А.Цэцэгмаа: Дизелийн утааны тоосонцрыг хүний бие шүүж чаддаггүй

 

         2025 он гэхэд дизель хөдөлгүүртэй бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хориглоно гэж Парис, Мехико, Мадрид болон Афин хотын дарга нар мэдэгдсэн. Дэлхийн томоохон хотуудын удирдагчдын мэдээлж буйгаар агаарын чанарыг сайжруулахын тулд ийм хориг хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. Дизель хөдөлгүүртэй автомашины оронд өөр төрлийн тээврийн хэрэгслээр зорчих, тэр дундаа унадаг дугуй хэрэглэхийг дээрх хотын дарга нар уриалжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жилд гурван сая орчим хүн нас бардаг байна. Улаанбаатар хотод 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл бий. Энэ тоо бидний эрүүл мэндэд аюул ямар ойрхон байгааг илтгэж буй юм. Бид агаарын бохирдлын талаар ярихдаа зөвхөн нүдэнд үзэгдэж буй хар утааг онцолдог. Гэтэл үүнээс илүү хортой нь жилийн дөрвөн улиралд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байдаг аж. Энэ бол тээврийн хэрэгслээс ялгардаг нарийн ширхэгт тоосонцор юм. Нүдэнд үл үзэгдэгч нарийн ширхэгт тоосонцроос хэрхэн ангижрах боломжтой талаар “Экологбус” компанийн гүйцэтгэх захирал А.ЦЭЦЭГМААТАЙ ярилцлаа.

 

 

-Агаарын бохирдол гэхээр нүдэнд үзэгддэг хар утааны талаар л ярьдаг. Гэтэл агаарын бохирдол гэж чухам юуг хэлдгийг нарийн ойлгодоггүй. Тиймээс та энэ талаар дэлгэрүүлэн тайлбарлаж өгнө үү?

 

-Агаарын хэвийн байдал өөрчлөгдөж байгааг агаарын бохирдол гэж нэрлэдэг. Үргэлжилсэн хугацаатай дуу чимээ хүртэл агаарын бохирдолд ордог. Дэлхий нийтэд агаарын бохирдлыг хүлэмжийн хийгээр ойлгож, дүгнэж байна. Агаарт ямар хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаагаар нь хортой, хоргүйг дүгнэдэг. Учир нь, хүлэмжийн хий дэлхийд аюул учруулж байгааг эрдэмтэд болон шийдвэр гаргах төвшинд нэгэн ойлголтод хүрээд байна. Ашигт малтмалын гаралтай түлшнүүд устөрөгчийн үндсэн найрлагатай учраас эдгээрийн шаталтын бүтээгдэхүүн нь нүүрсхүчлийн хий байдаг. Нүүрсхүчлийн хий нэг ялгарсан бол задралд ордоггүй, 200 орчим жил агаар мандалд хадгалагддаг онцлогтой. Тиймээс хүлэмжийн хийн хэмжээ өсч байна гэж яриад байгаа юм. Өнөөдрийн бидний анхаарлын төвд байгаа хүлэмжийн хий аль 200 жилийн өмнөөс хуримтлагдсаныг ойлгох хэрэгтэй. Дээр нь технологи, үйлдвэрлэл хөгжсөн өнөө үед хүлэмжийн хий ямар хэмжээгээр нэмэгдэж байгаа нь хэнд ч ойлгомжтой болов уу. Хүний бүх ажиллагаа хүлэмжийн хийг ялгаруулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндэд болон байгалийн орчинд хүлэмжийн хийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 350 ppm (parts per million) буюу нэг сая нэгжид 350 байх ёстой гэсэн шаардлагыг дэлхий нийтэд тавьж байгаа юм.

 

-Энэ сэдвээр ярихдаа бид гэр хороолол, цахилгаан станцын утаанаас хальж харахгүй байна. Тухайлбал, тээврийн хэрэгсэл?

 

-Манай улс агаарын бохирдлын эсрэг нэлээд ажил хийж байна. Үүн дээр нэмээд бид автомашины утааны талаар зайлшгүй ярих шаардлагатай. Улаанбаатарын агаарыг бохирдуулах эх үүсвэрийн 20 орчим хувь нь авто тээврээс үүдэлтэйг судалгаагаар тогтоосон. Энэхүү судалгааг Агаарын чанарын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Жайкатай хамтарч хийсэн юм. Автотээврийн хэрэгсэл бензинээр ажиллаж байна. Том оврынх нь дизель, багахан хэсэг нь л шингэрүүлсэн хийгээр ажилладаг. Бензинээр ажилладаг хөдөлгүүрээс угаарын хий маш их ялгардаг. Дизель хөдөлгүүрээс азотын бүлэг ислүүд мөн хар утаа, тортог ихээр ялгаруулдаг юм. Дизелийн утааны тоосонцор маш нарийн ширхэгтэй. Нано бичил биет учраас хүний бие үүнийг шүүгээд гадагшлуулж чаддаггүй. Уушгины эд эсэд гүн шингэж, цаашлаад бусад эд эрхтэн рүү нэвчдэг аюултай. Өөрөөр хэлбэл, нүүрснээс гарч байгаа утаанаас илүү хүний биед аюул учруулна. Тиймээс дизелийн хөө тортгонд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. Гэтэл манай улсын автопаркийн 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Тэгэхээр техникийн байдал, хөдөлгүүр нь маш их элэгдэлд орсон. Дээр нь масло шаталтад маш ихээр оролцдог. Бусад оронд ийм “хөгшин” болтол нь тээврийн хэрэгслийг ашигладаггүй. Тиймээс энэ талаар судалгаа хийж, хүмүүст мэдээлэл өгөх шаардлагатай байгаа юм.

 

-Дизелийн утааны тоосонцрыг нарийн судалж үзсэн үү?

 

-Баруун дөрвөн замд хийсэн судалгаагаар дизель хөдөлгүүртэй автобус явахад азотын ислийн хийн агууламж 12 дахин өсч байсан. Азотын исэл төв зам дагуу өвөл, зунгүй тогтмол өндөр байдаг. Гэр хороололд өвөл их байсан утаа зун болохоор багасчихдаг. Гэтэл тээврийн хэрэгслийн утааны хоруу чанар нь жилийн дөрвөн улиралд хадгалагддаг. Автомашинаас үүдэлтэй тоосонцрыг бууруулахын тулд евро стандарт гэдэг ойлголтыг монголчуудын тархинд суулгах хэрэгтэй байгаа юм. Энэ нь автомашины хөдөлгүүрийн технологид тавьдаг стандарт л даа. Үүнийг хөдөлгүүрийн үйлдвэрүүдэд улсаас өгч буй технологийн даалгавар гэж ч ойлгож болно.

 

-Евро стандартын талаар хэрэглээнд хэрхэн заасан байдаг вэ?

 

-Евро бүсэд евро-5-аас доош стандарттай нийтийн тээврийн автобус ашиглахыг хориглочихсон байна. Манайд явж байгаа урт автобус евро-3 хөдөлгүүртэй. Ер нь бид евро-0 хөдөлгүүртэй гээд сууж байна. Автомашины хөдөлгүүрийг хорт бодис үйлдвэрлэдэг багахан химийн реактор гэж ойлгож болно. Тиймээс бид энэ тал дээр анхаарал хандуулах шаардлагатай.

 

-Иргэдийн түгээмэл унадаг “Приус” автомашин энэ үзүүлэлтээр хэрхэн тодорхойлогдох бол?

 

-Хосолмол хөдөлгүүртэй машины утаа ялгаруулалт нь бага байдаг. Ер нь аливаа машин бензин бага идэж байх тусмаа хүлэмжийн хийн ялгаруулалт нь бага. Дэлхий нийтэд автомашиныг татварын системд үнэлэхдээ технологиор буюу хүлэмжийн хий ялгаруулах байдлаар нь үнэлдэг. Европын холбоо, тэр дундаа Англид нэг км гүйлтдээ 120 граммаас доош нүүрсхүчлийн хий ялгаруулдаг машинуудаа татвараас чөлөөлдөг. Хүлэмжийн хийн ялгаруулалтаас шалтгаалж Шведэд жилдээ ганцхан удаа ашиглалтын татвар авдаг. Эдгээр улсад адилхан зарчим баримталж байна.

 

-Тээврийн хэрэгслийн утааны тоосонцрыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

 

-Би үндсэн хоёр гарц байна гэж харж байгаа юм. Нэгдүгээрт, автопаркийн шинэчлэл хийхдээ евро4-өөс доошгүй стандартын хөдөлгүүртэйг сонгох хэрэгтэй. Дараа нь одоо ашиглаж байгаагаа яаж сайжруулах вэ гэдэг нь чухал. Гэхдээ евро дизель гэдэг үгэнд хууртаж болохгүй. Мөн нэг чухал зүйл нь бид евро 4-өөс доошгүй стандартын дизелийн түлш импортолдог болох шаардлагатай. Өөрсдөө үйлдвэрлэхээр болбол евро 5-ыг үйлдвэрлэх хэрэгтэй. Хүхрийн хольцоор нь түлшийг стандартчилдаг. Өндөр стандартын түлшийн хүхэр нь бага байна. Энэ нь хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага байна гэсэн үг. Орос улс шахалтаар евро 4-өөс доошгүй стандартын түлш үйлдвэрлэх үүрэг хүлээчихээд байгаа.

 

-Одоо ашиглаж байгаа тээврийн хэрэгслээс ялгарах утааны тоосонцрыг бууруулах талаар судалгаа хийсэн үү?

 

-Дизель хөдөлгүүрээс ялгарсан хөө тортгийг шүүлтүүр хэрэглэж багасгах технологийн судалгаа байгаа юм. Энэ нь дэлхий нийтэд байдаг. Ер нь Монгол, Орост л хүхрийн өндөр агууламжтай түлш хэрэглэж байна. Бусад газрын түлшний чанар маш сайн болчихсон. Дээр нь евро стандартууд дэлхий нийтэд нэвтэрсэн болохоор бидэн шиг хуучинтайгаа зууралдахгүй байгаа хэрэг. Гэхдээ энэ асуудал Токиод хүртэл тулгарч л байсан. 1980-аад оны сүүлчээр Токиод дизель хөдөлгүүрийн хор нөлөөг багасгах судалгааны ажлыг эхлүүлсэн байдаг. Үүнийг бид туршиж шүүлтүүр хэрэглэж үзэхэд хөө тортог 80 хувиар буурсан дүн гарсан. Нэг өдөр шүүлтүүрийг солихгүйгээр ажил­лах боломжтойг туршиж, өвлийн хүйтэнд ч хэвийн ажиллахыг баталсан. Одоо бид шүүлтүүрийн өртгийг бууруулах судалгааг хийж байна.

 

-Одоо манайх ямар стандартын түлш хэрэглээд байгаа юм бэ?

 

-Евро бус буюу хүхрийн агууламж өндөр түлш хэрэглэж байна.

 

-Олон улсын стандартад нийцсэн түлш авбал өртөг өндөртэй юү?

 

-Нэг их айхавтар нэмэгдэхгүй. “М-OIL” евро-5 түлш оруулж ирдэг ч үнийн хувьд ялгаагүй л байгаа.

 

Б.Сэлэнгэ

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)