Ц.Отгонбаяр: Том жижиг нийт 117 төсөл хөтөлбөр бий

 

        Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-“Баянхонгор хөрөнгө оруулалт 2017” зөвлөгөөн энэ сарын эхээр болж өндөрлөсөн. Энэхүү зөвлөгөөний ач холбогдол,  давуу тал нь юу байв аа. Өмнөх жилүүдээс юугаараа онцлог болсон бэ?

 

-Гадаад дотоодын 200 гаруй бизнесмэн, аж ахуй нэгжүүд оролцож байгаагаар давуу талтай юм. Мөн аймагт 14,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж 10-аад төслийг санхүүжүүлэхээр боллоо. Үүнийгээ дагаад аймаг орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжих ажлын байр нэмэгдэх, ард иргэдийн амьжиргааны түвшин сайжрах зэрэг олон давуу талууд бий болж байна. 

 

-Баянхонгор аймгийг хөрөнгө оруулалт татахад газар зүйн хувьд хамгийн тохиромжтой бүсэд байрладаг гэдэг. Тиймээс ямар, ямар салбарт хөрөнгө оруулалт татах, хөгжүүлэх зорилго тавьж байгаа вэ?

 

-Тийм ээ. Баянхонгор аймаг бол Говь, Хангай, Тал хээр хосолсон гурван бүсийн нутагтай гэдгээрээ бусад аймгаас онцлог давуу талууд олон байдаг. Мөн Монгол Улсын Мянганы замын босоо болон хэвтээ тэнхлэг манай аймгаар дайран өнгөрч байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс, Цэхээ боомт, Баянлиг, Завханы тэсээр ОХУ-тай хил залгаж байгаа нь бидэнд урд болон хойд хөршрүүгээ хил гарах томоохон боломжийг олгож байна. Энэ утгаараа бид хөрөнгө оруулалтын гол гол салбаруудаа тодорхойлж, энэ салбарууд дээр өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хөрөнгө оруулалт татахад анхаарч байна. Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбаруудын чиглэлээр хөрөнгө оруулалт хийх зорилготой. 

 

-Зөвлөгөөний үеэр хэд хэдэн гадны компаниуд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Эдгээр гадны компаниудад зориулж эрх зүйн ямар таатай орчныг бүрдүүлэх вэ?

 

-Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж ижил төрлийн бараа бүтээгдэхүүн аль болох оруулахгүй гэсэн бодлого барьж байна. Мэдээж хууль тогтоомжийн хувьд аль болох тогтвортой байлгахыг зорьж байна. 

 

-Зөвлөгөөний үеэр нэлээд хэдэн төслийн танилцуулга болсон. Энэхүү төслүүдийг ажил хэрэг болгох уу. Энэ хэрээр нь ажлын байр нэмэгдэх, томоохон бүтээн байгуулалт өрнөх байх?

 

-Бидэнд байгаа боломжит нөөцөө тодорхойлсон төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Манай улсад төдийгүй дэлхийд ховордсон говийн баавгай Мазаалай хамгаалах, өсгөн үржүүлэх талаар танилцууллаа.  Үүн дээр тулгуурлан аялал жуулчлалыг бүс нутгийн зохион байгуулалтаар хөгжүүлэх стратегийн хүрээнд “Баянхонгорын говь- Хүний үүслийн өлгий”, “Шаргалжуутын рашаан-Дэлхийн рашаан”, “Говийн зургаан гайхамшиг” зэрэг аялал жуулчлалын төслүүдийг санал болголоо. Мөн Баянхонгор аймаг нь малын халдварт өвчин тусдаггүй цөөн аймгийн нэг. Түрүүн дурдсанчлан гурван бүсийн нутагтай учраас таван хошуу малаас гарч болох үйлдвэрлэлүүд төрөл бүр дээр хөгжих боломжтой юм. 

 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс жилд 60 орчим сая литр сүү бэлтгэж байгаа ч дөнгөж таван хувийг жижиг цехүүд авч боловсруулж байна. Үүнээс гадна ӨМӨЗО-ны Альшаа аймаг, Цэхэ боомтод “Алтан тооройн баяр”, “Цагаан сар” зэрэг баярт зориулан жилд 2-3 удаа үзэсгэлэн худалдаанд сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулж байна.

 

 Мөн сарлагийн хөөвөр, ингэний сүү, ямааны ноолуур зэргийн танилцуулсан төслүүдийг хэлэлцүүллээ. Уул уурхай, байгалийн баялаг, түүнээс бэлдэж болох нөөцүүд болох элс, хайрга, цемент зэргийг бэлтгэх мөн Японы уламжлалт тангийн 70 хувь нь  багтдаг “Чихэр өвс” “Зээргэнэ”, хүнсний үйлдвэрлэл, техникийн зориулалт бүхий “Гүрмэг” зэрэг зөвхөн Баянхонгорт ургаж, Баянхонгороос нийлүүлж болох байгалийн дагалдах бүтээгдэхүүний төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болголоо. 

 

-Энэ хүрээнд зургаан чиглэлээр 10-аад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Мах боловсруулах үйлдвэр байгуулж, боловсруулсан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх санал давамгайлж байсан. Энэ ч утгаараа зөвлөгөөнд оролцогчдоос багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төсөл хэрэгжүүлэх санамж бичгийг байгууллаа. Мөн эмийн ургамал тариалах замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж гадаадын жуулчдыг татах замаар харилцан ашигтай хамтран ажиллах хэд хэдэн төсөл дэмжигдэж, санамж бичиг байгууллаа.Тухайлбал, Шаргалжуутын рашаан сувилалд өндөр зэрэглэлийн зочид буудал барьж, түүнийгээ дагасан элит жуулчны бааз бий болгох санал санаачлагууд гарч байна.Эдгээр төслүүд үр өгөөжөө өгч эхний ээлжийн хөрөнгө оруулалтууд Баянхонгор аймагт хийгдэх болсонд баяртай байна. Алсдаа Цэхэ боомт- Баянхонгорын чиглэлд хатуу хучилттай хурдны зам барих, цементийн үйлдвэр барих, эмийн ургамал тариалах замаар хамтран ажиллах ажил хэрэгч санал гарч байна.

 

2025 он гэхэд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьсон том жижиг нийт  117 төсөл хөтөлбөр бий. Эдгээрээс хөрөнгө оруулалт их шаардсан төслүүдээ зөвлөгөөнд танилцууллаа. Нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоог гаргасан.Эхний ээлжинд өндөр үр ашигтай томоохон төслүүдээ дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж, хөдөлгөөнд оруулахыг зорьж байна.

 

-Өмнө нь орон нутагт шууд байдлаар хөрөнгө оруулалт татаж байсан тохиолдол  байна уу?

 

-Манай аймагт дотоод болон гадаад хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан боловч шууд хөрөнгө оруулалт бага байсан. Яах вэ  уул уурхайн компаниудын хувьд хөрөнгө оруулалт гэхээсээ илүү аймаг орон нутагт дэмжлэг үзүүлэх замаар ажиллаж ирсэн. 

 

Ийм учраас энэ зөвлөгөөн бол манай Баянхонгор аймгийн нийгэм эдийн засгийн томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн урьд өмнө байгаагүй шууд хөрөнгө оруулалтуудыг татсан, цагаа олсон өгөөж сайтай зөвлөгөөн боллоо гэж дүгнэж байна. 

 

-2016-2020 он хүртэлх хугацаанд Баянхонгор аймагт ямар, ямар бүтээн байгуулалт нэмэгдэж, ажлын байр хэдэн хувиар өсөх вэ?

 

-Бид ирэх жилүүдэд бүс нутгийн хэрэглээг хангахад чиглэгдсэн томоохон үйлдвэрүүдийг байгуулах, импортыг орлосон, гадаад зах зээлд чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэн үйлдвэржилтийн хувьсгал хийж, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин өсгөж, 2000-аас доошгүй иргэнийг тогтвортой байнгын шинэ ажлын байраар хангаж, ядуурлыг 2 дахин бууруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгмийн хариуцлагыг тодорхой болгож,“Нэг уурхай-Нэг үйлдвэр”хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

С.Нарангэрэл
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • D.Orgilerdene (103.9.88.212)

    2017-04-18

    Amjilt saihn medee bna