О.Ганцоож: Монголынхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө хичээнэ

 

        Балетын бүжигчин О.Ганцоож өнгөрсөн сарын 4-нд Өмнөд Солонгосын алдарт “Universal Ballet” компанитай гэрээ байгуулсан билээ. Тэрбээр Сөүлийн Үндэсний төв театрт ирэх сарын эхээр болох энэ жилийн анхны тоглолтод “Дон Кихот”-ын Базилийн дүрд тоглохоор болжээ. О.ГАНЦООЖ Өмнөд Солонгос улс дахь анхны тоглолтынхоо талаар “Newsis”сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

О.Ганцоож 2006 онд Д.Дашлхагва багшийн удирдлага дор Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр төгсч, ДБЭТ­т гоцлол бүжигчнээр ажиллажээ. Урлагийн карьераа анх 16 насандаа “Хунт нуур” балетад гоцлон бүжиглэснээр эхлүүлж байсан тэрбээр өнгөрсөн хугацаанд П.И.Чайковскийн “Хунт нуур”­ын Хан хүү, “Нойрссон гүнж”­ийн Дезире, “Щелкунчик”­ ийн Принц, Л.Минкусын “Дон кихот” Базиль, С.Прокофьевын "Ромео Жульетта"­ын Лоренцо ламтан зэрэг театрын тайзнаа тавьсан балетын гол дүрийг чадварлагаар бүтээж байсан юм. Мөн тэрбээр 2009 онд Английн хатан хааны нэрэмжит коллежийн төгсөх курст урилгаар суралцаж, балетын жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Монголын шилдэг гоцлол бүжигчдийн нэг болсон түүний амжилтыг үнэлж, 2010, 2011 онд ДБЭТ­ын шилдэг уран бүтээлч, 2010 онд “Мөнгөн мод” шагнал болон соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж байв. Монголын балетын хан хүү гэгддэг О.Ганцоож, эх орныхоо тайзнаа Английн Үндэсний Балетын гоцлол бүжигчин Лорета Самерскэйлстэй хамтран дэлхийн алдарт “Жизель” балетад гоцлон тоглож байлаа. Өнгөрсөн оны зургаадугаар сард ДБЭТ­ын бүжигчид Өмнөд Солонгост болсон олон улсын балетын "А" зэрэглэлийн “Kоrea International Ballet Competition” уралдаанд амжилттай оролцон, гоцлооч О.Ганцоож тусгай гурван шагнал хүртсэн. Үүний зэрэгцээ эрэгтэй бүжигчдийн хувьд хамгийн хэцүүд тооцогддог хоёр ч трюкийг маш сайн үзүүлж, агаарт гурван удаа эргэсэн үзүүлбэрийг нь тус тэмцээний шүүгчид ихэд үнэлж байсан удаатай. Түүний Монголын балетын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2016 онд төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасан юм.

 

-Алдарт “Universal Ballet” компанитай(UBC) гэрээ байгуулаад удаагүй байгаа ч энэ удаагийн тоглолтод гоцлохоор боллоо шүү дээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

 

­Энэ жилийн хамгийн анхны тоглолтоор “Дон Кихот” бүжгэн жүжгийн Базилийн дүрийг бүтээхээр боллоо. Уг жүжигт Монголд байхдаа хэд хэдэн удаа тоглосон. “Дон Кихот” нь чадварлаг бүжиг дэглээч Мариус Петипагийн хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг бөгөөд эрэгтэй бүжигчдээс ихээхэн чадвар шаарддагаараа онцлогтой. Миний хувьд өөрийхөө онцлогийг тусгасан, зөвхөн миний л бүтээж чадах Базилийг харуулахыг хүсч байна.

 

-Анх хэрхэн энэ компанид орохоор болсон юм бэ?

 

­Би их эртнээс “UBC”­д орохыг хүсч байсан. Энэ компанийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн бичлэгийг үзээд, их гайхалтай санагдсан юм. Гэсэн ч гадаад хэлний мэдлэг тааруухан болохоор шалгаруулалтад ороод, тэнцэж чадах эсэхдээ эргэлзэж байлаа. Гэхдээ эцэст нь тэнцэж чадсан. Миний хамгийн анхны гадаад дахь шалгаруулалт байсан ч шууд “тэнцсэн” гэсэн хариу аваад их гайхсан шүү. Шалгаруулалтын талаар өмнө нь Монголын төв театрт хамт ажилладаг байсан мэргэжил нэгт ахаасаа сонссон юм. Энэ бүхэн миний хувьд жинхэнэ гайхамшиг байсан.

 

 

-“UBC” компанид орохоосоо өмнө буюу өнгөрсөн жил Солонгост тэмцээнээр ирэх үеэрээ “LeeWongGuk Ballet” компанийн захирал И Вон Гүгийн нүдэнд өртөж байсан гэж сонссон? ­

 

Тийм ээ. Тэр үед нурууны гэмтлээсээ болоод чадвараа бүрэн гүйцэт харуулж чадаагүйдээ их харамссан ч И Вон Гүг захирал өөрийн компанийн бүжгэн жүжигт тоглох санал тавьсан. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сард “LeeWongGuk Ballet” компанийн “Цөмөөхэй” бүжгэн жүжигт урилгаар тоглосон юм.Энэ тоглолт миний хувьд маш том туршлага болж, Солонгост ажиллаж, амьдрах эхлэлийг тавьж өгсөн гэж боддог.

 

-Солонгос улсад ажиллах болсон онцгой шалтгаан бий юу? ­

 

Би шинэлэг олон зүйлд өөрийгөө сорихыг хүсдэг. Тиймээс аль нэг гадаад улсад гарахыг зорьсоор ирсэн. Өмнө нь АНУ, Япон, Герман зэрэг улс руу явах талаар сонирхож байлаа. АНУ­д болсон тэмцээний үеэр Солонгосын чадварлаг балетчидтай танилцсан юм. Тэр үеэс л Солонгосын балетын талаар сонирхох болсон. Мөн энэ улсад амьдарч үзэх бодол ч байв. Самгёбсал зэрэг хоолнууд нь амттайн зэрэгцээ юу юунаас илүү энэ улсын соёл их таалагддаг. (Инээв)

 

-Та багаасаа балетаар хичээллэсэн гэсэн. Энэ талаар сонирхуулна уу?

 

­Би багадаа хөдөлгөөнтэй, нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Тиймээс хип хоп, чөлөөт гээд янз бүрийн бүжгээр хичээллэдэг байв. Миний аав залуудаа балетчин болохыг хүсдэг байсан ч амьдралын эрхээр тэр хүслээ биелүүлж чадаагүй. Тэгээд намайг 10 настай байхад балетын сургуульд оруулсан. Ингэж миний балетчин болох зам нээгдсэн дээ.

 

-Энэ бүх хугацаанд хэцүү зүйл олон л тохиолдож байсан байх. Бууж өгмөөр санагдаж байв уу?

 

­Балетаар хичээллэж эхлэхэд найзууд маань “Чи бариу өмд өмсөх юм уу” гээд л тоглоом шоглоом их хийдэг байсан. Эхний хоёр жилд миний бодож байснаас тэс өөр санагдсан. Балетын үндсэн хэдэн хөдөлгөөнийг л давтдаг байсан юм. Багш минь ч их хатуу хүн байсан учраас буруу хийвэл шууд л загнадаг байлаа. Тиймээс эцэг, эхдээ “Хэцүү байна, балетаар хичээллэхээ болимоор байна” гэж хэлж байсан удаатай. Гэтэл аав маань “Нэгэнт сонгосон юм чинь хичээгээд үз” гэсэн. Дараа сонсох нь багш аль хэдийнэ аав, ээжтэй уулзаад, шаргуу бэлтгэл хийлгэх талаар ярилцсан байсан юм билээ. Намайг ирээдүйтэй бүжигчин болно гэж үзсэн хэрэг л дээ.

 

 

-Балетаар хичээллэж эхлээд нэлээд хугацаа өнгөрсний дараа сая нэг юм хийж буй зүйлдээ дуртай болсон гэсэн үг үү?

 

­Ерөнхийдөө тэгж хэлж болно. Хичээллэж эхлээд гурван жилийн дараа буюу 13 настай байхдаа Орос, Хятад руу тоглолтоор явсан. Тэр үед анх удаа тайзан дээр зогсох үнэхээр сайхан гэдгийг мэдэрч байлаа.

 

-Та Монголын балетын хөгжлийг хэрхэн үнэлдэг вэ?

 

­Манай улсад балетын урлаг үүсч, хөгжөөд 50 жил болж байна. Ази дахь бусад улстай харьцуулахад зогсонги байдалд байна гэж боддог. Тиймээс цаашид балетын урлаг хөгжихөд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Гэхдээ одоогийн байдлаар “UBC”­д байх хугацаандаа туршлага хуримтлуулж, чадвараа дээшлүүлэхэд илүү их анхаарах болно. “Дон Кихот” үүний эхлэл болох юм.

 

-Монгол балетчид хоёр, гурван жилийн өмнөөс Солонгосын тайзнаа гарах болсон. “Wise Ballet” компанид бүжиглэж байгаа монгол бүжигчид таны доод үеийнхэн гэж сонссон юм байна?

 

­Тийм ээ. Тэдэнтэй би Монголд байхдаа хамт ажилладаг байсан юм. Тэдний олонх нь миний дараагийн үеийн төгсөлтийнхөн л дөө. Солонгос улс дахь миний анхны тоглолтод тэд маань ирэх байх. Бас энд “Korea University”­гийн докторын зэрэгт сурдаг найз маань ч ирнэ. Найзууд болон доод ангид сурч байсан бүжигчид ирж үзнэ гэхээр улам их хичээх хэрэгтэй юм байна даа гэж бодогдсон. (Инээв) Үүнээс гадна анх удаагаа солонгос үзэгчдийн өмнө зогсоно гэхээр маш их догдолж байна.

 

 

-“Дон Кихот” бүжгэн жүжигт чадварлаг балетчин Хуан Хе Минтэй хослон тоглохоор болсон шүү дээ?

 

­Хуан Хе Мин бол Солонгосын балетын бэлгэ тэмдэг. Түүнтэй хамт тоглох болсондоо итгэж чадахгүй л байна. Миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг.

 

-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулна уу?

 

­Балетын компанитай ирэх арванхоёрдугаар сар хүртэл гэрээ байгуулсан. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлж, мөн Монголынхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө хичээх болно. Бүх л хүн өөрийн салбартаа хамгийн шилдэг нь болохыг хүсдэг шүү дээ. Би ч бас хамгийн шилдэг үзүүлбэрийг үзүүлж, шилдэг нь байхыг хүсч байна. Мөн манай компанийн уран бүтээлчдийн бараг тал хувийг гадаад хүмүүс эзэлдэг учраас олон янзын соёлоос суралцаж, Солонгос дахь амьдрал минь сонирхолтой байна байх.

 

М.Янжиндулам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Zochin (66.181.185.58)

    2017-03-26

    Sain khuu. bayar hurgey.Ikh yum suraadergeed mOngoldoo heregtei hun bolood irehiig ereeye! Olon ulsiin daatgalaa zaaval hiilgej baij ajilladag yum shuu

  • (108.92.149.73)

    2017-03-25

    Solongosiin ***** darga nar zugeer bailgadgui gesen shuu.Deer n mongol mahaa sain idej bai.Solongosiin budaa kimchi gahai ideed baival hulnii chin buh uenii tulguur huch udahgui alga bolno.5 jiliin daraa gehed hetsuuhen bolno shuu.Bogino hugatsaand ahiuhan mungu hiigeed hurdan mongoldoo butssan n deer.

  • Zochin (66.181.184.34)

    2017-03-25

    Mundag baletchin. Mangold baihgui gej boghoor haramsaltai. Amjilt huse.