Б.Очирбат: Малын махыг зэрэглэж худалдаалах асуудал орхигдсон

 

        Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс сар бүр шийдлийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа махны экспортыг нэмэгдүүлэх арга замын талаар хэлэлцэхээр ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА), Монголын махны холбоо, “Мах маркет” компанийн төлөөллийг урьж оролцуулсан юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян”- ыг зохион байгуулахаар тусгаж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд өрнүүлж эхэлсэн билээ. Энэ ч утгаараа аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэхийг холбогдох яамны сайд нарт даалгажээ. Өөрөөр хэлбэл, “Мах, сүүний анхдугаар аян”-аар үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, экспортоо нэмэгдүүлэхийг зорьсон. Манай улс 60 сая толгой малтай бөгөөд иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах боломжтой аж. Гэвч техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, малын халдварт өвчин зэргээс шалтгаалан мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа ердөө 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байгаа юм байна. Хэлэлцүүлгийн эхэнд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд юу хийж байгаа талаар танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Манай яамны зүгээс Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг /ТИКА/, Мал эмнэлэг үржлийн газартай хамтран махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд мал нядалгааны халал стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна. Өнгөрсөн онд 9.2 мянган тонн мах экспортолсон гэсэн статистик тоо бий. Үүнээс ихэнх нь адууны мах экспортолсон байдаг. Энэ оны хувьд үхрийн 38 мянган тонн, адууны 20 мянган тонн мах гаргах төлөвлөгөөтэй. Ер нь экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудал бол малын өвчлөл. Тиймээс бид малын тоонд биш чанарт анхаарч ажиллаж байна” гэсэн юм. Үүний дараа Мал эмнэлэг үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон “Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх урт болон дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт гоц халдварт өвчний тайван байдлыг хадгалах чиглэлийн хөтөлбөрийн төслийг холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүстэй ярилцлаа. Бидний яриа махны экспортыг нэмэгдүүлэх гол боломжийн талаар чиглэсэн. Махны экспортод малын гоц халдварт өвчин нөлөөлж байгаагаас гадна гадаадын улс орнуудын махны үйлдвэрийн тавьж байгаа шаардлага нэлээд хурц тавигддаг. Тиймээс бид энэ талаар түлхүү анхаарч ажиллаж байна” гэв. Харин энэ үеэр Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ХХААХҮЯ-тай хамтран мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж, энэ хүрээнд Говь-Алтай аймагт мал нядалгааны бага оврын, загвар үйлдвэр байгуулах, энд ажиллах ажилчдыг сургах ажлыг аль хэдийнэ эхлүүлснээ дуулгалаа. Уг төслийг хэрэгжүүлснээр малын махыг халал стандартаар боловсруулан, Турк, Иран зэрэг Исламын шашинтай улсуудад экспортлох боломжтой болох аж.

 

Мах үйлдвэрлэгчдээ төлөөлөн хэлэлцүүлэгт оролцож буй “Мах маркет” ХХКийн Чанар, эрүүл ахуйн албаны дарга Н.Анхтуяа гадаадын хэчнээн оронд мах экспортлож байгаа болон олон улсын стандартыг үйлдвэртээ хэрхэн нэвтрүүлэн ажиллаж байгаа талаараа ярьсан юм. Тэрбээр “Манай компани Олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг 2011 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Олон улсын аудитын компанийн төлөөлөл жил бүр манай байгууллага дээр ирж хүнсний аюулгүй байдал хангаж байгаа эсэх талаар шалгалт хийдэг. Ер нь хүнсний аюулгүй байдлын тогтолцоог ганц гэрчилгээ авснаар шийдчихдэг зүйл биш. Өдөр тутмынхаа үйл ажиллагаандаа үүнийг мөрдөж ажилладаг. 2011 онд хүнсний аюулгүй байдлын гэрчилгээ авахын тулд ойролцоогоор дөрвөн жил зарцуулж, одоогийн байгаа төвшиндөө хүрсэн. Тухайлбал, бид үйл ажиллагаагаа сайжруулахын тулд сүүлийн дөрвөн жилд ойролцоогоор 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлдээ зарцууллаа. Тиймээс одоогоор бид ОХУ, БНХАУ, Вьетнам, Иран зэрэг улсад мах экспортлох албан ёсны зөвшөөрөлтэй. Энэ зөвшөөрлийг 2004 онд авсан. Тиймээс одоогоор Хятад, Иран улс руу мах экспортлох үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна” гэлээ.

 

ВАЙСЭЛ ЧИФТЖИ: МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ГАДНА ЗӨГИЙН АЖ АХУЙН САЛБАРЫГ ДЭМЖИНЭ

 

        Энэхүү хэлэлцүүлгийн онцлох сэдэв байсан мал нядалгааны халал стандартыг нэвтрүүлэх төслийн талаар Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Вайсэл Чифтжитэй төслийнх нь үр дүн, явцынх нь талаар ярилцлаа.

 

-Мал нядалгааны халал стандарт нэвтрүүлэх төслийн гол зорилго юу вэ?

 

-Энэ сард төслийн хүрээнд гэрчилгээ олгох эрх бүхий комиссын сургалт болно. Махны экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, малын тэжээлийн хэрэгцээг хангах, газар тариаланг хөгжүүлэх, туркийн газар тариалан, мал аж ахуйг судлах, ажлын байр бий болгох гэсэн үндсэн зорилготой. Өнгөрсөн нэгдүгээр сард ХХААХҮЯ, Монголын махны холбоотой хамтран халал хүнсний сургалтыг зохион байгуулж 30 хүнийг хамруулж үнэмлэх олгосон. Мөн оны арванхоёрдугаар сард нядлагч нарт чиглэсэн сургалтыг амжилттай хийлээ. Ер нь бид төслийнхөө хүрээнд Монгол Улс мах экспортлох боломжит зах зээл юу байна гэдгийг судалж байна. Исламын орны зах зээлд Их британи, Австрали, Бразил, Аргентин, Серб, Энэтхэг, Франц зэрэг орнууд мах хамгийн их нийлүүлдэг. Монгол орны хувьд мах нийлүүлэлт нэлээд бага байна. Тиймээс бид үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

 

-Төслийг хэдий хугацаанд хэрэгжүүлж дуусах вэ. Үр дүнг хэрхэн тооцоолж байгаа вэ?

 

-Энэ онд төслийг хэрэгжүүлж дуусах төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь төсөл хэрэгжүүлсний үр дүнд малын тэжээлийн хэрэгцээг хангах ургамал тариалах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийг эзэмших, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, өндөр үржил шимтэй малын үүлдрийг бий болгох боломж бүрдэх юм. Мөн бид туркийн газар тариалангийн мэргэжилтэнг авчирч Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон малын тэжээл тариалах боломжийг судалсны үндсэн дээр хошоонгор, гич навчит хүцэнгэ, унгарын гиш зэрэг ургамлыг тариалж байна. Энэ нь малын тэжээлийн ургамал байгаад зогсохгүй хөрсний ашиг шимийг нэмэгдүүлнэ. Түүгээр ч зогсохгүй зөгийн аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих өргөн боломж бүрдэнэ.

 

ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ МАХНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

 

        Мах үйлдвэрлэгчдээ төлөөлөн хэлэлцүүлэгт оролцсон Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбатаас махыг зэрэглэж худалдаанд гаргах асуудлын талаар тодруулахад тэрбээр “Сүүлийн үед малын махыг I, II зэргийн мах гэж зэрэглэж худалдаалах асуудал үндсэндээ орхигдсон нь үнэн. Ер нь бид гадаад руу гаргах мах гэхээсээ илүү дотоодын хэрэглээнийхээ махны чанар, аюулгүй байдлыг ярих хэрэгтэй. Малын махыг зэрэглэхээ болсон учир гэвэл махны үйлдвэрүүд дээр тэр бүр мах нядлахаа больсонтой холбоотой. Хашаа, гудамж, талбай гээд хаа хамаагүй газар мал нядалж байна. Иймээс үүнд хяналт тавьж зэрэглэх бололцоо байхгүй болсон. Мах нядалгаа замбараагаа алдсанаас болж маханд зэрэглэл тавих асуудал орхигдож байна. Уг нь махны үйлдвэрүүдэд нядалсан махыг бүгдийг нь малын эмч үзээд зэрэглэдэг байлаа. Гэтэл энэ тогтолцоо хяналтаас гарч бидэнд захирагдахаа больсон. Дээр нь нэмж хэлэхэд “Хүчит шонхор” зэрэг захаар худалдаалж байгаа малын маханд үүнийг тогтоох хүн алга” гэсэн юм.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.42.145)

    2017-03-25

    энэ бүхнийг зохицуулж журамлах л хэрэгтэй шүү дээ, энэ бүх эмх замбараагүй байдлаас болж гадныхан биднийг дандаа өвчтэй малын мах иддэг, малын өвчин туссан, бохир заваан гэж ойлгоод бна ш дээ