КFW төслөөс олгосон гал унтраах машинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтраалаа

 

        Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны ДЦГ-ын орчны  бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад өнгөрсөн сарын 31-нд ой, хээрийн түймэр гарсан.  Түймрийн улмаас нийт 900 орчим га талбай шатсан байна.  

 

Түймрийг Тусгай  хамгаалалттай газрын хамгаалалтын  захиргааны 12 ажилтан, гал унтраах 50 дугаар анги, орон нутгийн нийт 100 орчим иргэд хамтран богино хугацаанд цурманд оруулжээ. Уг ажиллагаанд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд олгосон ой, хээрийн түймэр унтраах зориулалттай УАЗ–390945-460 Фермер маркийн автомашин, багаж хэрэгслийн тусламжтайгаар  түймрийг  богино хугацаанд  унтраажээ. Урьдчилсан дүгнэлтээр бүрэн унтраагүй тамхины ишнээс гал гарсныг тогтоосон байна. Мөн энэ сарын 1-нд Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 60 га газарт хээрийн түймэр гарсныг шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд  ойн бүс рүү орохоос өмнө цурманд оруулж  чадсан байна. Иймд, хуурайшилт ихтэй үед  иргэд, малчид санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

 

Дашрамд дурьдахад, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар /КFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл 2015 оноос хэрэгжиж   байгаа билээ. Уг төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын  14 захиргаадад  гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон автомашин,  багаж хэрэгслийг өнгөрсөн сард хүлээлгэн өгсөн юм.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)