О.Сундуй: Хүүхдийн зохиолч гэгдэж байгаа бол бүр ч их хичээж, өөрийгөө дайчилж бичих ёстой

 

        Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч О.Сундуйтай “Дэлхийн хүүхдийн номын өдөр”- ийг тохиолдуулан хөөрөлдлөө. Тэрбээр “Долоон хожгор, нэг можгор” хүүхдийн дуурь, “Агь хүү Сиддхартагийн аялал” жүжиг, “Зуслангийн чөтгөр”, “Шарга даага”кино, “Мэхт мэхэндээ”, “Уруул нь урт хушуу болсон нь”, “Мөөлөө гөөлөө хоёр”, “Зуны нар мөхөөлдсөнд дуртай” зэрэг хүүхдэд зориулсан олон арван бүтээлийн эзэн билээ.

 

-Юуны өмнө танд “Дэлхийн хүүхдийн номын өдөр”-ийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа. 1967 оноос эхлэн аугаа их үлгэрч хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Соёлт хүн төрөлхтөн хүүхдийг номтой нөхөрлүүлэх нь их чухал гэж үзсэн учраас л энэхүү өдрийг тэмдэглэх болсон биз ээ.

 

-Утга зохиолын ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байв?

 

-Би Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул. Хүүхэд байхаасаа л шүлэг бичдэг байлаа. Сумынхаа бага, дунд сургуулийг дүүргээд 1976 онд Багшийн сургуульд элсч оюутан болов. Тэр үед сургуулиудад утга зохиолын хүчтэй дугуйлангууд байдаг байлаа. Шүлэг зохиол сонирхдог болохоор сургуулийнхаа дугуйланд явсан. Манай дугуйланг зохиолч Д.Даржаа, П.Пүрэвсүрэн нар удирддаг байлаа. Анх “Ээж” шүлгээ сургуулийнхаа ханын сонинд гаргаж байсан. Тухайн үед эхлэн бичигчийн шүлгийг сонин сэтгүүлд барагтай бол хэвлэдэггүй, сургуулийн ханын сонинд гаргадаг байсан юм. Дугуйлангийнхаа нөхөдтэй санаа бодлоо хуваалцаж, шүлэг яруу найргаа уншиж, багшаасаа, нөхдөөсөө шүүмжлэл сонсдог байлаа. Ийн дөрвөн жил шүлэг яруу найргаар амьсгалж байгаад 1983 онд сургуулиа төгсч бага ангийн багш болсон. Нутагтаа дөрвөн жил ажиллаж билээ.

 

-Хэзээнээс хүүхдийн зохиол руу шуудран орсон бэ?

 

-Бага ангийн багшаар ажиллаж байхдаа хүүхдүүдээр үлгэр, оньсого, шүлэг зохиолгоно. Хүүхдийн ертөнц их гэгээн, өхөөрдөм шүү дээ. Тэдний ярьж хэлж, бодож хүсч байгааг сайн ажиглавал тэр чигээрээ уран сэтгэмжийн ертөнц. Уран сайхны сэтгэлгээг нь ажиглаж байгаад би өөрөө бас шүлэг зохионо. Тэдэнд тохиолдсон явдал, тэдний ярианаас санаагаа олно. Ингээд л шавь нараа дагаад хүүхдийн зохиол руу орчихсон юм. 1987 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийн оюутан болохдоо яруу найргийн болон хүүхдэд зориулсан шүлгийн нэг, нэг номтой ирж байлаа. Д.Цэнд багш, Д.Оюунбадрах багш нарт номоо уншуулсан чинь “Хүүхдийн шүлгүүд чинь зүгээр юм байна” гэсэн юм. Тэгээд л хүүхдийн зохиол руу шулуухан орсон доо. Анх “Долоон хожгор, нэг можгор” хүүхдийн дуулалт жүжгийн цомнол бичсэн. Хөгжмийн зохиолч Г.Цэндорж гуай хөгжмийг нь бичиж Хүүхдийн ордны тайзнаа амилуулсан. Энэ тухай Ж.Мягмарсүрэн маань\СГЗ\ “Өдрийн сонин” дээр мэдээ бичиж, тэнд намайг хүүхдийн зохиолч гээд анх удаа цоллосон юм. Надад ахадсан атлаа нэг л их дотно сайхан нэр санагдаж билээ. Түүнээс хойш хүүхдээр овоглож хүүхдэд зориулсан ном, дуу, жүжиг, кино гээд бүхий л төрлөөр бичиж явна даа.

 

-Хүүхдийн зохиолыг бичихэд хүүхдийн сэтгэхүйгээр бичих шаардлага тулгардаг байх. Та зохиол бүтээлийнхээ санааг яаж амилуулдаг вэ?

 

-Хүүхдийн зохиол бичнэ гэж бодож сууж байгаад хүүхдийн зохиолыг биччихгүй. Эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хүүхдүүдийн яриа, тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдал, тэднийг харж байж би санаагаа олдог.

 

-Хүүхдийн номын үг хэллэг тааруу, агуулга нь муу гэсэн шүүмж сүүлийн үед их гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

 

-Сүүлийн үед хэн хүн хүүхдийн зохиолыг бичихэд амархан гэж бодож, муу зохиол бичиж байна. Зарим зохиолыг харахад хөгийн юмнууд биччихсэн байх юм. Хүүхэд уншихын аргагүй хэл найруулгатай ном олон тааралдах боллоо. Хүүхдийн зохиолч гэгдэж байгаа бол бүр ч их хичээж, өөрийгөө дайчилж бичих ёстой. Яагаад гэвэл, зохиолыг нь хүүхэд уншина. Хүүхдүүд зохиол бүтээлийн сайн мууг ялгаж салгаж чадахгүй шүү дээ. Тийм учраас тэдэнд хамгийн сайн бүтээлээрээ бэлэг барьж байх учиртай юм. Хүүхдэд муу зохиол уншуулж байснаас огт ном уншуулахгүй байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ ямар ном сонгож уншуулах тал дээр уншигчийн өндөр боловсролтой байх нь чухал. Бас бага ангийн болон хэл уран зохиолын багш нар хүүхдэд ямар ном унших чиг хандлагыг нь залж өгөх ёстой. Бага ангийн багш гэдэг “их багш” юм шүү дээ.1990 оноос өмнө төр засгаас хүүхдийн зохиолд уран сайхны шалгуур их тавьдаг байж. Одоо бол ямар ч хяналтгүй болсон. Зарим сургуульд очиход хүүхдүүдэд ихэвчлэн комикс, зурагтай ном уншуулж байна. Энэ нь хүүхдийг номонд дурлуулах биш холдуулж буй явдал юм. Тэд том болоод зураггүй текст ихтэй номыг залхуураад уншихгүй болчихно. Уран зохиол нь хүүхдийн уран сэтгэмжийг үгийн урнаар хөгжүүлэх ёстой зүйл байтал зүгээр зураг харуулчихаар тэдний сэтгэхүй хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр бид одоо хүүхдүүдээ ямар ном уншиж байгаад анхаарал тавих цаг ирсэн. Өнөөдөр дэлхийд баримтат зохиол түлхүү хөгжиж байна. Уран зохиол байх, байхгүйн тухайд ярих болж. Цахимжсан, технологижсон зуунд хүний тархи толгой зүгээр л баримтад тулгуурласан сэтгэлгээтэй болоод уран сэтгэмжгүй болж байгаа нь энэ. Уран зохиол алга болчих юм бол хүний уран сэтгэмж түүнтэй хамт мөхнө.Тиймээс хүн байх юм бол уран зохиол байх болно. Уран зохиол байхгүй бол адгуус болж хувирна байх. Дэлхийн шинжлэх ухааны томоохон нээлтийг хийсэн хүмүүс хүүхэд байхдаа уран зохиол их уншдаг байсан, уран сэтгэмж нь их хөгжсөн байдаг гэсэн судалгаа байдаг шүү дээ. Тиймээс л хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх хэрэгтэй.

 

-Орчин үед хүүхдүүд номноос холдож, цахим ертөнцөөр аялж, тоглоом тоглож, утсаараа оролдож цагийг өнгөрөөх болж. Тэднийг яаж номонд дуртай болгох вэ?

 

-Бидний амьдарч буй цаг үе их амаргүй юм. Сайн муу мэдээлэл холилдсон цахим ертөнц хүүхдийг өөрийн эрхгүй татаж байна. Хүн хүнээрээ байх хэцүү болж байна уу даа. Хүүхдээ зөв хүн байлгахын тулд эцэг эхчүүд хүүхдээ ном уншуулж хэвшүүлэх хэрэгтэй. Уншуулах ёстой гээд зүгээр суугаад сургуульд орсон хойно нь номын бараа харуулах биш. Энэ нь сайн үр дүнд хүрэхгүй. Хүүхдийг дөнгөж мэдээ орсон цагт нь эцэг эхчүүд ном уншиж өгөх ёстой юм. Ер нь хүүхэд номыг гайхалтай зүйл гэдгийг ойлгосон цагтаа л дурлана шүү дээ. Харамсалтай нь, өнөөдөр оюутан залуус дэлхийн хүүхдийн зохиолын томоохон төлөөлөгч Ханс Кристиан Андерсен, А.Толстой... гээд за ер нь шилдгүүдийг мэдэхгүй байна. Оюутан залуус ямар мэргэжилтэй болох нь хамаагүй. Бүгд л эцэг эх болно шүү дээ. Тэгэхээр бидний ирээдүй хүүхдэдээ ямар зохиол уншуулахаа мэдэхгүй байдал тулгараад байна. Эцэг эхчүүд сайн уншигч байж л хүүхдэдээ зөв ном уншуулна. Тиймээс залуусаа уран зохиолын мэдлэг боловсролтой болгох нь ихээхэн чухал байна.

 

-Хүүхдэд зориулсан шинэ жүжиг, кино цөөн гарч байгаа талаар эцэг, эхчүүд гомдоллодог. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

 

-Хүүхдэд зориулсан бүтээлийг хийхэд уран бүтээлчид ашиг орлого олох нь бага байдаг. Монголчууд “савангийн дуурь”, олон ангит киног их үзэх юм. Харин хүүхдэд зориулсан бүтээлийг шинээр хийхээр үзэхгүй. Нөгөө уран бүтээлчид нь орлогоороо шатчих юм. Тиймээс хүүхдийн жүжиг, кино хийхгүй байна гэж хэлж болно. Ингээд л хүүхдийн тайз, дэлгэцийн бүтээл сайн хөгжихгүй байна. Үүнийг хөгжүүлэх боломж уг нь бий. Төр засаг, хүүхдэд элэгтэй, сэтгэл санаачлагатай бизнес эрхлэгч мөнгө гаргаж уран бүтээл захиалгаар хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн уран бүтээлийг ер нь орлого олох зорилгоор хийж болохгүй. Энэ нь ч боломжгүй юм. Хүүхдэд зориулсан ном, кино, жүжиг бичээд мөнгө олсон хүн цөөхөн байдаг. Хүүхдийн номыг чанартай сайн, өнгө будаг нь тод хэвлэх ёстой байдаг. Тиймээс өртөг өндөртэй. Ингээд л зохиолч ашиг олох боломжгүй байдаг. Ер нь төр засгаас бодлогоор хүүхдийнхээ оюун санааг зөв авч явах ёстой. 1990 оноос хойш манай бүх зүйл чөлөөт эдийн засагт орсон. Ингэснээр улс орны зарим үнэт зүйл үгүй болж байна. Үнэт зүйлийн нэгдүгээрт хэл соёл орно. Бид ирээдүй хойчоо яавал монгол хэлтэй нь үлдээх вэ гэдэг дээр улс орон анхаарах үүрэгтэй. Заавал улс орон ч гэлтгүй монгол хүн бүр анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийн уран бүтээлд шалгуур тавих, Монголын түүх, соёл, ёс заншлын талаар төрөөс захиалга өгч бүтээл хийлгэж болно. Энэ жил Багшийн сургуулийн 95 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлээс гадуурх уншлагыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр бага ангид уран зохиолын унших бичиг гэж байхгүй болж. Унших бичиггүй болчихоор хүүхдүүд хичээлээс гадуур уран зохиол унших нь бага болоод байна. Энэ мэтчилэн асуудлыг хэлэлцэж шийдэх цаг болсон санагдана. Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтөн ХХI зууны хүүхэд ямар байх вэ гэдэг дээр их анхаарч байна. Энэ зууны хүн аливаа тулгарсан асуудлыг өөрөө шийддэг, тунгаан бодох чадвартай, хүмүүстэй зөв боловсон харилцдаг байхыг их чухалчилж байна. Эдгээр чадварыг хүүхэд гэр бүл, номноос олж авдаг. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдийн уран зохиолыг үнэт зүйлсийнхээ тоонд оруулсан байна.

 

-Манайд хүүхдийн зохиолын чиглэлээр бичдэг зохиолч хуруу дарам цөөн байдаг. Яагаад энэ чиглэлээр чадалтай сайн зохиолчид бичихгүй байна. Тогоонд нь байгаа хүний хувьд та ямар бодолтой байна вэ?

 

-Хүүхдийн зохиол бичдэг зохиолч цөөрч байгаа нь үнэн. Сүүлийн үед роман, яруу найраг бичдэг хүмүүс л олширч байна шүү дээ. Хүүхдийн зохиол бичиж гарч ирж байгаа залуус цөөхөн. Энд төрийн бодлого байх учиртай.

 

-Таныг шавь бэлдэж байгаа гэж сонссон?

 

-Хүүхдийн зохиол бичих сонирхолтой залууст зөвлөгөө өгч дэмжиж байна. Хүн бол өөрөөрөө дуусчихаж болохгүй. Үргэлжлэлээ бэлтгэх хэрэгтэй. Хүүхдийн зохиол бичиж, хүүхдийн зохиолч гэж нэрлэгдэж байгаагийн хувьд би үүрэг хариуцлага үүрнэ. Хэн ч надад үүрэг хүлээ гэж хэлээгүй ч би хүлээх ёстой гэж боддог. Тийм ч учраас хойч үеэ бэлтгэхээр залуусын зохиол бүтээлийг уншиж, зөвлөгөө өгч, сайн мууг нь хэлж байна. Хэдэн сайхан залуу байгаа. Тэд маань хүүхдийн зохиол тууштай бичээсэй л гэж хүсч байна даа.

 

-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж сууна вэ?

 

-“Мир” хэвлэлийн газартай хамтран хэвлүүлэх хүүхдэд зориулсан шүлгийн ном маань удахгүй гаргах гэж байна.

 

Б.Мөнх-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Б. Мандуухай (66.181.161.93)

    2020-11-08

    Надад маш их таалагдлаа. Гэхдээ зохиосон зохиолууд нь хаана байгаан

  • Батзаяа (202.126.90.97)

    2020-10-07

    Үнэхээр гайхалтай oh my god чупасэйко

  • (103.9.88.210)

    2017-04-27

    мундаг зохиолч багш хүндэтгэж явдаг хүмүүсийн маан нэг. зохиолчийн талаар илүү ихийг хаанаас мэдэж болох вэ?