Л.Лхагвасүрэн: Алт бол улс орнуудын валютын алтан баталгаа

“Дун эрдэнэ” ХХК -ийн Ерөнхий захирал Л.Лхагвасүрэнтэй уулзаж, “Алт-2” хөтөлбөрийн талаар ярилцлаа. 

-“Алт-2 хөтөлбөр”-ийг Засгийн газраас хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Ингэснээр эдийн засаг сэргэх боломжтой юу. Мэргэжлийн хүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Монгол орны эрдэс баялаг, түүний дотор үнэт метал болох алтны хайгуул аль ч улс орны байнгын эрэл байдаг. Үнийн хэлбэлзэл нь дэлхийн эдийн засагтай шууд хамааралтай онцлог ашигт малтмал. Алтыг судалж  олборлож улс орныхоо эдийн засгийн нөөцийг арвижуулахад үр өгөөжөө өгч эхэлсэн түүх 1890-ээд оноос эхэлдэг. Богд Хаант Засгийн газрын үед  ЗХУ, Белги, Франц гурван улсын хамтарсан багийг анх байгуулж Бугантын алтны ордод хайгуул хийх, олборлох статустайгаар экспидиц байгуулснаар түүх нь эхэлдэг юм. Улс орон маань Богд Хаант Засгийн газрын үеэс л эдийн засгаа бэхжүүлэхийн тулд ийм арга хэмжээ авч байжээ. Дараа нь 1990-ээд онд “Алт” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат санаачилж байлаа. Энэ бол Монгол Улс анх удаа  нийгмийн харилцаанд шилжсэн хямралтай үе байсан. “Алт” хөтөлбөр бол тэр үеийн Засгийн газрын гаргасан хамгийн чухал тогтоол.  “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улс нийгмийн шинэ харилцаанд шилжиж чадсан. 

-Эдийн засагт эерэг нөлөө авчирч, хямарлаас гаргах бүрэн боломжтой гэсэн үг үү?

-Улсын үйлдвэрийн газар байсан геологийн байгууллагууд ихэнх нь хуийн хэвшлийн секторт шилжсэн. Үүгээрээ маш онцлог. Анхны “Алт” хөтөлбөр 1960-1990 онд монголын үе үеийн геологичдийн хайгуул хийж тогтоосон, өөрийн эрдэм боловсрол, хөлс хүч, амьдралаа зориулсан нөөцөөр хөдөлсөн. Ингэж л улс орноо хямралаас гаргасан түүхтэй. Тэгэхээр өнөөдөр “Алт-2” хөтөлбөр яригдаж байна. Энэ хөтөлбөр бол улс орны эдийн засгийн хүнд үед яригддаг жамтай юм байна. 
 

- Алт хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад гол бэрхшээл нь юу байв?

-Анхны хөтөлбөрийн үр дүн, түүнээс гарсан алдаа оноог дүгнэж ярих ёстой. Ярьж ойлголцож байж “Алт-2” хөтөлбөрийг тууштай амжилттай хэрэгжүүлнэ. Ямар бодит боломж байгааг харах ёстой. Алтны хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад үүсч байсан гол бэрхшээл нь сүүлийн 25 жилд ерөөсөө л байгаль орчинтой холбоотой. Алт өөрөө ус, гол, ой мод гэхгүйгээр үүсч байдаг эд. Тогтоц нь тийм. Голын голдиролд үүсдэг. Өвөрмөц ашигт малтмал. Ямар ч химийн урвалд ордоггүй. Ийм ашигт малтмалыг судална гэдэг бол чухал. Судлаад олборлоход байгаль хөндөгдөнө. Мэдээж байгалиа хөндөхгүйгээр алтыг авах боломжгүй. Үүнийг иргэддээ зөв ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр хөндөгдөж байгаа газар нутаг, нөхөн сэргээлт, хайгуул судалгааг хууль тогтоомжтойгоо уялдуулах нь чухал. Бид өмнө нь ийм алдаа гаргаснаас болж дандаа улс төржиж өөрийн хийсэн бүтээсэн, амь амьдралаа зориулсан чухал асуудлыг бүрхэгдүүлж байсан баримт, гашуун туршлагууд  бий. 
-Манай улсад хэр хэмжээний газарт алтны олборлолт хийх боломж байдаг юм бэ?

-Монгол орны 156 сая га талбайгаас 206 мянган га-д нь алтны олборлолт явагдаж байгаа юм. Энэ нь газар нутгийн 0.1 хувь хүрч байна уу үгүй юу тийм л хэмжээ. Манай улс чинь нийт 330 сум, 1155 багтай. Тэгэхээр 200 мянган га газарт алтны олборлолт хийсэн гэдэг бол ганцхан багийн газар нутагтай тэнцэх хэмжээ л дээ. Түүнээс нэг л их зөвшөөрөл өгөөд алт ухуулах гээд газар нутгаа сүйдэлчихсэн асуудал биш. Яахав, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэрэг хувийн хэвшилд тусгай зөвшөөрөл олгох ажил  эхэлчихдэг. Түүнийг дагасан зөрчил аяндаа гардаг. Хувийн хэвшилд шилжинэ гэдэг бол тэнд мэргэжилтэй боловсон хүчин байна уу, баг байна уу гэдэг асуудал хамгийн түрүүнд яригдана. Ингээд олборлолт, хайгуул судалгаа, ашиглалтын компаниудын дунд зөрчил үүсч байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн өндөр түвшинд мэдлэг эзэмшсэн геологич, геофизикч, гидрогелогич, геохимич, өрөмдлөгийн технологичдийн хамтарсан бүтээлээр энэ судалгаа хийгдэж алтны үе давхрагыг илрүүлэх ажил амжилттай болдог. Түүнээс, бидэнд мөнгө хэрэгтэй. Алт л байвал бид баяжиж, эдийн засаг сэргэх юм бодож хөнгөмсөг байдлаар хандаж байгалийн эрдэс баялгийн судалгааг үнэгүйдүүлэх сул тал бидэнд байсан.  Гэвч “Алт-2” үндэсний хөтөлбөр гарч байгаатай холбогдуулж энэ алдаа засагдах байх. Миний хэлээд байгаатай агаар нэг санал гомдлыг ч мөн мэргэжлийн байгууллага, салбарын хүмүүс дуугарч эхэлсэн. Тэгэхээр алт бол улс оронд өндөр хэрэгцээтэй ашигт малтмал. Алтны үнийн хэлбэлзэл дэлхийн эрдэс баялгийн зах дээр байнга л дээшилж байдаг. Буулаа буулаа гэхэд 0.1-0.2 хувиар буурвал буурна үгүй бол өсдөг. Алт улс орнуудын валютын алтан баталгаа.
 

-Та “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Сүүлийн хоёр жилд гарч ирсэн хайгуулын нөхөн төлбөртэй холбоотой асуудал байна. Зарим хуулиудыг мушгин гуйвуулагчид, улс төрийн ямар нэг явуулгатай хүмүүс байна. Үүнтэй уялдуулж анхааруулах асуудал байна. Юу вэ гэхээр, ямар нөхцөлд нөхөн төлбөрийн гэрээ хийгдэх ёстой юм бэ. Ямар нөхцөлд нөхөн төлбөр хийгдэхгүй ажил урагшаа явах ёстой юм бэ гэдэгт хариулт өгөх “Алт” хөтөлбөрөөс хэрэгжүүлж боловсруулсан баримт бичгүүд байдаг. Үүнийг хараач ээ гэж хэлмээр байна. Би өрөмдлөгийн технологич, инженер мэргэжилтэй хүн. Алтны нөөц, давхаргыг зөв тогтоох, олборлолтын болон геологийн нөөцийн зөрүү харьцааг зөв ойлгох, зөв тогтоох хэрэгтэй. Энэ ажил бол судалгаанаас эхэлдэг. Алт гэдэг чинь  нэг цооногт өрөмдсөн алтны шилжилт түүнийг дээжилж авч байгаа алтны төлөөлөх чадварыг зөв хийж зөв технологиор өрөмдөж зөв тогтоож тооцоолсон нөхцөлд тухайн газрын алтны хэмжээ үнэн зөв тогтоогдох ёстой. Үүнийг хувийн хэвшлийнхэн хийж байгаа ч гүйцэтгэгч, түрээслэгч, захиалагчдын хооронд маш их маргаан үүсдэг болсон. Яагаад гэвэл, хувийн юм гэдэг бол хувийнх л байдаг. Эзний тулгалтаар бүх зүйлийг хийдэг. Хүний мөнгөнд тааруулж алт хайж өрөмдөж өгөх ёстой гэдэг тулгалт юм. Үүнд нөөц чухал. 
 

-Манай улсад  нөөц нь тогтоогдчихсон алтны томоохон орд хэд байна вэ?


 -Манайх өнөөдөр статистик мэдээллээр эрдэнэсийн санд бүртгэсэн 2800 тонн алтны нөөцтэй байгаа. Үүний 70-аад хувь нь Оюутолгойн зэс алтны нөөц. Оюутолгойн үндсэн орд бол хамгийн их нөөцтэй орд шүү дээ. Бусад нь бол манай аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр хайгуул хийж олсон нөөц. Шороон ордны нөөц бол ерөнхийдөө багассан. Харин хайгуул, судалгааны талбайг нэмэгдүүлж байгаа нөхцөлд алтны нөөц нэмэгдэх магадлал өндөр. Түүнээс алт зүгээр хүний гишгэж байгаа газар тогтчихдог элемент биш. Дандаа л хүндрэлтэй, адармаатай газар алт үүссэн байдаг. Манай Монгол орон алтныхаа нөөцөөр дэлхийд эхний тавдугаар байрт л байна шүү дээ. Хамгийн гол нь зөв ашиглах, зөв хөгжүүлэх шаардлагатай. Түүнээс гэнэтийн ашгийн татвар, урт нэртэй хуулиуд батлагдаад хувийн хэвшлүүдээ сөхрүүлчихсэн шүү дээ. Алт анхны хөтөлбөрийн үр шимээр хувийн сектор тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар, соёл боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, банкны салбарууд хөл дээрээ боссон. Үүнийг ярих ёстой. Түүнээс биш алт нь хаачив гэж ярих буруу. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л инженер, геологич Чинбат хөдөлмөрийн баатар боллоо. Энэ хүн геологич хүн. “Алт” хөтөлбөрийн хүрээнд олборлолт хийж түүнийхээ үр шимийг газар тариаланд зарцуулж байж ажлын байр бий болгож баялаг бүтээжээ. Энэ бол “Алт” хөтөлбөрийн үр дүн. Энэ хөтөлбөр хэрэгжих нь зөв. Харин иргэддээ зөв ойлголт өгөх ёстой.  

Б.Цэлмэг

www.unen.mn
        

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)