Хаягдал ус бол саарал алт

 

 -Дэлхийн улс, орнуудын саарал усны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, харин манайх эхэлж байна-

 

 

        Дэлхийн өнцөг булан бүрт өчигдөр “Цэнхэр алт”-аа хайрлах, гамнах, дахин ашиглах асуудлаар тус салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжлийнхэн хэлэлцэж, зөвлөлдөж, “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. 1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш Дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн. Тэгвэл 2017 оны Дэлхийн усны өдрийн уриаг НҮБ-аас “Хаягдал ус” хэмээн зарласан бөгөөд манай улс эл өдрийг “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэлээ. Энэ өдрийн хүрээнд усны үнэ цэнэ, ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчин өдгөө ямар байгаа, усыг дахин ашиглахтай холбоотой бусад асуудлуудын талаар эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагынхан “Хаягдал ус-нөөц баялаг” сэдэвт форум зохион байгуулсан юм. 

 

Д.Оюунхорол: Дэлхий нийтийн жишгийн дагуу усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх менежментийн бодлого баримталж байна

 

Форумын нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Юуны өмнө амь амьдралын эх булаг, чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглахад хүч хөдөлмөрөө зориулж ирсэн усны салбарын үе үеийн эрдэмтэн судлаач, алба хаагчдад “Дэлхийн усны өдөр”-ийн мэндийг БОАЖЯ-ны нэрийн  өмнөөс дэвшүүлье. НҮБ-аас 2017 оны “Дэлхийн усны өдөр”-ийн уриаг “Хаягдал ус” хэмээн  зарласан.  Манай улс  эл өдрийг “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэж байна. Бидний өвөг дээдэс үеийн үед чандмань эрдэнэ болсон усны үнэ цэнийг юугаар ч сольшгүй баялаг хэмээн тодорхойлж, усаа бохирдуулахгүй, ариун тунгалаг байлгахыг эгнэгт эрхэмлэж, усны эх булгийг онцгойлон хамгаалж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Өвөг дээдсийнхээ мөрдөж ирсэн энэ сайхан ёс заншил, уламжлалаа  өнөөгийн нөхцөлд баяжуулан хөгжүүлж, бодлого болгон хэрэгжүүлэх нь өнөөдөр иргэн бүрийн журамт үүрэг юм. НҮБ-аас “Дэлхийн усны өдөр”-ийн энэ жилийн уриаг “Хаягдал ус” гэж зарласан нь ч учиртай. Хаягдал ус нь өөрөө дахин ашиглагдах боломж бүхий “нөөц баялаг” болж байгааг дэлхийн олон орны туршлагаас харж болно.  Бид хаягдал усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах шинэ дэвшилтэт техник, технологийг эрчимтэй нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хэрэгжүүлэх цаг нь болсон” гэсэн юм. Харин ус ашиглахтай холбоотой хууль, эрх зүйн орчин өдгөө ямар байгаа талаар болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэзээ бүрэн хэрэгжиж эхлэх талаар “Бид дэлхий нийтийн жишгийн дагуу усны нөөцийг сав газраар нь хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх менежментийн бодлого баримталж байна. Энэ нь сав газрын эхэн, дунд хэсэгт амьдарч буй иргэд нь адаг хэсэгт амьдарч буй иргэдийг хохироож болохгүй, бохирдуулагч нь төлөх ёстой гэсэн зарчим юм. Хаягдал усыг эргүүлэн ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн хаягдал усыг эргүүлэн ашиглах боломжтой байдлаар ТЭЗҮ, зураг төслийг нь боловсруулан энэ ондоо багтаан шинээр байгуулах, шинэчлэх ажлыг эхлүүлэхээр гэрээ хэлэлцээрийн  төвшинд  байна” гэсэн юм. 

 

Л.Эрдэнэбулган: Үерийн усаа хуримтлуулан усны нөөцөө нэмэгдүүлж, ирээдүйн усны хэрэгцээг гадаргын усаар хангах, шилжүүлэн ашиглах шаардлага тулгарч байна

 

Мөн “Усны нөөц ба хаягдал усны хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Л.Эрдэнэбулган “Монгол орны усны нийт нөөцийн сүүлийн 40 жилийн судалгаанаас үзвэл жил тутам дунджаар 564.8 шоо км байдаг ба үүний 82.5 хувь буюу 500 шоо км  нь нуурын, 6.1 хувь буюу 34.6 шоо км  нь гол мөрний, 3.4 хувь буюу 19.4 шоо км  нь мөнх цас, мөсөн голын, 1.9 хувь буюу 10.8 шоо километрийг газрын доорх ус эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уур  амьсгалын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөц ихээхэн буурч байна. Хотжилт, үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээ эрс нэмэгдэж байгаагаас  Улаанбаатар хот болон говийн бүсийн томоохон ордуудад усны нөөц дутагдах хандлагатай байна. Иймээс бид үерийн усаа хуримтлуулан, усны нөөцөө нэмэгдүүлж ирээдүйн усны хэрэгцээг гадаргын усаар хангах, шилжүүлэн ашиглах шаардлагатай байна.  Дэлхий дээр 5.5 тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500 сая орчим цэвэр ус ашиглаж, 470-аад сая шоометр бохир ус гаргаж байна. Монгол орноо цэвэр цэнгэг устай нь, онгон сайхан байгальтай нь үлдээхийн төлөө ухаант хүн бүр өөрсдөөс шалтгаалах бүхнийг чин сэтгэлээсээ хийж, өдөр тутмын хэрэглээндээ чандмань эрдэнэ болсон усаа хэмнэх, ариг гамтай ашиглах ахуйн соёл, дадал заншлыг хэвшүүлэхийг иргэддээ уриалж байна” гэсэн юм. 

 

М.Энхжаргал: Хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашигласанаар цэвэр усны нөөцийг хэмнэх боломж их байна

 

Форумын үеэр хаягдал усыг дахин ашиглаж, шинэ техник технологийг хэрэглээндээ нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн гаргаж, өөрсдийн технологи, ололт, амжилтаа усны салбарынханд танилцуулсан юм. Энэ үеэр хаягдал усыг цэвэршүүлэн үр ашигтай зарцуулж, бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэр жишээ болж байгаа М-Си-Эс Кока-Кола компанийн Байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер М.Энхжаргал “Манай компанийн бизнесийн гол үндэс нь ус. Иймд бизнесийнхээ үндэс болсон усыг хамгаалах хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ бол Хүнсний үйлдвэрүүд дундаас хамгийн анхны хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2015 онд ашиглалтад оруулсан явдал юм. Манай Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж нь хоногт 2000 шоо метр хаягдал усыг биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлж байна. Хаягдал ус цэвэрлэх байгууламжаас гарсан ус нь Монгол Улсын Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн бохир усны стандарт болох MNS 4943:2015 стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлсэн ус юм. Бид энэ усаа “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –д Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, зам талбай угаалтанд өгч байгаа ба Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Гал унтраах хэлтэст ой хээрийн түймэр унтраахад өгөхөөр болсон. Мөн бид өөрийн үйлдвэрийн ногоон байгууламжийн усалгаа болон түгээлтийн машинуудаа угаахад ашиглаж байна” гэлээ. 

 

 

Б.Энхмарт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)