжав, “Голомт” банкны захирал асан Д.Баясгалан нарын олон хүн бий. Түүнчлэн Батсүх багш Д.Батмөнх, Д.Оюун, Г.Цэрэнжав, У.Борчулуун, Д.Доржсүрэн, М.Мягмаржав, А.Түвдэндорж, Ч.Жавзан, П.Хөхөө нарын “усны” гэх тодотголтой нэрт эрдэмтэн, багш нарыг өлгийдөн авч ажил, амьдралд нь чиглүүлсэн ачтан.

 

Эх орондоо салбарынхаа чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх завгүй их ажлынхаа хажуугаар 150 гаруй оюутны дипломын төсөл, 30 шахам магистр оюутны төгсөлтийн ажлыг удирдаж амжилттай төгсгөснөөс гадна мэргэжил нэгт нөхөд нь түүнийг гидрогеологийн салбарт номер нэг эрдэмтэн болохыг хүлээн зөвшөөрдөг юм билээ. Дэлхийд гидрогеологийн шинжлэх ухааныг амьдралын анхлан үүсгэгч гэх төдийгүй энэ нь улмаар чандмань эрдэнэ хэмээгддэг устай холбогддог юм. Монгол Улсад усан хангамжийн 90­ээс дээш хувийг зөвхөн газар доорх усаар хангаж байгааг онцлоход Н.Батсүх багшийн хөгжүүлж, хөгжүүлэхийг зорьж буй гидрогеологийн шинжлэх ухаан ямар их ач холбогдолтой болох нь хэн хүнд ойлгомжтой. Жишээлбэл, барилга байгууламж болон уул уурхайн төлөвлөлтийн анхны суурийг инженер геологийн судалгаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой өнөө үед үүнийг хэрэгжүүлэх үндсийг инженер геологи, геоэкологийн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа баталгаажуулдаг юм. Ингээд ажил үйлсийн намтар баян түүхтэй буурал эрдэмтний ертөнцөөр уншигчидтайгаа хамтдаа аялая.

 

-Сайхан хаваржиж байна уу. Танд удахгүй болох Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэе. Энэ тэмдэглэлт өдрийг олон бүтээл туурвин угтаж байгаа гэж сонслоо. Туурвисан бүтээлээсээ танилцуулна уу?

 

-Баярлалаа. Цэвэр агаар, цэнгэг ус хоёр хүний амьдралд асар их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хүн төрөлхтөн тэр тусмаа НҮБаас жил бүрийн гуравдугаар сарын 22­ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг манай орон жил бүр усаа хайрлах, гамнах, хамгаалах чиглэлээр тодорхой сэдвийн дор өргөн тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд ШУТИСийн зүгээс оюутнуудынхаа дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаас гадна эрдэмтэн багш нар маань ном бүтээл туурвиж бэлэг барилаа. Миний хувьд хоёр ном өлгийдөн авсан. Өөрийн бүтээлээр “Хорвоод ганцхан Батсүх” гэдэг номыг гаргасан бол ажлынхаа үүх түүхээр “Миний босгосон оюунлаг суварга” бүтээлээ туурвиж дуусгалаа. Энэ номдоо Монгол Улсад гидрогеологи, инженер геологич мэргэжилтэн бэлтгэж ирсний 44 жилийн түүхэн замнал болон амжилт, бэрхшээлийнх нь тухай өгүүлсэн. Монголд ганцхан манай сургууль л энэ төрлийн мэргэжилтэнг өнөөг хүртэл дангаараа бэлтгэж байна. Энэ бүх он цагийг өртөөлөн туулсан түүхэн замналаа эл номдоо багтаалаа. Яагаад гэвэл манай залуу багш, инженерүүд сургууль байгуулсан түүх, хөгжиж ирсэн замнал зэргийг тэр бүр сайн мэдэхгүй байна. Тэгээд л бүх шавь нарынхаа дэмжлэгээр энэхүү түүхэн номоо өлгийдөж авсандаа сэтгэл хангалуун байна. Ер нь 44 жилийн хугацаанд бид 570 инженерийг бэлтгэн гаргажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ШУТИС гидрогеологи, инженер геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш 44 жил буюу тун удахгүй хагас зуун жил болох гэж байна. Миний бие энэ ажилд анхлан оролцсон учраас өөрийнхөө өсгөсөн салбараа “Миний босгосон оюунлаг суварга” гэж нэрлэсэн юм. Манай сургуулийг төгссөн 570 инженер мөн л багш биднийхээ хувьд оюунлаг суварга шүү дээ.

 

-Таны гурав дахь ном ямар чиглэлээр өрнөх вэ. Ер нь танай сургуулийн бэлтгэсэн инженерүүд улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа нь лавтай. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Энэ онд би гурван ном бичихээр төлөвлөсний хоёр нь ийн олны хүртээл болж байна. Удахгүй хэвлэгдэх гурав дахь номдоо Монгол орны газар доорх усны нөөц, түүний хэрэглээний тухай өгүүлнэ. Мөн булаг болон уурхайгаас илэрсэн усыг хэрхэн зайлуулж, ашиглаж байгаа талаар бичих төдийгүй хэрэглэсэн усаа яаж эргүүлж ашиглах тухай ч багтах юм. Энэ бүгдийн талаар бид нэлээд ярьдаг ч бага зүйл сэдэн хийж байна. Уул уурхайн үйлдвэрт уурхайгаас зайлуулсан усаа эргүүлэн өөрийн үйлдвэрийн технологид хэрэглэж байна уу гэхээс биш бусдаар хэрэглэсэн усаа ашиглахгүй байгаа. Энэ мэтээр усны хэрэглээний талаар яривал цаг их орох юм. Харин манай сургуулийн бэлтгэсэн ихэнх инженер эх орныхоо өнцөг булан бүрт газрын хэвлийн усыг эрж хайх, бүх төрлийн барилга байгууламжийн геологийн нөхцөл, инженер хайгуул болон байгаль орчны экологийн төлөв байдлыг судлах зэрэг ажилд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явна. Тухайлбал, шавь нарын маань 100­ гаад нь хувийн хэвшлийн компанийг толгойлон энэ чиглэлээр дагнан ажиллаж, мэргэжлийн судалгаа хийж, дүгнэлт гарган амжилттай ажиллаж байна. Түүнчлэн манай төгсөгчдийн олсон, хайсан газар доорх усны 200 гаруй орд бий болжээ. Энэ ордын ихэнх нь эдийн засгийн эргэлтэд орж манай орны эдийн засаг хөгжих гол хүчин зүйл болж байна. Монгол Улс жилдээ 500 гаруй сая тонн ус газрын хэвлийгээс олборлодог. Хамгийн их хэмжээний эрдэс баялгийн ундрал бол ус юм. Тэр усыг олдог, хайдаг, нөөцийг тогтоодог мэргэжилтнүүд бол гидрогеологич инженерүүд юм. Өөрсдийн ололт амжилт, амьдралаараа эх орныхоо хөгжлийн хамгийн чухал, үйлдвэрийн түүхий эд болдог усаар хангах энэ салбарт хүчин зүтгэж байна гэж хувьдаа би ойлгодог. Монгол орон жилд хэрэглэж байгаа хэрэглээний усны бараг 90­ээд хувийг газрын хэвлийн усаар хангаж байна. Энэ бүгдийг хэн хайдаг, олдог, судалдаг юм гэхээр манай сургуулийг төгссөн төгсөгчид юм. Тэгэхээр гидрогеологич гэдэг нь усны геологи гэсэн үг. Гидрогеологичид хэдийгээр газрын хэвлийн усыг судалдаг ч гадаргуу дээрээ ажилладаг. Ажил, мэргэжлийнхээ энэ бүх онцлогоор бид бахардаг. Тиймдээ ч Дэлхийн усны өдөр буюу гуравдугаар сарын 22­ны өдрийг бид бүхний баяр гэж хүлээн авч, ихээхэн ач холбогдол өгдөг юм.

 

 

-Манай улсыг усны нөөц багатай гэж ярьдаг юм билээ. Энэ ч утгаараа ус тулгамдсан асуудлын нэг гэж үздэг? ­

 

-Тийм ээ, усны нөөц багатай орны тоонд манай орон ордог. Тодруулбал, манай орны ихэнх усны нөөц буюу 68 хувь нь Хөвсгөл далайд байдаг. Нутгийнхаа хойд цэгт ганцхан төвлөрсөн нөөцтэй гэж ойлгож болно. Өргөн уудам нутагтай учраас төвлөрсөн газрынхаа усыг ашиглах боломж хомс. Тиймээс бид газрын хэвлийнхээ усыг хайх хэрэгтэй. Гэхдээ газрын хэвлийн ус алаг цоог тархалттай. Манай орны геологийн тогтоц ус агуулах шинж чанартай чулуулгаар хомсхон. Геологичдын судалгаанаас үзэхэд Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь хадан чулуулаг тархацтай. Ус хуримтлуулах бололцоо муутай төдийгүй нүх сүв, ан цав хомсхон, тунамал чулуулаг тархсан талбай бага. Зөвхөн говь, талын бүс рүүгээ тунамал чулуулаг нь тархсан геологийн тогтоцтой орон юм. Говийн бүсэд усны ууршилт их учраас шууд аваад хэрэглэх нь бас ховор ч устай гэгддэг. Гол нь тэр усыг бид боловсруулж хэрэглэх ёстой. Энэ бүс нутгийн ус давс, эрдэс, хатуулаг ихтэй байдаг. Үүнээс харахад байгалиас шууд аваад хэрэглэхэд тийм ч тохиромжтой бус гэж болно. Эрүүл ахуйн хувьд түүнийг боловсруулах шаардлагатай гэсэн үг. Өнөөдөр Оюутолгойн уул уурхайн томоохон баяжуулах үйлдвэр Гүний хоолойн газар доорх усаар хангагдаж байна. Гэхдээ үүнийг боловсруулж, хэрэглэж байна. Шууд хэрэглэхэд бас л төвөгтэй. Ер нь тулгамдсан асуудал гэвэл өргөн уудам нутагтай манай орны хувьд усны судалгааг харуулсан 1:500.000­ын хураангуйллын зураглал хийсэн байдаг. Энэ зураглал орчин үед шаардлага хангахгүй байна. Тиймээс энэхүү хураангуйллын зураглалыг бүр томруулж гидрогелогийн зураглал үйлдэх хэрэгтэй. Ийм зураглал хийх геологийн үндэс суурь нь аль хэдийнэ бий болчихсон болохоор цаг алдмааргүй байна. Нөгөөтэйгүүр манайхан усыг хэрэглэхдээ газар доорх усыг их бохирдуулдаг. Тэгэхээр усны нөөц, баялаг гэж юу болох, хэрхэн ашиглах, хамгаалахаа нийтээрээ мэддэг байх нь чухал юм. Усны нөөц, баялаг гэдэг нь тоо, чанар хоёртоо байдаг. Бид хэрэглэсэн усаа бохирдуулаад байгаа нь нөгөө хэрэглэж болох цэвэр усныхаа нөөц баялгийг улам л хомсдуулаад байгаа хэрэг. Энэ нь тун харамсалтай үзэгдэл. Мөн усыг хэрхэн бохирдуулж байгаа талаарх судалгаа их бага байна. Зөвхөн Туулын ай сав газар гэдэг ч юм уу Улаанбаатарын хэмжээнд багахан судалгаа хийдэг. Өөр бусад, ялангуяа манай орны мал сүргийг ундаалж байгаа усны чанар найрлагын талаар хийсэн дорвитой судалгаа байхгүй. Мал цэвэр ус ууж байвал бид түүгээрээ дамжаад малын цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой. Энэ бол хамгаас чухал асуудлын нэг юм. Өнөөдөр газар сайгүй уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж, хөрс чулуулаг, химийн бодисоор хордож эвдэрсний улмаас ус ихээр бохирдож байгаа. Тиймээс бохирдсон усыг мал, малчид хэрэглээд байвал янз бүрийн өвчин үүсэх магадлал өндөр болно. Бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мах, сүү химийн бодисоор бохирдоод ирэхээр бид яаж эрүүл амьдрах билээ. Хэрэглээ маань өөрөө химижиж байгаа гэсэн үг. Аюул нь их учраас, харамсаад барамгүй. Энэ талын судалгаа манайд мөн л хомс. Усны нөөц хомсдож, усны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед үүнийг хянадаг мониторингийн сүлжээ алга. Уг нь үүнийг бид яг таг хянаж байх ёстой. Эхлэл төдий байгаа ч дорвитой үр дүнд хүрсэн зүйл одоогоор алга. Түүнчлэн газрын хэвлийн усны судалгааны ажилд харьцангуй бага мөнгө зарцуулж байна. Төрөөс энэ ажилд жилд 200­300 сая төгрөг өгдөг. Энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. Өчүүхэн төдий газарт усны хайгуул хийж, цөөн хэдэн худаг гаргах ажлыг л хийж байна. Тэгэхээр Галбын говь тэр дундаа Гүний хоолойд Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэдэн тэрбум төгрөг зарж байж нөөц ихтэй усны ордыг олсон. Бид говийн бүсэд тийм хэмжээний усны нөөцийг олох боломж байна уу гэвэл байгаа. Хамгийн гол нь судалгаа хийхдээ хөрөнгө зарах хэрэгтэй. Хөрөнгө зарахгүйгээр усны нөөцийг олох боломжгүй. Төвлөрсөн хэмжээнд, тодорхой талбайд ихээхэн мөнгө зарж байж тийм хэмжээний ус олох хэрэгтэй.

 

-Мал, малчдын усны гол хэрэглээг хангадаг гар худгийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Малчид болон мал сүргийн 60 хувийн усны хэрэглээг гар худгаас хангаж байна гэдэг? ­

 

Танай сонинд саяхан “Гар худаг ганцхан малчны асуудал биш” нэртэй асуудал дэвшүүлсэн сонирхолтой материал нийтлэгдсэнийг уншиж, мэргэжлийн хүний хувьд ихээхэн олзуурхлаа. Тэр нийтлэл надад эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвих эхлэлийг өдөөж өгснийг нуугаад яахав. Гар худаг бол малчин, малын ундааны эх үүсвэр төдийгүй ус нь бага гүнд байдаг. Газрын хэвлийн усыг ашиглах үүднээс малчид өөрсдийнхөө хүчээр гаргасан нэг ёсондоо инженерийн байгууламж юм. Өнөөдөр уур амьсгалын дулааралтаас болж газар доорх усны төвшин доошилж, ууршилт нэмэгдэж байгаа. Үүний улмаас гар худгийн усны төвшин доошилж таарна. Ундарга нь багасч, зарим үед гар худаг усгүй хуурай болох талтай. Өнөөгийн байгаль, цаг уурын зүй тогтол энэ юм. Тэгэхээр 50­60 метрийн гүнтэй инженерийн хийцтэй худаг гаргаж байна. Инженерийн хийцтэй худгийн ашиглалтын зардал их өндөр. Энэ тохиолдолд эргээд гар худгийн асуудал их чухалд тооцогдож байгаа юм. Гэхдээ одоо ашиглаж байгаа гар худгаа малчид муу хамгаалж байна. Ариун цэврийн хувьд хамгаалж, тордсон зүйл хангалтгүй учраас бохирдоно биз дээ. Гар худагт олборлож байгаа усны ихэнх малын ялгадсаар бохирдсон гэдэг. Цаашлаад янз бүрийн химийн бодисын бохирдол нэмэгдэнэ. Энэ бүгд эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр гар худгийг зөв ашиглах хэрэгтэй.

 

-Та Монголд усны зах зээл, бодлого менежментийг хөгжүүлэх талаар юу хийгээсэй гэж хүсдэг вэ. Зарим мэргэжилтэн Монголд усны зах зээл үгүйлэгдэж байна гэх зэргээр олон асуудал дэвшүүлэн ярьдаг? ­

 

Энэ талаар би чухал хэрэгцээтэй хоёр л зүйлийг хийгээсэй гэж хүсч байна. Нэгдүгээрт, улсын хэмжээнд гарч байгаа газар доорх усны талаарх судалгааны бүх мэдээллийг нэг газар төвлөрүүлж эрдэмтэн судлаач, оюутан залууст нээлттэй ашиглуулдаг болгомоор байна. Гэвч өнөөдөр энэ талаарх мэдээлэл гурван өөр газар төвлөрч байна. Хоорондоо ямар ч уялдаа холбоо алга. Геологийн фондод 2000 он хүртэлх мэдээлэл байлаа гэхэд БОАЖЯ­нд 2000 оноос хойших газар доорх усны талаарх мэдээлэл хадгалагдаж байх жишээтэй. Түүнчлэн ХХААХҮЯ­нд нэг хэсэг мэдээлэл бий гэх. Тэгэхээр гурван өөр газар байгаа энэ мэдээллийг мэргэжлийн хүмүүс ашиглах боломжгүй болчихоод байгаа юм. Юу гэхлээр мэргэжлийн хүний хувьд энэ бүх мэдээллийг нэгтгэж, судалдаг тийм нэгж байхгүйд харамсдаг. Өөрөөр хэлбэл, гурван газар тарсан энэ бүх мэдээллийг бөөгнүүлж, түүн дээр ажилладаг, судалгаа хийдэг эрдэм шинжилгээний нэгж, сүлжээ бий болоосой. Тэгвэл бид хүнээ бэлтгэмээр байна. Мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг манай сургуульд зөвхөн дөрөв эсвэл зургаан жил магистрын төвшинд мэргэжилтэн бэлтгэн гаргахыг хэлэхгүй. Залуусаа бид дадлага хийлгэж, нэгдсэн тоо баримтыг судлуулж, уншуулж, бичүүлэх хэрэгтэй биз дээ. Ингэхгүй зөвхөн багш нараар онолын хичээл заалгаад хангалттай хэмжээнд сурч чадахгүй. Сүүлийн арваад жил манай гидрогеологийн чиглэлээр нэг ч хүн эрдмийн зэрэг хамгаалсангүй. Гэсэн ч манай сургуульд докторантурт сурч байгаа хүн олон байна. Гол учир гэвэл судалгааны нэгдэж төвлөрсөн мэдээлэл байдаггүй, авч болдоггүй төвөгтэй байдал энэ бүхэнд нөлөөлж байгаа юм. Нөгөөтэйгүүр судалгааны ажлыг үйлдвэр болон компанийн захирал, ерөнхий инженер ажилдаа төвлөрөөд хийж чадахгүй цалгардах явдал ажиглагддаг. Судалгааны ажлыг эрдэм шинжилгээний байгууллага болон их, дээд сургуульд ажиллаж байгаа мэргэжлийн хүн л хийх боломжтой. Үйлдвэр дээр ажиллаж байгаа мэргэжилтэн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ашиг орлого л хөөнө биз дээ. Тухайлбал, яаж төсөл бичиж, тендерт оролцон ялж хэдэн төгрөг олох вэ гэж бодно. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох, бүтээл, ном бичих зэргээс хол хөндий юм. Нуулгүй хэлэхэд, өнөөдөр манай амьдрал ийм л байна. Энэ ч утгаараа усны мэдээллийн нэгдсэн сүлжээ үгүйлэгдэж байгаа юм. Түүнчлэн монголчуудад газрын хэвлийн усны талаарх мэдлэг маруухан байна даа. Хэдийгээр нэг шинжлэх ухааны далбаан дор явдаг ч газрын хэвлийн усыг гидрогеологич мэргэжил эзэмшсэн хүн мэднэ үү гэхээс өөр хүн мэдэхгүй.

 

-Ингэхэд та шавь нартаа юу захиж, зөвлөдөг вэ. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн харилцаа муудаж, хүн чанар алдарч, хэлсэн үг нь цаг ямагт өөрчлөгддөг болсон гэх юм. Тиймээс та эзэмшсэн мэргэжилдээ 50 шахам жил үнэнч байхад тусалсан ажлын тань зарчим юу байв? ­

 

Би өөрөө их зарчимч хүн. Хэн хүнийг дагаад “хийсээд” байдаггүй зантай. Аливаа зүйлд өөрийнхөөрөө л ханддаг. Мөн өөрийнхөө, хүний хөдөлмөрийг ч үнэлж чаддаг байх ёстой гэж үздэг. Түүнчлэн миний шавь нар манай орны усны инженер хайгуул, экологийн салбаруудад ажиллаж байна. Зарим нь төрийн албанд зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, төгсөгчид бүгд ажилтай, амжилттай явж байгаад багш хүний хувьд маш их баярладаг. Монголд хийж байгаа газар доорх усны судалгааг манай сургуулийг төгссөн, Монголдоо гидрогеологийн мэргэжил эзэмшсэн инженерүүд хийж байна. Өнөөдөр инженер геологийн 20 гаруй компани бий. Төмөр замын төслөөс авахуулаад бүх л барилга байгууламжийн барих газрын геологийн нөхцөлийг судлах ажлыг тэд хийдэг. Шавь нарынхаа хийж, бүтээж яваа зүйлийг хараад тэднээрээ бахархах сэтгэл төрдөг. Энэ ч утгаараа би шавь нартаа мэргэжилдээ үнэнч байж, өөрийгөө ямагт боловсруулан, шударга ажиллах ёстойг ухааруулдаг даа. Шавь нарынхаа амжилттай ажиллаж байгааг харна гэдэг багш хүний хувьд жаргал юм. Би энэ л жаргалыг шавь нарынхаа ажил, үйлсээр мэдэрч яваадаа өөрийгөө азтайд тооцдог.

 

Б.Даариймаа

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.176.96)

    2017-03-21

    eiin oliin

  • Hariu (103.10.21.48)

    2017-03-21

    Hyataduud baigal nuuriin usiig mongoloor damjuulj 1000km chanh uragshaagaa gan bolj bui zugruugee hooloigor tataj avah tuhai orostoi yariltsaj bna ene manai ornii eko systemd herhen nolooloh yum boldoo manaih chine hamag usaa baigal dalai ruu yulchdeg bizdee