Д.Пүрэвдаваа: Баянзүрх дүүрэгт энэ онд 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгагдсан байгаа

Төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх, ил тод байдлыг хангахын тулд НЗДТГ-аас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоног тутуамд нэг удаа хийх болсон. Энэ удаа Баянзүрх дүүргийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Мэдээллийн цагт Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, БЗД-ийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин нар байлцлаа.

Баянзүрх дүүрэг өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн салбарт олон бүтээлч ажлыг хийсэн аж. Тухайлбал гэр хорооллын 39 байршлын 3126 өрхийг цахилгаантай холбож, 2908 өрхийн цахилгаан хүчдэлийг сайжруулсан байна. Дүүргийн хэмжээнд 71.9 км хатуу хучилттай авто зам тавьж, дөрвөн уулзварт өргөтгөл хийсэн аж. Мөн дүүрэг өөрсдийн санаачлагаар нийт 18 хорооны 225 гудамжинд 89.7 км урт шороон замыг хусч тэгшилэн засварласан байна. Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цэргийн эмнэлгийн төв цогцолбор барилга, Амгалан амаржих газар, “Жанжин” соёлын ордон, “Алдар” спорт хорооны барилгууд баригдсан байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр ахмадуудад зориулан “Баянзүрх-Шижир” амралт, сувиллын газрыг барьж ашиглалтад оруулсан, дүүргийн 50 жилийн ойд зориулан “Дарь-Эх” цогцолборын ажлыг эхлүүлээд байгаа аж.

Дүүргийн хэмжээнд 2013 оноос хойш 13 цэцэрлэг, зургаан сургуулийн байр шинээр, гурван сургуулийн байрыг өргөтгөн барьсан байна. Энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 79.5 хувь, ерөнхий боловсролд хамрагдалт 99.2 хувьтай байгаа аж.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүрэгт 2017 онд улс, нийслэл, орон нутгийн төсвөөр 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгагдсан байгаа” гэв. Энэ онд тус дүүрэг өмнөх жилүүдэд хийгдэж байсан ажлуудаа цааш үргэлжлүүлнэ. Мөн шаардлагатай газруудад сургууль, цэцэрлэг, барихаас гадна 1000 хүний суудалтай спорт цогцолбор, цагдаагийн хэлтэс зэрэг хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)