Д.Болд: Алт олборлолтыг жилд тогтвортойгоор 2-3 тонноор нэмнэ

        УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Болдоос цөөн асуултанд хариулт авлаа. 

 

-Сүүлийн жилүүдэд манай улс алт олборлолтыг нэмэгдүүлнэ гээд яриад байгаа. Энэ чиглэлийн боломж бололцоо хэр нь байна вэ?

 

-Ер нь өнгөрөгч онд их хэмжээний алтыг  Монголбанкинд тушаасан. Үүн дээрээ үндэслээд жилд тогтвортойгоор 2-3 тонн алт олборлолтыг нэмье. Мөн хууль  эрх зүйн орчин дотроо хайгуулын болон ашигт малтмалын зөвшөөрөл авах аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлье. Тэр  дундаа нөөц нь батлагдсан, алтны А лицензтэй аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг шийдэх юм. Түүнчлэн  хайгуулаар тухайн талбайд ажилладаг аж ахуйн нэгжүүдийг мөн л тодорхой хэмжээгээр үйл ажиллагаанд нь  дэмжлэг үзүүлэх зорилгоор “Алт 20” хөтөлбөрийг батлуулсан даа. 

 

-Хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хэр нэмэгдэж байна вэ?

 

-Монгол Улс болон Канад улс  хоёр газар зүйн болон цаг уурын хувьд төстэй. Бид геологийн судалгаа юмуу хайгуулын судалгааны ажилдаа Канадын технологи шинэ дэвшилд инновацийн асуудлыг нэвтрүүлье. Мөн хоёр улсын Засгийн газар хооронд монгол орны эрдэс баялгийн салбар геологи хайгуулын ажлыг дэмжих зорилгоор 20 орчим сая ам.долларын дэмжлэг үзүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжиж байгаа. Мөн уул уурхай геологи газрын тосны чиглэлээр Канад улсаас томоохон төсөл хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд технологи болон боловсон хүчнээ бэлтгэж сургах гэсэн байр суурьтай байгаа. 

 

-Өнөөдөр хичнээн байгууллага хайгуулын ажил хийж байна вэ?

 

-1950 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Яг аж ахуйн нэгжээр нь нарийвчилж хэлэх боломжгүй  байна. Гэхдээ яамнаас аль болох хайгуулын ажлыг үр дүнтэй явуулах, жил бүр ажлын хэсэг гарч, тодорхой гомдол гарсан, асуудал үүсгэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл дээр очиж шалгалт хийдэг. Үр дүнгээр нь ямар түвшинд ажил хийж байна вэ, үйл ажиллагааг нь явуулах уу, цуцлах уу гэдэг шийдвэрийг гаргадаг. 

 

-Геологи хайгуулын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна уу?

 

-Ерөнхийдөө хайгуулын тоо арай багассан байна. Учир нь хөрөнгө оруулагчдын тоо цөөрсөн. Гэхдээ 2020 он гэхэд нэлээн эрчимтэй өсөх болов уу гэсэн хүлээлт бий. Өнөөдөр ашигт малтмалын эрдсийн үнэ бага байгаа учраас геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт багассан. Гэхдээ сүүлийн гурван жил нэг түвшинд явагдаж байгаа. 

 

Б.Цэлмэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)