Б.Бат-Эрдэнэ: Монгол банхарыг гаднынхан өөрсдийн нэрээр дэлхийд бүртгүүлэхээр санаархаж байна

 

        Хятад улс өөрийн нэр дээр хөөмийг бүртгүүлж шуугиан тарьсан шиг монгол банхар нохойг гадаадын орон өөрийнх хэмээн өмчлөхөөр улайрч эхэлжээ. Энэ талаар Монголын нохой судлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Монгол банхар” клубийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.

 

-Монголын нохой судлалын холбоо болон “Монгол банхар” клубийн талаар товч танилцуулна уу. Монгол банхарыг гадаадын зарим орон өөрийн нэр дээр бүртгүүлэх гэж хөөцөлдөж байна гэж сонслоо. Энэ үнэн үү?

 

-Үнэн. Монголын нохой судлалын холбоо /МНСХ / 1997 онд анх байгуулагдаж, 2009 оноос албан ёсоор Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага болсон. Манай холбоо нохойтой холбогдсон нийгмийн бүх харилцааг зохицуулах, цэвэр цусны нохдын удмын санг хамгаалах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг Монголдоо энэ чиглэлийн хамгийн том байгууллага. Холбооны дэргэд “Монгол банхар” клубийг байгуулсан. Энэ нь Монгол үндэсний уугуул нохой болох банхарын тоо толгойг олшруулах, дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, цэвэр удмын санг хадгалж үлдэхэд гол зорилго чиглэдэг. Одоогоор “Монгол банхар” клубт цэвэр цусны монгол нохой дагнан үржүүлдэг 35 орчим үржлийн газар харьяалагдаж, Улаанбаатараас гадна Төв, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь, Ховд, Увс, Говь-Алтай зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж байна. Нэг хэсэг монгол банхар устлаа, тоо толгой нь ховордлоо гэж нэлээд ярьсан. Үнэхээр ч нөхцөл байдал тун хүнд байлаа. Харин сүүлийн 15 жилийн хугацаанд монгол банхар үржүүлдэг хүмүүс энэ нохойны тоо толгойг өсгөх талаар тууштай ажиллаж эхэлсэн. Орон нутгаас цэвэр цусны нохойг Улаанбаатарт авчран үржүүлж, тоо толгойг өсгөсөөр өдгөө МНСХ-нд бүртгэл, удмын бичиг, чиптэй 300 орчим монгол банхартай болсон. Түүнээс гадна удмын бичиг, чип аваагүй, бүртгэлгүй мөн тооны нохой байгаа. Өдгөө устах аюулаас аврагдаж монгол банхарын тоо толгой харьцангуй их болсон юм. Харин дэлхийд бид нохойгоо бүртгүүлэх асуудал тулгарч байгаа. Нэг хэсэг монголчууд морин хуур, хөөмий зэргээ ЮНЕСКО-д үндэсний өв соёлоор бүртгүүлэх гэж нэлээд зүйлтэй тулгарсан. Тэр үед хөөмийг Хятад улс өөрсдийн нэг угсаатны өв соёл мэтээр бүртгүүлчихсэн явдал хүртэл гарч байлаа. Яг үүнтэй ижил зүйл монгол банхарт тохиолдох аюул нүүрлээд байна.

 

-Энэ нь юу гэсэн үг вэ. Монгол банхар монголчуудын нүүдэлчин амьдралтай салшгүй холбоотой. Гэтэл яахаараа гаднынхны анхааралд өртчихдөг байна. Энэ талаар тодруулна уу?

 

-Угтаа монгол банхар нь нүүдэлчин монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн нь үнэн. Уртын дуу, хөөмий, морин хуур зэргээс дутахааргүй том өмч. Дэлхий дээр 500 орчим тусдаа бие даасан үүлдрийн нохой бүртгэгдсэн байдаг. Энэ дотор монгол банхар гэсэн үүлдэр байдаггүй. Тодруулбал, монгол банхараа бид Монгол Улсын үндэсний уугуул нохой гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадаагүй байна. Харин энэ хооронд ОХУ-д монгол банхарыг янз бүрийн нэрээр бүртгүүлэх гэж оролджээ. Зарим хүн монгол банхар гэж байдаггүй, түвд нохой гэж үзэх нь ч бий. Тиймээс л бид үндэсний гэсэн нэг ч болтугай зүйлээ өөрсдийн нэр дээр бүртгүүлэх гэж хичээж явна. Дэлхийд бүртгүүлэхийн тулд хэдэн том даваа давах хэрэгтэй болсон. Энэ нь удмын бичиг, чиптэй 800- аас багагүй монгол банхар байх ёстойгоос гадна найман өөр цусны шугам хэрэгтэй гэх мэт хэд хэдэн шаардлага тавьсан. Энэ бүх зүйл боллоо гэж үзвэл бид FCI буюу Дэлхийн нохой судлалын холбоонд хүсэлт гаргаж монгол банхараа бие даасан тусдаа үүлдрээр бүртгүүлэх боломжтой болно.

 

-Тэгвэл дэлхийд монгол банхар нохойг бүртгүүлэх ажилд ямар бэрхшээл тулгарч байна гэсэн үг вэ?

 

-Хамгийн том аюул, саад байгаа нь дээр хэлсэнчлэн ОХУ-ын үржүүлэгчид биднээс өрсч, монгол банхарыг өөр нэрээр дэлхийд бүртгүүлэх гэж байгаа явдал юм. Хойд хөршид бас нэлээд олон үржүүлэгч нэгдэж хэд хэдэн холбоо үүсгээд монгол банхарыг “хотошо”, “барга”, “монгольский овчарк банхар” гэх мэт нэршлээр дэлхийд бүртгүүлэхээр явж байгаа. Бид тэдэнтэй уралдаж нохойгоо дэлхийд бүртгүүлнэ гэсэн үг. Тэднээс өрсөхийн тулд бид монгол банхарын гөлөг бүрт удмын бичиг, чип аваад байхад биднээс шаардаж буй босго тоо буюу 3-5 жилийн дотор 800-1000 хүрэх боломжтой байгаа. Бас судалгааны ажил нэлээд хийх шаардлагатай. Судалгааны ажилд мөнгө төгрөгийн бэрхшээл байдаг. Бас удмын бичиг буюу чип авахын ач тус, гол зорилгыг монгол банхар үржүүлэгчид, тэжээгчид ойлгох шаардлагатай. Бид удмын бичиг, чип авч, монгол банхараа нэгдсэн бүртгэлд бүртгэж байж дэлхийд нохойгоо бүртгүүлэх боломж бүрдэнэ. Удмын бичиг, чипийг бид зүгээр ч нэг үнэгүй гаргадаг эд биш. Чипийг гадаадаас захиж авчирдаг. Удмыг бичгийг нууцлалтай үнэт цаасан дээр хэвлэдэг. Нэг удмын бичиг, чип нийлээд 30 мянган төгрөг байдаг. Санаагаар бол монгол банхараа дэлхийд бүртгүүлэх үйлсэд санхүүгийн дэмжлэг авч, удмын бичгийг хямд үнэтэй болгож чадвал бидний зорилго бүр ч хурдан биелэх юм.

 

-Монгол банхарын бусдаас ялгарах давуу тал юу вэ?

 

-Нохой сонирхдог хүн бүр л өөрийн үүлдрийг бусдаас давуу гэж бодсон учраас тэжээдэг байх. Гадна төрх, зан, ажлын чадвар, эзнээ хамгаалдаг гээд нохой бүрт өөрийн онцлог давуу чанар бий. Монгол банхарын хувьд Монголд эрт дээр үеэс байсан уугуул нохой гэдгээрээ хүн бүрийн хайрыг татдаг. Давуу талын хувьд нэгдүгээрт, ажлын чадвар. Нохойгүй малчны нойр хүрдэггүй гэж монголчууд ярьдаг. Ер нь монгол банхар гэж байгаагүй бол хэчнээн толгой малаа “хээрийн эзэн”-д зооглуулах байсныг төсөөлшгүй. Банхар нь эртнээсээ хонь мал хариулах хөдөлмөрийг 2-3 дахин хөнгөвчилдөг байсан ажилсаг нохой юм. Хоёрдугаарт, дасан зохицох чадвар. Монгол банхар хүйтэнд тэсвэртэй. Өвөл үс ноолуур нь ургаж, зун үсээ хаядаг. Бусад үүлдрийн ноход Монголд ирээд тэжээхэд хэт хүйтэндэх эсвэл хэт халуудах шинж тэмдэг илэрдэг бол монгол нохой эртнээс цаг ууртаа зохицсон байгалийн амьтан учраас ямар ч цаг агаар, орчин нөхцөлд дасан зохицох чадвар илүү. Гуравдугаарт, эзэндээ ээлтэй. Энэ нь нэг төрлийн ухаан гэж хэлж болно. Эзнээ таних чадварын хувьд бусад үүлдрийн нохдоос хавьгүй илүү. Хүүхэд, хөгшид рүү дайрдаггүй гэх мэт зан чанар тэр бүр нохдод байдаггүй. Дөрөвдүгээрт, маш ухаантай. Чонотой тааралдвал тулалдана. Хотонд нь танихгүй хүн ирвэл хуцаж боргооно. Хамгаалалтын чиглэлээр ашиглах боломжтой гэсэн үг. Цас шуурганд төөрсөн хүн байвал аварна. Энэ мэтээр яриад байвал монгол банхарын бахархалт түүх дуусахгүй.

 

-Монгол нохойны бизнес газар авсан гэдэг. Ер нь монгол банхарын үнэ цэнэ ямар байдаг вэ?

 

-Монгол Улс жижиг зах зээлтэй. Гурван сая хүний хэд нь насанд хүрсэн, хэд нь нохой тэжээх сонирхолтой байх вэ гэдгийг бодоод үзвэл бизнес хийж, мөнгө олоод байх салбар энэ биш юм. Гэхдээ нохойгоор бизнес хийж байгаа олон газар бий. Харин монгол банхар үржүүлэгчдийн хувьд олонх нь ашиг харах биш сонирхол, үндсэрхэг үзлийнхээ үүднээс энэ нохойг тэжээн үржүүлдэг. Үнийн хувьд янз бүр. Бусад үүлдрийн нохой жилдээ хоёр удаа гөлөглөдөг бол монгол банхар жилдээ нэг л удаа өвлийн цагт гөлөглөдөг. Тэгэхээр гөлөг гаргаж авахын тулд бүтэн нэг жил нохойгоо тэжээх хэрэгтэй. Гөлөг гарсны дараа вакцин туулга, үйлдвэрийн хоол өгч, удмын бичиг, чип хийлгэх гээд тодорхой хэмжээний зардал гарна. Энэ зардлаа тооцож үзвэл нэг гөлөгний үнэ 150 мянгаас доош байх боломжгүй. Хамгийн гол нь хэчнээн сонирхол хоббигоороо тэжээж үржүүлж байгаа ч гэлээ өдөр бүр нохойдоо зарцуулсан цаг зав, хөдөлмөр гэдэг нэлээд их байдаг. Үнийн хувьд янз бүрийн ханш байдаг ч дундаж ханш 400-500 мянган төгрөг орчимд байгаа. Гөлөгнийхөө том жижиг, бие хаа, удам судраас хамаараад үнэ хэлбэлздэг юм. Түүнчлэн, үйлдвэрийн хоол өгөхгүй, вакцин, туулга хийхгүй бол үнэ нь хямдарч болно.

 

-Банхарын үнэ тэдэн сая боллоо, их үнэтэй зарагддаг гэх мэт мэдээлэл түгээмэл байдаг?

 

-Нэлэнхүйдээ үнэ маш хямд болчих юм бол банхарын үнэ цэнэ унана. Үнэ дагаж чанар гэдгийг бас бодолцох хэрэгтэй. 400-500 мянгад олонх гөлгөө зарлаа гэхэд маш сайн гөлгийг бид нэлээд өндөр үнэлэх нь бий. Гэхдээ хэвлэлүүд дээр гардаг шиг 50-60 сая төгрөгт хүрсэн тохиолдол байхгүй. Зарим хэвлэл монгол банхарыг түвд мастифтай андуурч бичих явдал байдаг гэдгийг зориуд хэлье. Ер нь бол бид монголчууддаа хямдхан өгч гадаад руу үнэтэй зарах бодлого баримталдаг. ОХУ, БНСУ, Итали, Энэтхэг, АНУ зэрэг олон улс монгол банхарыг сонирхдог. Тэдгээрт бол банхараа бид 1000- аас дээш ам.доллараар үнэлэх тохиолдол бий. Гэхдээ түвд мастифф, немц овчарк шиг олон улсад нэр хүндтэй танигдчихсан, үнийг нь өндрөөр тогтоочихсон нохой биш. Одоо л бид гадаадад таниулах гээд зүтгэн ажиллаж байна.

 

-Монгол банхарын тоо толгойг 1000-д хүргэнэ гэлээ. Ер нь тоо толгойг нь өсгөхөөр бас сөрөг зүйл бий юу. Гадуур эзэнгүй нохойн устгал нэлээд явагдаж байна. Энэ мэт гарч болох эрсдэлийг тооцоолсон уу?

 

-Одоохондоо монгол банхарын тоо толгой өсөөгүй байна. Харин ч бүр илүү өсгөх хэрэгтэй. Цаашлаад дэлхий дахинд танигдсан, дэлхий даяар үнэлэгддэг нохой болгомоор байгаа юм. Саяхнаас нохой буудлага эрчимтэй явагдаж эхэлсэн юм билээ. Хүзүүвчтэйгээ явж байсан банхарыг буудаж шархдуулсан хэрэг хүртэл гарсан. Нэг хэсэг хүн тоо толгойг нь өсгөж олшруулах гээд байдаг. Нөгөө талд буудаж хороогоод байдаг асуудал байж болохгүй. Харин нохой устгалын хувьд золбин нохойн хувьд асуудал бол өөр хэрэг. Энэ талаар яривал нэлээд асуудалтай. Монгол Улс 5-10 жилийн дараа золбин нохойгүй болох боломж бий. Гэвч Монголын төр эрдэмтдээ сонсдоггүй гэдэг шиг нохойтой холбогдсон Монголын нохой судлалын холбоо болон “Азтай савар” зэрэг байгууллагын үгийг сонсохгүй байгаа юм.

 

-Монгол банхарыг судалдаг судлаач бий юу. Энэ хүмүүстэй та нар хамтарч ажилладаг уу?

 

-Ер нь монголчуудын амьдралд нохой маш их үүрэг гүйцэтгэж ирсэн атлаа гавьяа шагналгүй, нэр муутай амьтан. Тиймээс нохойтой холбогдсон аливаа асуудалд монголчууд ач холбогдол өгдөггүй, ойлгохыг хүсдэггүй тал бий. Судлах асуудлын хувьд ч нэлээд хоцрогдсон. Дагнасан судлаач гэж хэлчихээр хүн тийм ч олон биш. Монгол банхар судлаач гэвэл А.Осор, Ш.Чулуунбаатар нар байна. Сүүлийн үед залуучууд нэлээд шимтэн судалж эхэлж байна. Монгол банхарын талаар баримтат кино хийсэн Ц.Лувсанбалдан гэж МНСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга хүн бий. Одоо “Монгол банхар” клубийн гишүүн бүхэн тус тусдаа жижиг гэлтгүй судалгаа, баримт цуглуулах ажил хийж байгаа. Гэхдээ бидэнд тоймтой хийсэн яг энэ гээд гаргаад ирэх баримт сэлт бага байна. Хөрөнгө мөнгөний дутагдал л монгол банхар гэж нохойны үүх түүхийг судлахад бэрхшээл учруулдаг байна.

 

-Нохойг тэр дундаа монгол банхарыг хамгаалах талаар холбооны зүгээс дорвитой ямар ажил хийж байна вэ?

 

-“Монгол банхар” клубийн хувьд бид монгол банхартаа анхаарлаа хандуулан ажиллаж байна. Нохойг хамгаалах хоёр л асуудал байдаг. Эзэнтэй, эзэнгүй нохойны зааг ялгаа бий. Эхлээд эзэнтэй нохдын талаар ярилцсан нь дээр байх. Өнгөрсөн жил нохой тэжээгчдээс татвар авах асуудал нийслэлийн ИТХ-аар ярьсан. Энэ үед МНСХ-ны зүгээс нийслэлийн ИТХ-ын хэд хэдэн хуралд сууж нохойтой холбогдсон асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Юуны түрүүнд хотын төв, орон сууцанд нохой тэжээж байгаа иргэд татвар төлж болно гэсэн байр суурийг хэлсэн. Угаасаа бид сар бүр СӨХ- нд мөнгө төлсөн хэрнээ орцны цэвэрлэгчээс авахуулаад оршин суугчдад орон сууцны айлын нохой байнга адлуулдаг. Тэрний оронд улсдаа татвар өгсөн нь дээр гэж үзсэн. Харин нохой тэжээгчид татвар төлснийхөө хариуд эргээд төрөөс дэмжлэг, үйлчилгээ авах ёстой. Жолооч нар машины татвар төлөөд тэр мөнгөөрөө замаа засуулдагтай адил. Харин тэр нь юу вэ гэхээр орон сууцанд нохой тэжээдэг хүмүүс нохойгоо гадаа аваад гарахаар бие засуулах ч газар олддоггүй. Мөн нийтийн эзэмшлийн газраар нохойтойгоо явахад хүндрэл гарах тохиолдол бий. Наад зах нь нохой чинь баачихлаа, шээчихлээ гэх зэрэг асуудал тулгардаг. Тиймээс нохой тэжээгчдийн төлсөн татварын мөнгөөр нохойгоо салхилуулж болохуйц цэцэрлэгт хүрээлэнтэй болох асуудлыг бид тавьсан. Дүүрэг бүрт нэг жижиг цэцэрлэгт хүрээлэн гэсэн саналыг өгсөн. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн спорт талбайд нохойгоо баалгаж, шээлгэдэг асуудал намжихаас гадна иргэд нохойгоо салхилуулах талбайтай болох юм. Харамсалтай нь, нийслэлийн ИТХ-аар нохой тэжээгчдээс татвар авах асуудал дэмжигдээгүй.

 

-Нохойтойгоо ороод салхилж болох талбай, цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатарт огт байдаггүй хэрэг үү?

 

-Нийслэлд нэг ч байхгүй. Ганц Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүртэл нохойтой орохыг хориглодог. Харин бид сонгуулийн өмнө энэ талаар ажил эхлүүлье гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагатай уулзаж санал солилцоод, тус цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн нохой тэжээгчдэд зориулсан жижиг талбайг бидэнд гаргаж өгөхөөр тохиролцож чадсан. Өөрсдөө тохижуулаад талбайтай болох нааштай хариу сонсч байсан. Гэсэн ч өдгөө энэ асуудал шийдэгдээгүй. Тиймээс одоогоор нохой тэжээгчид болон үржүүлэгчдэд нохойгоо нийтийн эзэмшлийн гудамж талбайд боловсон авч явах талаар мэдээ мэдээлэл хүргэх ажлыг л хийж байна. Тухайлбал, нохойгоо олон нийтийн газар хошуувчтай явуулах, гудамжинд баалгасан бол тусгай уутаар ялгадсыг цэвэрлэж аваад хогийн саванд хаях гэх мэт зүйлийг хэлж, уриалж, хэвшил болгох талаар мэдээллийг түлхүү хүргэж байна.

 

-Нохой сонирхдог хүүхэд, залууст хандаж юу хэлэх вэ?

 

-Хүн тэжээж үзэхийн өмнө амьтан тэжээгээд үз гэж хэлмээр санагддаг. Амьд амьтан тэр дундаа нялх гөлөг тэжээнэ гэдэг хүүхэд арчлахаас өөрцгүй өндөр үүрэг хариуцлага үүрдэг юм. Хоолыг цагт нь өгнө, ихэдвэл хордлого авна, багадуулж турааж болохгүй. Агаар салхинд гаргаж рахит тусахаас сэргийлнэ. Нийгэмшүүлж сургана гээд их ч зүйл сурч авна. Хүүхэд өсгөх үүрэг хариуцлага гэж юу байдгийг амьтан тэжээж үзээд мэдэрнэ. Мөн нохой, амьтан тэжээх сонирхол нэгтэй хүмүүстэйгээ ойртож дотносдог тал бий. Гол нь нохойг гоёлын хэрэгсэл, хэлбэр гэж харалгүй арчлах хэрэгтэй. Нохой тэжээж байна гээд торонд хориод эсвэл гинжинд насаар нь уяж, бүр хоол унд ч өгөхгүй тамлах явдалтай бишгүй таарч байлаа. Сэтгэлийн хөөрлөөр, эсвэл бэлэг сэлт болгон нохой тэжээх шийдэл гаргаж болохгүй шүү гэдгийг зориуд хэлмээр байна.

 

Б.Даариймаа

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • за (202.179.25.225)

    2017-04-10

    Их хурлаар оруулж ирэх жилийн төсөвт оруулах саналтай байна

  • За (202.179.25.225)

    2017-04-10

    Тэгээд эртхэн бүртгүүлж байхгүй. Одоо нэг хүн томилж бүртгүүлэхээс

  • unshigch (62.203.140.214)

    2017-04-10

    tegeed byrtgyylehiig chini hen baig gee vee. chinii gar holiig hen negen tushaa u. mongol guilgachin chamd banhraa byrtgyyleh gehleer batlamjind ni toloh Zoos baihgyi l dee

  • yu (202.70.46.229)

    2017-04-10

    Hutsdag haltaruud shuu. Oorsdoo buh gaigui mongol gesen golognuudee orsuudad zarsan baij. Mnsh ch geh shig yamar ch hamaagui nohoi avch ireed 60 g toloood boloo ch gejshig zolbin nohoin hulgaich nar