Гэр бүлийн хүчирхийлэл буурчээ

 

        ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулган зохион байгууллаа. Чуулганд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багт ажиллах 21 аймаг, есөн дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцсон юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт чуулганыг нээж “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас мянга мянган хүний элэг зүрх эмтэрч, олон хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ гунигтай гундуухан амьдарч байна. Айл гэрийн ноён нуруу хугарч, авааль гэргийнх нь итгэлийн хана нурж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

 

Амьдрал хайр дээр, бас аргадал ухаарал дээр тогтдог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх амин сүнс нь олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил юм. Алдахаас нь өмнө аминчилж хэлэх, сэвтэхээс нь өмнө ойлгуулах шиг чухал зүйл үгүй. Гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар “нүдэн балай, чихэн дүлий” өнгөрдөг байдлыг халж, түүнийг мэдээлэх ёс зүйг олон нийтэд төлөвшүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болж ажиллах зайлшгүй шаардлагатай. Хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал нь зөвхөн хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагын ажил биш. Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж, хүчирхийлэлтэй нийтээрээ тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд гэсгээл зэм зайлшгүйг ойлгуулах нь хамгаас чухал. Бас эндэж алдсан нэгэнд үйлдлээ хянах, үгээ цэгнэх гэмшил ухаарал хайрлаж, гэр бүлээ өрхийн тэргүүн, үрийн эцэг шиг авч явах сэтгэлийн хүчийг бэлэглэх нь хамгаас үнэ цэнэтэй. Ганц баганатай гэр салхи шуурганд хэврэгийн адил өрх гэрийнхээ хос багана болсон эр, эм хоёр эв зохицолгүй бол зохиосон амьдрал зовлонгийн үүр болдгийг хэн хэн нь санаж, аливаад ууч бодол, уужим сэтгэлээр хандах нь зохистойг залуу дүү нартаа захиж хэлэхэд илүүдэхгүй биз. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Хууль баталсан гээд сэтгэл амарч болохгүй. Хэчнээн сайн хууль байлаа ч хэрэгжүүлэх ажлыг цалгар назгай орхивол хүчирхийллийн “мөсөн уул” хайлахгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг тодорхой нэг үүссэн асуудлыг шийдвэрлэх төдийгүй нийгмийн үндэс гэр бүл, хойч ирээдүй болсон үр хүүхдийн эрх ашиг, сонирхлыг баталгаатай хамгаалах нийгэм- эрх зүйн цогц арга хэмжээ гэдгийг дор бүрнээ ухамсарлан ажиллах ёстой. Гэр бүл бүхэн аз жаргалтай байж, хүчирхийллийн хүйтэн жавар эгнэгт арилах болтугай” гэсэн юм.

 

Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд баталсан ч гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил учир дутагдалтай байсаар байна. Тиймээс өнгөрсөн онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулан энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж,тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтуудыг шинээр тусгалаа. Мөн хүчирхийлэл үйлдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тухайн үед нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалтыг тусгасан билээ.

 

Чуулганд оролцогсдын дүн мэдээнээс үзэхэд улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард 6869 гэмт хэрэг бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389-ийг бүртгэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мөн энэ оны гуравдугаар сард нийт 502 иргэнд аюулын зэргийн үнэлгээ хийж, 730 иргэнд хохирогчийн эрх, үүргийг болон хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдэгдэх хуудас хүргүүлж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 79, түр хамгаалах байранд 72, төрөл садан, ойр дотны хүний хамгаалалтад 710 иргэнийг авч ажиллажээ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг цогц болгох зэрэг салбар дундын асуудлыг хөндөн ярилцаж буй үндэсний чуулган өнөөдөр өндөрлөнө.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)