Б.Санчир: Монголдоо харих үед Монгол хэлний бэрхшээлгүй, эх хэлээрээ үргэлжлүүлэн суралцах боломжтой боллоо

        Гадаадад гэр бүлээрээ ажиллаж амьдардаг хүмүүсийн  хүүхдүүд тухайн орныхоо хэл соёлоор сурч хүмүүждэг.   Нэг ёсондоо тухайн орныхоо уугуул иргэдээс ялгагдахааргүй болдог.  Энэ нь буцаад тухайн хүүхэд эх хэл болох Монгол хэлээрээ ярьж, бичиж цаашлаад соёл уламжлалаасаа хөндийрөхөд хүрдэг.  Ийм л гэр бүл хүүхдүүдэд зориулж дэлхийн хаанаас ч эх хэлээ Монголынхоо мэргэшсэн чадварлаг багш нараар заалгах ховорхон боломжийг “Эх хэл” онлайн сургалтын төв олгодог юм. Бид энэ удаад “Эх хэл” сургалтын төвд онлайнаар хичээл заалгадаг нэгэн сурагч хүүтэй онлайнаар холбогдон сэтгэгдлийн сонссон юм. 

 

-    Энэ өдрийн мэнд хүргэе.  Юуны түрүүнд өөрийгөө танилцуулаач.

 

-Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг Санчир гэдэг. Би 12 настай. Японд аав ээж дүү нартайгаа амьдардаг. Анх 4 настайдаа японд ирж байсан. Сая хэдхэн хоногийн өмнө японы бага сургуулийг төгсөөд одоо дунд ангид орох гэж байгаа.  

 

- “Эх хэл” онлайн сургалтад хамрагдаад хэр удаж байна. Анх хаанаас сургалтын талаарх мэдээллийг авсан бэ?

 

-  Би Эх хэл онлайн сургалтыг эхлэн суралцаад яг 1 жил  болох гэж байна. Найзын маань ээж санал болгоод сурч эхэлсэн. 

 

- Онлайнаар хичээл заалгахын давуу талууд юу байв? Энэ сургалтыг сонгох болсон шалтгаан юу байв. Эцэг, эхийн санал мэдээж орсон байх. 

 

-Онлайнаар хичээллэхийн давуу тал нь өөрийнхөө завтай цагтаа, боломжтой үедээ хичээллэж болдог болохоор амар байдаг. Хичээллэх хугацаа 25-30 минут учир би хичээлээсээ залхдаггүй, надад сонирхолтой байдаг. 

 

Бид гэр бүлээрээ Монгол уруугаа  харих үед хэлний бэрхшээлгүй, эх хэлээрээ үргэлжлүүлэн суралцаж, олон шинэ найз нөхөдтэй болоход тустай гэж ээж аав зөвлөдөг учираас монгол хэлээ сурахыг хичээж байна.

 

-Сургалтад хамрагдсанаар юу юу мэдэж сурав. “Эх хэл” онлайн сургалтын хамгийн удаан бөгөөд маш идэвхтэй суралцаж байгаа сурагчдын нэг гэж сонссон.

 

-Тиймээ, би “Эх хэл” онлайн сургалтыг  анхан шат буюу  1 р түвшингөөс нь эхэлсэн. Би өмнө нь цагаан толгойн 35 үсгээ мэддэг, уншиж, бага зэрэг бичиж чаддаг байсан учраас эхний түвшингөөс суралцахад хэцүү санагдаагүй. Үсэгээ зөв дарааллаар бичих, холбох, өгүүлбэр зохиох гэх мэт сурсан зүйлүүд их бий. Одоо би 4 р түвшин буюу монголын бага ангийн 3 р ангийн монгол хэлний түвшингийн хичээл үзэж байна.  

 

- Өөр шиг чинь гадаад амьдардаг маш олон хүүхдүүд байгаа тэдэндээ хандаж юу хэлмээр байна.

 

-Бид Монгол хүмүүс учраас эх хэлээ мартаж болохгүй. Өөрийнхөө цаг, боломжид тааруулаад эх хэлээ суралцацгаая.

 


        Мөн энэ үеэр Б.Санчир хүүгийн ээжээс хэдэн зүйл тодруулсан юм.

 

-    Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг болсон цаг. Хүүхдүүдээ багаас хэд хэдэн хэл давхар эзэмшүүлж байна. Яагаад заавал Монгол хэлний хичээлийг онлайнаар авах болов. Таны хүү Монголоор хэр сайн ярьдаг вэ?

 

-Тиймээ, үнэхээр хүүхдүүдийнхээ боловсрол, мэдлэгт анхаарахгүй байхын аргагүй орчин, нийгэмд амьдарч байна. Бидний хувьд эх хэл, соёлоосоо хол байгаа болохоор хүүдээ монгол хэл соёлоороо дамжуулан Монгол хүн гэдгийг нь мэдрүүлэх, суурь хүмүүжилд  нь суулгахыг зорьж байна.  Цаашлаад эх орондоо эргэн очиход цаг алдалгүй нийгэмдээ дасан зохицох, үргэлжлүүлэн суралцах боломжтой учир онлайн сургалтыг сонгосон. Ийм сургалтыг  бий болгож, эх хэлээ түгээн дэлгэрүүлж байгаа хамт олонд талархаад баршгүй. 

Миний хүү монголоор сайн ойлгодог боловч өөрийн санаагаа бусдад ойлгуулахдаа нэлээд бодож ярьж байна. Түрүүлээд японоор хэлчих гээд байдаг. Гэвч бид гэртээ монголоороо ярихыг хичээж, мэдэхгүй үг,өгүүлбэрийг  тухай бүрт нь засч тайлбарлаад явдаг.  

 

- Энэ сургалтын хөтөлбөр болон “эх хэл” сургалтын төвийн багш нарын ур чадвар таны сэтгэлд  хэр нийцэж байна? Таны хүүхдэд  чанартай боловсрол олгож чадаж байна уу? 

 

-Манай хүүгийн хувьд түвшнээсээ хамаараад багш нь өөрчлөгдөөд явсан санаж байна.  Хичээлийн үеэр хамт суудаггүй л дээ заримдаа хичээлийн дундуур хүүгийн өрөөгөөр орох хэрэг гардаг. Багштайгаа их дотно, өөриймсөг харилцаатай ярилцаж байгаа нь сайхан санагддаг. Заримдаа эгч нь эсвэл дотно хэн нэгэнтэй маань байгаа мэт. 

Чанарын тухайд доохондоо хэлэхэд эрт байна. Гэхдээ 1 жилийн дотор үзсэн хөтөлбөрүүд, хүүд минь нэмэгдсэн ур чадвар хангалттай гэж би хэлнэ.

 

- Танай хүүхэд энэ сургалтын төвийн хамгийн удаан хичээллэж байгаа идэвхтэй хүүхдүүдийн нэг гэж багш нь онцолж  байсан. Яагаад үргэлжлүүлэн сургая гэж бодсон бэ?

 

-Хүүтэйгээ ярилцаж байгаад үргэлжлүүлэхээр болсон. 1 жилийн дотор 3 р ангийн түвшингийн хөтөлбөрийг сурч байгаа юм бол тун удахгүй л яг өөрийн үеийнхнийхээ түвшинд очих нь гээд баяртай байгаа.

 

- Онлайн сургалт гэдгээрээ хичээлийн бус цагаараа хичээлээ заалгаж байгаа. Энэ сургалтад хамрагдсанаар цагийн хуваарилалт  болон өдөр тутмынхан амьдралын хэвшилд хэрхэн өөрчлөлт орсон бэ?

 

Японы бага сургууль хүүхдийг их хичээлээр шахаж, даалгавраар дараад байдаггүй л дээ. Тиймээс хичээлийн бус цаг, дугуйлангүй өдрөө монгол хэлний хичээлээ 25 минутаар  долоо хоногт 2 удаа авдаг юм. Хүүгийн хувьд 7 хоногийн ганцхан өдөр л хичээлийн дараа чөлөөтэй гадаа тоглох өдөртэй. Хэрэв Монгол хэлний хичээлийг аваагүй байсан бол 3 удаа гадаа тоглох л байсан байхдаа. 

 

Монгол хэлний хичээлээ эхлэхээс өмнө хичээлдээ бэлдэх, техник хэрэгслээ бүрэн ажиллаж байгааг шалгах, багшаас хоцрохгүй цаг баримтлах гээд олон зүйл одоо бүүр хэвшил болон тогтжээ. Өмнөхөөсөө илүү хариуцлагатай болсон байна.

 

-    Баярлалаа.
 

 

 

Б.Халиун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (70.214.32.255)

    2017-03-24

    Sain uu? Yaj burtguulex ve?