“Арын хаалгагүй” ажилтай болох боломж байна

 

        “Нэг өрх-нэг ажлын байр” нээлттэй өдөрлөг болов. Уг өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 70 орчим байгууллага оролцсон нь багагүй ажлын байр эзнээ хүлээж байгааг илтгэж байна. Эдгээр байгууллагаас зарласан нээлттэй төрөл бүрийн ажлын байранд ажил хайгчид бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд хүний нөөцийн мэргэжилтнээс нэмэлт мэдээлэл авч байв. Гэсэн ч ажилд орох анкет бөглөсөн таван хүн тутмын дөрөв нь сэтгэл дундуур байлаа.

 

Учир нь, ажил олгогч байгууллагын дийлэнх нь нас болон туршлага хоёрыг гол шаардлагаа болгодог байна. Ингэснээр сургуулиа дөнгөж төгссөн залуус болон 40 гаруй насныханд ажлын байр хаалттай байдаг аж. Товчхондоо, мэргэжлээрээ хамгийн багадаа гурван жил ажилласан байх ёстой гэсэн хатуу шаардлагыг ажил олгогчид тавьдаг байна. Их, дээд сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлэх гэж буй хүн хэрхэн туршлага хуримтлуулах бол. Тиймээс тэдний дийлэнх нь төгсөөд шууд мэргэжлийнхээ ажлыг хийж чадахгүйд хүрдэг байна. Ингэснээр тэдний зарим нь үйлчилгээний ажлыг сонгодог бол үлдсэн нь ажилгүйчүүдийн тоог нэмдэг аж. Харин цөөхөн хэсэг нь танил талаараа ажилд зуучлуулах жишээтэй. Нэг талаар ажил олгогч байгууллагуудын тавьж буй өндөр шаардлагад нийцэх хүн цөөхөн байдаг учир ажилгүйчүүдийн тоо буурдаггүй гэсэн үг.

 

Нөгөө талаар зарим иргэн ажил олгогч байгууллагуудад ямар ажлын байр байгаа талаар тодорхой мэдээлэл тэр бүр авч чаддаггүй учраас тохирсон ажлаа олдоггүй байна. Тиймээс ажил олгогч, ажил хайгч хоёрыг ойртуулах үүднээс нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон “Эйч ар” клуб хамтран тус өдөрлөгийг зохион байгуулсан нь цагаа олсон арга хэмжээ байв. Өдөрлөгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд нээгээд “Мөрийн хөтөлбөртөө “Нэг өрх- нэг ажлын байр” гэсэн зорилт дэвшүүлсэн. Хувь хүн ажил, орлоготой болох нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхтэй шууд холбоотой. Тиймээс нийслэлийн Засаг даргын зүгээс иргэдийг ажлын байраар хангах, орлоготой байхад нэлээд анхаарч ажиллана. Дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдсэн ч иргэд нь ажил, орлогогүй бол хот хөгжихгүй” гэв. Мөн Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн төвшин буурч байна.

 

Энэ нь улс орны эдийн засагтай холбоотой учраас үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа доошилж буй дүр зураг ажиглагдсаар байгаа юм. Тиймээс өрхийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай. Харин ажлын байрыг бий болгоход төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. Нийслэлийн хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт учир дутагдалтай байдаг. Бид энэ тал дээр түлхүү анхаарч цаашид ажлын байрны өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулна” гэлээ.

 

 

ТОГТМОЛ АЖИЛ ХАЙЖ БАЙНА

 

        Өдөрлөг эхлээд цаг гаруй болж байхад ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудын асарт урт дараалал үүсч, заримынх танилцуулга хуудас дуусч, анкет бөглөсөн хүний тоо байгууллага тус бүрт аль хэдийнэ 100 хол давж байлаа. Энэ нь ажилгүй иргэд олон байгааг илтгэж буй. Урин дулаан цаг ирж, барилга болон хөдөө аж ахуйн салбарын ажил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн ажлын байрны санал цөөнгүй байлаа. Тухайлбал, Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд илрүүлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Эко алт” ХХК-д гүйцэтгэх захирлаас эхлүүлээд автын цахилгаанчин, бэлтгэгч, үйлчлэгч зэрэг 45 ажлын байранд ажилтан авахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Тухайн байгууллагад ажилд орохоор анкет бөглөж буй хүмүүст уул уурхайн чиглэлээр орон нутагт ажиллах боломжтой, ажлын туршлагатай байх шаардлага тавьж байв. Ажил хайж буй хүмүүсийг эхний ээлжид бүртгэж авчихаад дээрх шаардлагыг хангасан тохиолдолд долоо хоногийн хугацаанд ажлын ярилцлага авч тэнцвэл гэрээ байгуулах юм байна. Ерөнхийдөө ажил олгогчдын бүртгэл, ажилд авах үйл явц иймэрхүү жишигтэй. Харин ажилгүйчүүд улирлын шинжтэй биш тогтмол ажил хайж байв. Учир нь, өвөл ажил нь зогсох үед нийгэм болон эрүүл мэндийн даатгал нь дунджаар тав орчим сараар тасардаг байна. Ийм байдлаар ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарах үед нь асуудал үүсдэг талаар цөөнгүй иргэн учирлаж байв. Тухайлбал, ажил хайгч П.Болдбаатар уул уурхайн мэргэжилтэй бөгөөд өдгөө 57 нас хүрчээ. Тэрбээр олон жил энэ салбарт ажилласан ч улирлын шинжтэй учир нийгмийн даатгал төлсөн хугацаа нь тасарч, эцэст нь тэтгэвэрт гарахад нь хүндрэл учирсан талаар ярилаа. Тиймээс хоёр жил ажиллах шаардлага бий болж мэргэжилийнхээ дагуу ажил хайсан боловч насандаа “тушуулж” байгаа аж.

 

МОНГОЛД АЖИЛГҮЙ ИРГЭД БИШ, АЖЛЫН БАЙР ИЛҮҮДЭЖ БАЙНА

 

         Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэгийн хэлснээр нийслэлд хөдөлмөрийн насны 950 орчим мянган хүн амьдардгаас 423 мянга нь ажилгүй буюу эдийн засгийн идэвхгүй хүн амд багтдаг байна. Энэ тоог тэтгэврийн насныхан, оюутан болон хөдөлмөр эрхлэдэггүй хүмүүс бүрдүүлж байгаа аж. Харин 99 мянган хүн албан бус буюу хувиараа хөдөлмөр эрхлэдэг гэсэн статистик тоо баримт бий. Харин Монголын ажил олгогч эздийн холбооноос өгч буй мэдээллээр ажилгүй 47.8 мянган хүн Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байдаг аж. Үүний 12 орчим хувь нь нийслэлд амьдардаг байна. Дээрх тоон мэдээллээс харахад ажил хайгчид цөөнгүй, нөгөө талаас өдөрлөгт оролцогч аж ахуйн нэгж байгууллагаас зарласан нээлттэй ажлын байрны тоо бага биш. Товчхондоо ажлын байр, ажил хайгч хоёр хангалттай байхад тэд яагаад уялдаж чадахгүй байна вэ. Үүнд Монголын ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар “Үүний гол шалтгаан нь ажил олгогчид боловсролтой хүнийг ажилд авдаггүй. Харин тэдэнд мэргэжилтэй хүн хэрэгтэй. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүд мэргэжил, ур чадварын хувьд ажил олгогчийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс тэд ажил олгогчид хэрэгтэй мэргэжлийг богино хугацаанд эзэмших хэрэгтэй. Монголд ажилгүй иргэд биш ажлын байр илүүдэж байна” гэж хариуллаа. Түүнчлэн сүүлийн үед ажил олгогч байгууллагууд ажил хайгчдад янз бүрийн өндөр шаардлага тавихаа больсон, зөвхөн ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй, тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүсийг ажилд авдаг болсон талаар ярилаа. Монголын ажил олгогч эздийн холбооноос энэ жил 70-аад мянган иргэнийг ажилтай болгох юм байна.

 

Ийнхүү “Нэг өрх-нэг ажлын байр” өдөрлөгийн үеэр 3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ.

 

С.Юмсүрэн

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (103.11.192.34)

    2017-04-18

    heden zun ajilladag amralt rashaan suvilal uul uurhain ajiltan -guudiin l ajliin bair baisan shuu dee DUU ALDAAD BAIHAAR UM BGUI L BSAN SHUU DEE SHAL HUDLAA ODORLOG bolj bsaan

  • (202.9.42.152)

    2017-04-17

    монголд ажлын байр илүүдсэн байтлаа монголчууд өмнөд солонгос улс руу хэдэн мянгаараа ажил хийхээр жагсах уу.