Амиа алдсан цэргүүдийн ар гэрийхэнд тэтгэмж олгоно

 

        Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн нас барж, 8 хүн шархадсан ноцтой осол гарсан  билээ. Тэгвэл өнөө өглөө энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга н.Дашзэвэг,  Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ.

 

Албанынхан шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж хүргэсний дараа ар гэрийнхэнтэй нь холбогдож ослын талаар мэдэгдсэн бөгөөд шархадсан хүмүүсийн ар гэрийнхний байрлах өрөөг эмнэлэгт бэлдээд байгаа юм байна.

 

Ослын улмаас амиа алдсан хоёр цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд нас барсан албан хаагчдын ар гэрийнхэнд үндсэн цалингийн 10 жилтэй тэнцэх тэтгэмжийг олгоно гэж заасны дагуу тэтгэмж олгохоор болсон байна. Мөн гэр бүлийн гишүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох асуудлыг судалж эхэлжээ. Өнөөдөр өглөө нас барсны тэтгэмжийг олгох ЗХЖШ-ын даргын тушаал гарсан байна.

 

Мэдээллийн үеэр ослын дүгнэлт гарсны дараа хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа бөгөөд “Зэвсэгт Хүчний Жанжин Штабад хариуцлагаа шат шатандаа хүлээнэ гэдгээ мэдэгдлээ. 

 

Амиа алдсан цэргүүдийн хувьд 1987, 1993 онд төрсөн энхийг сахиулах  ажиллагаанд явж байсан цэргийн алба хаагчид байжээ. Мөн 2-уулаа гэр бүлтэй бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)