Д.Түвдэндорж: Урлагийн бүтээлийг гоё хийхдээ биш, юу үзүүлэх нь чухал

 

        Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Д.Түвдэндорж нь Польшийн Гданьск хотын Урлагийн академийг амжилттай төгссөн нэгэн. Тэрбээр гадаадын олон улсад Монгол Улсын нэрийг гаргаж яваа уран бүтээлч юм. Түүнтэй урлагийн талаар цахимаар ярилцсанаа хүргэе.

 

-Өнгөрсөн жил та "Монголын модерн уран баримал" үзэсгэлэн дэлгэж, жижиг уран баримлын онцлогийг өөрийн бүтээлдээ жишээ авч тайлбарлаж байсан. Сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна?

 

-Уран баримал нь дотроо том баримал буюу гадна орон зайн, жижиг баримал буюу дотор орон зайн болон дурсгалын зүйл, одон, медалион, цомог, зоосны эх загвар хийх гэх мэтээр хоёр хуваагддаг л даа. Манайд уран баримлын урлагт жижиг баримлын тухай ойлголт дутагдалтай байдаг юм. Тиймээс өөрийн сурч байсан Польшийн Гданьск хотын Урлагийн академид 1-2 курсдээ хийж байсан жижиг релиeфийн бүтээлүүд болон дараа нь сургуулиа төгсөхдөө хийсэн бүтээлүүдээ өнгөрсөн жил үзэгчдэдээ үзүүлсэн. Манай ДУДС-д ийм хичээл ордоггүй. Уг нь орж байвал зүгээр. Шинэ уран бүтээлийн хувьд энэ жил арай өөр зорилготой байгаа болохоор түр хойшлуулсан. Арт деко үйлдвэрлэл (шаазан, керамикаар олшруулах боломжтой урлагийн жижиг бүтээгдэхүүн үйлдвэрлэл) явуулахыг зорьж байна. Тиймээс энэ чиглэлийн эх загварыг хийхээр олон ажил төлөвлөж байна.

 

-Та жил бүр нутагтаа ирж уран бүтээлээ толилуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд уран бүтээлээ хэзээ дэлгэх гэж байна вэ?

 

-Энэ жил төлөвлөсөн зүйл алга. Өнгөрсөн хоёрдугаар сард Англи улсад амьдарч байгаа Монгол Улсын соёлын элч Ж.Өнөрмаатай холбогдож "International Art Fair Oxford " гэж Лондон хотод болсон урлагийн арга хэмжээнд таван бүтээлээрээ оролцлоо. Ж.Өнөрмаа "Эволюц" бүтээлийг маань үзэгч олны анхаарлыг их татлаа гэж байсан. Цаашид өөр үзэсгэлэнд үзүүлж толилуулна гэж байсан.

 

-Та эпокси, гууль, силикон гээд олон төрлийн материалаар бүтээлээ урладаг. Бүтээлээ хийх материалаа хэрхэн сонгодог вэ?

 

-Аливаа бүтээлийг хийхэд ямар материалаар урлах нь их чухал. Сайн бүтээл хийхдээ материалаа буруу сонгочихвол бүтээл нь учир дутагдалтай болно. Материал болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь, чулуу маш өвөрмөц материал, янз бүрийн бүтэцтэй. Гантигаар хийсэн том бүтээлүүдийг харахад нарийн ур хийцтэй байхад боржин бүтээлүүд чулууныхаа бүтцийг алдагдуулахгүй байх жишээтэй. Зарим чулуу өөрөө байгалиасаа өвөрмөц гоё хэлбэртэй байдаг. Польшийн сургуулийн багш нар аливаа материалын тэр давтагдашгүй шинж төрхийг аль болох алдагдуулахгүй, болж өгвөл ашиглахыг зөвлөдөг байв. Бүтээлийн санаа байхад түүнийг ямар материалаар хийх вэ гэж бодолцох шаардлага аяандаа өөрөө гарна. Зарим тохиолдолд гоё сонирхолтой материал байхад нэг ийм юм хийж болох юм байна даа гэж бодогдоно.

 

-Таны уран бүтээлийн хэв маяг ерөнхийдөө монгол ахуй, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн урлагтай хослуулсан байдаг?

 

-Миний ихэнх бүтээлээс монгол ахуй, соёлтой холбоотой элементүүд, санаа харагддаг гэж хүмүүс хэлдэг. Ер нь нүүдэлчин ахуй амьдрал, буддын шашин, бөө мөргөл манай уран бүтээлчдийн сэдэв юм. Үүгээрээ бид дэлхийд танигдах учиртай. Миний хувьд хичээл заалгаж байсан хоёр профессорынхоо ачаар монгол ахуйгаа илүү их мэдэрдэг болсон. Оюутан байхдаа Польшийн оюутнуудтай адил төстэй (европ маягийн) бүтээл хийвэл баримал, зохиомж проектын хичээлийн багш нараасаа байнга сануулга авдаг байлаа. Тэд “Чамаас чиний соёл иргэншил, ахуй харагдахгүй байна. Хийсэн бүтээлээс чинь чиний соёл урлаг, зан заншил харагдаж байх ёстой” гэсэн шаардлага үргэлж тавьдаг байсан. Үүний ачаар би уран бүтээлээрээ үндэсний зан заншлыг харуулахыг зорьдог болсон. Бид үнэхээр бахархам түүхтэй улс. Ийм их баялаг түүхтэй соёл, шашинтай улс олон биш. Тиймээс энэ боломжоо ашиглаад дэлхий нийтийг хамарсан асуудлыг ч юм уу, нүүдэлчин болон шашны (буддын, бөөгийн) зан заншил ахуйтайгаа холбон сэдэвлэн уран бүтээлээрээ дүрсэлж үзүүлбэл сонирхолтой байх болов уу.

 

-Сүүлийн үед Монголын дүрслэх урлагт контемпорари урлаг түлхүү хөгжиж байна. Дүрслэх урлагийн салбар сонин урсгал чиглэлээр баяжиж байна. Зарим уран бүтээлч инстоляц, поп болон видео арт, перформанс зэрэг төрөлд хүч үзэх боллоо. Уран бүтээлч хүний хувьд эдгээр урлагийн талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Сүүлийн хоёр гурван жилд манай уран бүтээлчид контемпорари урлагийн бүтээл их шаргуу туурвиж эхэлсэн. Үүнд “976” арт галарейн захирал Б.Гантуяа хоёр жилийн өмнө Венецийн олон улсын урлагийн биeнналд Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн үзүүлсэн нь их нөлөөлсөн болов уу. Нэлээд хэдэн жилийн өмнөөс "Ногоон морь","Хөх нар" ,"Шинэ урлагийн холбоо" тэргүүтэй холбоо, Д.Эрдэнэбилэг, Л.Далх- Очир, П.Хуяг-Очир зэрэг цөөн уран бүтээлч мэр сэр энэ чиглэлийн үзэсгэлэн гаргаж энэ урлагийн шанг татаж, монголчуудад таниулж байсан санагдана. Өнөөдөр энэ урлаг нэлээд түгээмэл ойлголт болжээ. Би 2002, 2004 онд “Шинэ урлагийн холбоо”-ноос зохион байгуулсан "Огтлолцол" олон улсын арт фестивальд оролцож байлаа. Япон, Орос, Украин, Герман, Румын, Тайваний уран бүтээлч, урлаг судлаачид оролцож уран бүтээлийн талаар халуун яриа өрнүүлж билээ. Контемпорари урлаг нь тодорхой концепц (санаа) дээр тогтдог урлаг. Урлагийн бүтээлийг гоё сайхан хийсэндээ биш юу үзүүлэх гэж байгаа нь чухал юм. Мөн нийгэмд тулгамдаж буй асуудлыг бүтээлээрээ хөндөж байх хэрэгтэй. Тиймээс ямар нэгэн концепц үзүүлэхийн тулд уран бүтээлч бүтээлээ туурвихад ямар зэмсэг, хэлбэр (видео, фото, инстоляц, перформанс зэргийг) хэрэглэх нь чөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл бүтээлээ туурвихад биднийг хүрээлэн байгаа орчин, бүх эд юмс, мэдээллийн системтэйгээ цуг бүтээл хийх зэмсэг нь болж байна гэсэн үг. Манайхан саяхныг хүртэл урлагийн бүтээл гэхээр уран зураг, баримал гэсэн ерөнхий ойлголттой байсан. Тийм болохоор контемпорари арт нь өргөн боломж олгож байна л даа. Сэдвийн хувьд ч бүтээлээ туурвих орчин материалын хувьд өргөн боломж бий болж байна. Гэхдээ өмнө нь сонгодог урлагт шаардлага тавьдаг байсан шиг тодорхой хэмжээний эстeтик(гоо зүйн) байх учиртай. Ямар ч инстоляц хийсэн тодорхой хэмжээний орон зайн зохиомжийн шийдэл байх ёстой. Энэ чиглэлээр сонирхолтой уран бүтээл хийж байгаа залуус олон байна. Сүүлд Н.Содномцэрэн багш С.Одмаа нарын хамтарсан үзэсгэлэн дээр дэлгэсэн инстоляц баримал их таалагдсан. Олон Будда авс шиг завин дээр суугаад урсч, сэлж байгаа нь сонирхолтой санагдсан. Энэ жил Венецийн биeнналд монголчууд бүтээлээ дэлгэнэ. Нэг зүйлийг онцлон хэлэхэд манай контемпорари урлагт өөрийн гэсэн чиг шугам алга. Урлаг судлаач шүүмжлэгчид ч гэсэн тодорхой дүгнэлтэд хүрээгүй. Урлагийнхан зорилго чиг шугамтай байх учиртай. Сүүлийн үед Outsider (нийгмийн гадна оршигч) гэсэн хэллэг урлагт хэрэглэдэг болоод байгаа. Урлаг сурталчлагч гэх үү дээ (кураторууд) тийм Оutsider - уудийг хайж байгаа. Бидний амьдарч байгаа нийгмээсээ өөрөөр сэтгэдэг (шинэ, гаж) уран бүтээлч хайж байна гэсэн үг. Тийм Оutsider байвал биднийг дэлхийд танилцуулах юм.

 

-Ер нь уран бүтээлч хүн ямар нэгэн урсгал чиглэлд баригдах нь зөв үү?

 

-Орчин үед уран бүтээлч универсал байх шаардлага тулгарч байна. Тухайн уран бүтээлчээсээ шалтгаалах байх. Ер нь ямар нэгэн урсгалд баригдах хэрэггүй л дээ.

 

-Шинэ бүтээлийн санаа олох, түүнийгээ амьдруулах хоёрын аль нь хэцүү вэ?

 

-Бүтээлийн санаа олоход нэг их түүртэх зүйлгүй. Харин олсон санаагаа яаж үзүүлэх вэ гэдэг нь асуудал.

 

-Таны бүтээлийг судлаач шүүмжлэгчид үнэн зөвөөр үнэлж дүгнэж байв уу. Зарим хүн урлагийн бүхий л салбарт шүүмж дутагдаж байгаа гэж ярьдаг. Дүрслэх урлагт шүүмж хэрхэн хөгжиж байна вэ?

 

-Манайд шүүжлэгч алга. Уран бүтээлчид бүтээлээ үнэлүүлж, алдаа оноогоо мэддэг байх учиртай. Шүүмж нь урлагийг зөв голдиролд оруулах хэрэгсэл юм. Манайд ямар нэгэн үзэсгэлэн шинээр гарахад уран бүтээлч ихэнх тохиолдолд өөрөө бүтээлээ тайлбарлаж байдаг. Уг нь өөр улс оронд урлагийн галерей болгон урлаг шүүмжлэгч, судлаачидтай байдаг. Тэд үзэсгэлэнгээ дэлгэж байгаа бүтээлчидтэйгээ ярилцаж үзэсгэлэнгийн ач холбогдол үзэл санааг нь уран бүтээл дээр тайлбарлаж өгдөг юм. "Уран бүтээлч сумаа буудлаа, урлаг судлаач тэр сумыг нь тээдэг" гэж үг байдаг. Манайхан үүнийг бодох цаг нь ирсэн. Монголын дүрслэх урлагт 1990 оноос хойш олон чиглэл урсгал орж ирлээ. Урлагийн түүхээ ч шинэчлэх цаг ирсэн. Социалист реализмын үеийн хэдэн төлөөлөгчөөр манай урлагийн түүх дуусч болохгүй биз дээ. Бас ирээдүй хойч үедээ урлагийн зөв хүмүүжил, мэдлэг олгох хэрэгтэй байна. Дэлхийн хөгжилтэй улс орнуудад том хотууддаа урлагийн төв байгуулаад хүүхэд залуучуудаа бэлтгэж байна. Гэтэл манайд Соёлын яам, соёлын бодлого гэж алга. Бид чинь дэлхийн соёл иргэншлийг өөрчилсөн аугаа их түүхтэй ард түмэн шүү дээ.

 

Б.Мөнх-Эрдэнэ

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)