Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн үр дүн “Хуралдай” бонд байлаа

 УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэд хэдэн чухал хуулийг шинэчлэн баталсан. Үүний дунд Хөгжлийн банкны тухай хууль багтсан бөгөөд ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна. Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн төвшинд хүртлээ хямарсан, тэр бүү хэл, ОУВС-гаас санхүүгийн дэмжлэг хүсэхдээ хүрсэн зэрэг нь дээрх хуулийн төслийг шинэчлэн найруулах нэг шалтгаан нөхцөл болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Учир нь өнгөрсөн Засгийн газрын үед Хөгжлийн банк төсвийн гадуурх төсөв болсон төдийгүй, тус банкаар дамжуулан гаднаас их хэмжээний зээл авч, бонд босгосон төдийгүй түүнийгээ хяналтгүйгээр зарцуулсан нь өнөөдөр Монгол Улсыг 21 тэрбум ам.долларын өртэй болоход бодит “хувь нэмрээ” оруулсан байдаг. Түүнчлэн тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг хуулиар нарийн зохицуулаагүйгээс ашигтай үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон төдийгүй эдийн засагт хүндрэлтэй нөхцөлийг үүсгээд байсан юм. Эдгээр шаардлагын үүднээс бусад орны туршлагыг судалсны үндсэн дээр шинэчлэн бүрдсэн Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан юм.Хуулийг шинэчлэн баталс­ ны дараах хамгийн эхний алхам бол “Хуралдай” бондыг олон улсын зах зээлд гарган, арилжаалсан явдал байлаа. Уг бондын арилжаа амжилттай болсноор Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг хугацаанд нь төлөөд байна. Энэ өрийг дарах нь манай улсын хувьд ямар их ач холбогдолтой байсан талаар ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ийнхүү хэлсэн. “2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая ам.долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэл­ зээ дунд бид анх ажил авсан.

Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна” хэмээн тайлбарласан.

Ингээд Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.

"Хөгжлийн банк бол улсын өмнөөс гадна дотнын зах зээлээс их хэмжээний хөрөнгө татаж, томоохон төсөл хөтөл­ бөрийг санхүүжүүлэх үүднээс ажилладаг учраас үйл ажил­ лагаа нь ил тод байх ёстой. Энэ процессыг удирдаж байгаа удирдах албан тушаалтнуудад ч ийм шаардлага тавигдах учиртай. Тиймээс алдаа гарвал Удирдах зөвлөлийн гишүүд хариуцлага хүлээх хатуу заалтыг оруулжээ. "

ХӨГЖЛИЙН БАНК УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУСААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА

        Манай улсын улс төрийн мөчлөг дөрвөн жилийн циклтэй үргэлжилдэг. Гэтэл банк сан­ хүүгийн бодлого ч мөн үүнийг дагаад өөрчлөгдөж байдаг бол Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн найруулахдаа энэ мөчлөгөөс үл хамааралтайгаар буюу тогтвор суурьшилтайгаар эдийн засагт үүргээ гүйцэтгээд явахад гол анхаарлаа хан­ дуулсан гэдгийг хууль санаач­ лагчид хэлж байгаа. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан санаачлан өргөн барьж, батлуулсан юм. Түүний хэлж буйгаар хуульд оруулсан гол өөрчлөлт нь тус банкийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллуулах чиглэлээр тодорхой зохицуулалт хийсэн явдал. Түүний хэлснээр “Үндсэн таван шалгуурын хүрээнд уг хуулийн төслийг шинэчлэн найруулсан. Тухайлбал, ямар төсөл хөтөл­ бөрийг санхүүжүүлэх вэ гэхээр Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлнэ гэж заасан. Хөгжлийн банк өөрөө хараат бус байх шаард­ лагатай. Гэтэл өмнө нь Засгийн газрын тогтоолыг заавал УИХаар баталж, жагсаалтыг нь гаргаж өгдөг байсан. Үүнээс болоод Хөгжлийн банкны зээл тусламжийн хэмжээ 5.9 их наядад хүрсэн байдаг. Ингэж их хэмжээгээр зээл өгснөөс чанартай, чанаргүй зээлийн асуудал үүссэн. Хөгжлийн банкаар дамжуулаад төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлчихсэн. Гэтэл тэр нь банкны нийт активын тал шахуу хувийг эзэлсэн байсан нь асуудал дагуулсан. Тиймээс энэ байдлыг шинэ Засгийн газар засч залруулан нэгдсэн нэг төсөвтэй болгосон” хэмээн тайлбарлаж байна. Харин Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар банкны засаглал, ил тод байдлыг сайжруулж, бие даасан байдлыг нь хангах, цаашид ямар нэгэн улстөрч, улс төрийн бүлэглэлийн дохио зангаагаар бус, харин эргэн төлөгдөх боломжтой, Монгол Улсын хөгжилд хэрэгтэй зээлийг, шаардлагатай аж ахуйн нэгжид нь олгодог болох эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк цаашид бие даасан үйл ажиллагаа явуулна. Тодруулбал, Хөгжлийн банкин дээр гарах аливаа мэргэжлийн шийдвэр,төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, дэмжих, хамтран ажиллахад Засгийн газрын хуралдаанаар юмуу кабинетын аль нэг бүтцийн байгууллагаар хэлэлцэж гаргахгүй. Зөвхөн Хөгжлийн банкин дээр байгаа зээлийн мэргэжлийн бүтцээс шийдвэр гаргаж байхаар хуульд тусгажээ. Энэ бол мэдээж банкны бие даасан байдлыг хангасан нэг үзүүлэлт юм. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЕСӨН ГИШҮҮНТЭЙ БАЙНА

        Хуулийн ажлын хэсгийнхний хэлж буйгаар Хөгжлийн банк­ ны бие даасан, хараат бус байдлыг сайжруулахад нэлээд анхаарч ажилласан байна. Тухайлбал, ТУЗ-ийн эрх үүгийг нэлээд өргөтгөжээ. Ингэснээр ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх вэ гэдгийг ТУЗ нь шийднэ. Ингэхдээ улсын хөгжлийн бодлогод нийцүүлээд сонгоод явах аж. Мөн ТУЗ есөн гишүүнтэй байх бөгөөд дөрөв нь заавал хараат бус байх ёстой гэж хуульд заажээ. Харин хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах журам нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой гэдэг зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. Хуульд оруулсан өөрчлөлт амжилттай болсны эхний үр дүн гарч эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 2-нд Засгийн газар “Хуралдай” бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргасан явдал. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Хөгжлийн банкны өнөөгийн статус, цаашдын хөгжлийнх нь ерөнхий зураг, хууль эрх зүй орчин нь ямар байгааг гаднын хөрөнгө оруулагчид хамгийн ихээр сонирхон асууж байсан. Мөн ОУВС-гийн хөтөл­ бөрт Монгол Улс хэрхэн яаж хамрагдах гэж байгаа талаар ч сонирхож байлаа. Энэ бүхний хариултад Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан өөрчлөлт томоохон хариулт өгсөн учраас “Хуралдай” бондыг амжилттай арилжаалсан” гэлээ.

ХӨГЖЛИЙН БАНК ЯМАР ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ

        Энэ асуултад албаныхан дараах хариултыг өгч байна. Шинэчилсэн хуулиар Хөгжлийн банк ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, тус банкаар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь арилжааны нөхцөлтэй, санхүүгийн үр ашигтай, хэрэгжүүлсэн төслөөс эргэн төлөгдөх чадвартай байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн шинэчилсэн найруулгаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах механизмыг сайжруулсан буюу төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэрийг хууль болон журамд заасан шаардагын дагуу Хөгжлийн банк бие дааж гаргах хэрэгтэй болж байна. Харин санхүүжүүлэх төсөл хөтөлбөртэй холбоотойгоор хуульд оруулсан өөрчлөлтийн талаар тус банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат “Хуучин мөрдөж байсан хуульд жил бүрийн хаврын чуулганаар Хөгжлийн банкаар санхүүжүүлэх хөтөлбөрийн жагсаалтыг батална гэж заасан байсан. Шинэчилсэн найруулгаар үү­ нийг байхгүй болгосон. УИХ, Засгийн газар, Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг тус­ гайлан батлахгүй гэж өөрчилсөн” гэдгийг хэлсэн. Хамгийн гол нь экспортыг дэмжсэн, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдэд Хөгжлийн банк бие дааж шийдвэр гаргана. Нэг ёсондоо шүдийг нь татаж, сүүлийг сөхөж үзэж байж санхүүжилт олгох нь. Хөгжлийн банкны тухайд тухайн үеийнх нь удирдлагууд өдгөө хууль шүүхийн хаалга татсан, асуудал үүссэн яваагийн гол шалтгаан нь банкны үйл ажиллагааг улс төртэй хольсонтой шууд холбоотойг албаныхан хэлдэг. Тийм ч учраас энэ байдлыг давтахгүйн тулд хараат бусаар шийдвэр гаргах эрхийг нь өгчээ. Өмнө нь ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх вэ гэдгийг УИХ дээр чирч авчирснаас улстөржилт үүсэх, гишүүдийн лобби орох үндсэн нөхцөл бүрддэг байжээ. Хуулийн шинэчилсэн найруулгаар Хөгжлийн банк ямар нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ бусад банк, санхүүгийн бай­ гууллагатай хамтарч болно гэх заалтыг шинээр оруулжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгө оруулагчдыг томоохон төсөл хөтөлбөрт оруулж ирэхийн тулд санхүүжүүлэх хэмжээ нь их дүнтэй, банк дангаараа дийлэхээргүй байвал хамтарч болох аж. Хөгжлийн банкны санхүүжүүлэх нийт төсөл хөтөлбөрийн 60-аас доошгүй хувь нь экспортыг дэмсэн байх ёстой гэдэг заалтыг ч багтаажээ. Ингэснээр Хөгжлийн банк улс төр болон Засгийн газар, УИХ-аас хараат бусаар тухайн төслийн эдийн засгийн үр ашгийг дотооддоо судалж шийдвэрлээд явах ажээ.

ШИНЭ ХУУЛИАР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛААГАНЫ ХҮРЭЭГ ТЭЛЖЭЭ

        Хуулийн шинэчилсэн най­ руулгаар Хөгжлийн банк төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, төлбөр тооцоо хийх, баталгаа, батлан даалт гаргах, зээл авах, гадаад валют худалдах болон худалдан авах, компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, экспорт импортын санхүүжилт хийх, төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино болон дунд хугацаатай сан­ хүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах аж. Өөрөөр хэлбэл, эдгээр нь Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагаа хүрээгээ тэлсний илрэл юм. Ингэснээр зээлийн үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олголт нь шуурхай болох, компанийн засаглал сайжрах, банкны хяналтын тогтолцоо ил тод болсноор ард иргэдийн банкинд итгэх итгэл сайжрах зэрэг давуу талтайг албаныхан хэлж байна. Эцсийн дүндээ Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэл ч нэмэгдэх гол хүчин зүйл болох сайн талтай юм. Түүнчлэн шинэчилсэн хуульд ямар тохиолдолд уг банкийг татан буулгах тухай тодорхой дурджээ. Тодруулбал, Хөгжлийн банкийг татан буулгах, үйл ажиллагааг нь өөрчлөх шийдвэрийг Засгийн газар гаргах юм байна. Учир нь Хөгжлийн банкны эцсийн хувьцаа эзэмшигч буюу эзэн нь Засгийн газар байх юм. Мөн өмнөх хуульд УИХ, Засгийн газрын хяналт, оролцоог түлхүү байх тал үйлчилснээс зарим алдаа дутагдал гарсан байдаг. Зургаан жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн Хөгжлийн банкны хувьд мэргэжлийн болон хөндлөнгийн хяналтын тогтолцоо маш чухал. Харин өнгөрсөн хугацаанд хяналтын тогтолцоо тодорхой бус явж ирснээс багагүй асуудал үүссэн талаар дээр дурдсан. Тиймээс төв банктай харилцах харилцаа маш чухал. Эдийн засгийн хяналт шалгалтын харилцаа байх ёстой гэж хууль санаачлагчид үзжээ. Өмнөх хуульд Засгийн газар хяналт хийнэ гэсэн ч бодитой байж чадаагүйг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл, банкны үйл ажиллагааг ямар ч хяналтгүйгээр явуулснаар өдгөө нийт активынхаа 60 хувьтай тэнцэхүйц хэмжээний өртэй болчихоод буй. Тиймээс шинэчилсэн найруулгаар Монголбанк журам баталснаар жил тутам Хөгжлийн банкны зохистой харилцаа гэх мэтэд хяналт тавих юм байна. Хөгжлийн банкны тухайд зургаан их наядын баланстай, эдийн засагт маш том институц мөртлөө эдийн засгийн гол зохицуулагч болох төв банк­ тайгаа ямар байдлаар харилц­ даг нь тодорхойгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, төв банкинд Хөгжлийн банк хаашаа, яаж явааг мэддэггүй, үйл ажил­ лагаанд нь оролцох эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн учраас хуульд шинэчилсэн найруулга хийжээ. Ямартай ч Хөгжлийн банк бол улсын өмнөөс гадна дотнын зах зээлээс их хэмжээний хөрөнгө татаж, томоохон төсөл хөтөл­ бөрийг санхүүжүүлэх үүднээс ажилладаг учраас үйл ажил­ лагаа нь ил тод байх ёстой. Энэ процессыг удирдаж байгаа удирдах албан тушаалтнуудад ч ийм шаардлага тавигдах учиртай. Тиймээс алдаа гарвал Удирдах зөвлөлийн гишүүд хариуцлага хүлээх хатуу заал­ тыг оруулжээ. Торгуулийн заалтыг ч чангаруулсан байна.

 

М.Өнөржаргал

Монголын үнэн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)