Пак Гын Хэ 30-45 жилийн ял авч магадгүй

 

        БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өнгөрсөн мягмар гаригт прокурорын газарт очиж, 14 цагийн турш мэдүүлэг өгч, долоон цаг орчим өгсөн мэдүүлэгтэйгээ танилцсан тухай “Кoreatimes” мэдээлжээ. Пак Гын Хэ Сөүлийн төв дүүрэгт байрлах прокурорын байранд өглөө 09.30 цагт очсон бөгөөд оройн 11.40 цагийн үед мэдүүлэг авах үйл ажиллагаа дууссан байна. Пак Гын Хэгийн дэмжигчид прокурорын газрын үүдэнд мэдүүлэг авах ажиллагааг дуустал хүлээж байжээ. Зарим нь Солонгосын тугийг барьж, “Бүх зүйл худал. Түүнд ямар ч буруу байхгүй” гэж хашгирч байв. Хэсэг дэмжигч Пакийн гэрийн урд жагссан байна. Прокурорын байраас гарч ирсэн Пак Гын Хэ сэтгүүлчдийн асуултад хариулаагүй ажээ. Мэдүүлгийн явцад түүнийг буруутгасан хэргүүдэд холбоогүй гэдгээ мэдүүлсэн хэмээн “Koreatimes” мэдээлжээ. Пак Гын Хэг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд эдгээр хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд юм. Эдгээрээс хамгийн ноцтой нь Чой Сун Шил “Самсунг” компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг юм. “Самсунг” компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юнь корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн гэгдээд байгаа юм. Пакийг буруутгаж байгаа зүйл ангиудаар ял төлөвлөх юм бол 45 жилийн хорих ял авна хэмээн хуульчид тооцжээ. Сөрөг хүчин болох Ардчилсан намын шүүгч Беом Ки твиттер хуудастаа “Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд хамгийн багадаа 30 жил, зарим зүйл анги нэмэгдвэл 45 жилийн хорих ял ногдоно” гэж бичжээ. “Самсунг”-ийн гүйцэтгэх захирал И Жэ Юнь өнгөрсөн зургаадугаар сараас холбогдоод байгаа юм. Түүний хувьд Чой Сун Шилийн Германд үйл ажиллагаа явуулдаг цаасны компанид 7.8 тэрбум вон буюу 6.8 сая ам.долларын хахууль өгсөн гэсэн хэрэг нэмэгдээд байгаа. БНСУ-ын хуулиар 35 тэрбум вон болон түүнээс дээш хэмжээний мөнгөн тэмдэгт хүлээн авсан тохиолдолд тус мөнгөн дүнгийн хэмжээг тав дахин нугалж улсад төлөх ёстой ажээ. БНСУ-ын прокурорын газрын мэдэгдэж буйгаар, Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 77.4 тэрбум воны авлигын хэрэгт холбогдоод буй аж. Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сун Шил Ерөнхийлөгчийн нэрийг ашиглан авлига авч байсан нь илэрсэн билээ. Тус хэрэг солонгосчуудын бухимдлыг төрүүлж, олон зуун мянган иргэн жагсч, Ерөнхийлөгч Пак Гын Хэг суудлаасаа огцрохыг шаардсан. Пак Гын Хэ өөрийн найз Чой Сун Шилд эрх мэдэл олгосноо хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан ч өөрийгөө гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ. Чой Сун Шилийг авлига болон хээл хахуулийн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд тэрбээр Засгийн газрын дэмжлэг өгөх нэрээр томоохон компаниудыг дарамталж, мөнгө авдаг байсан нь илэрсэн юм. Пак Гын Хэг түүнтэй үгсэн тохиролцсон байсан гэж үзэж байгаа ч хоёр эмэгтэй хоёулаа ямар ч буруугүй гэж мэдэгдээд байгаа. БНСУ-ын Тэтгэврийн сан болон бусад олон төр, хувийн хэвшлийн байгууллагууд Ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон авлигын хэрэгт холбогдоод байна. Тухайлбал “Самсунг”- ийн хувьцааг эзэмшдэг Тэтгэврийн сангийн тэргүүн Мүүн Хюн Пёог энэ долоо хоногийн эхээр эрх мэдлээ урвуулан ашиглан хахууль авсан хэргээр баривчлан мөрдөн байцаалт явагдаж байгааг прокуророос мэдэгдсэн. Түүнийг Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд байхдаа “Самсунг”- ийн өв залгамжлагчаас хахууль аван, дэмжлэг өгсөн хэмээн буруутгаад байгаа юм. Түүнчлэн “Лотте”, “SK” зэрэг БНСУын томоохон компаниудын удирдах ажилтнууд Пак Гын Хэд хахууль өгч байсанд сэжиглэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй талаар тус улсын прокурорын байгууллагаас мэдэгдсэн. Хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хэд хэдэн эрхмийг шалгаж байгаа. Бодлогын зохицуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ан Чон Бум, Ерөнхийлөгчийн туслах асан, Соёлын сайд Чо Юүн-сү, Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Ким Ки Чүн тэргүүтэй хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж байна. “Самсунг”-ийн удирдах албан тушаалтан авлигын хэрэгт холбогдон шалгагдаж, баривчлагдаж байгаа нь анхны удаа биш юм. Өмнө нь тус компанийн гүйцэтгэх захирал И Кун Хи хээл хахуулийн хэргээр нэг удаа яллагдан, хоёр удаа өршөөлөөр ялаас мултарч байсан тухай “CNN” агентлаг дурджээ. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч ийнхүү бүрэн эрх дуусгавар болоогүй байхад суудлаасаа огцорсон нь тус улсын түүхэнд төрийн тэргүүн нь хугацаанаасаа өмнө огцорч буй анхны тохиолдол болж байгаа юм.

 

Ц.Даваасамбуу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)