Ой, бэлчээр байгалийн нөөц ашиглах эрх зүйн үндсийг бэхжүүлэх шаардлагатай

 

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа  “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг угтсан “Ой, бэлчээрийн эдэлбэрлэх харилцааны асуудал: нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийг дэмжих нь” сэдэвт үндэсний хэмжээний уулзалт өнөөдөр боллоо. 

 

БОАЖЯ-ны ТЗУГ-ын дарга Х.Батжаргал уулзалтыг нээн хэлэхдээ “БОАЖЯ болон бусад төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран энэ сарын 20,21-нд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд орон нутагт байгаа нөхөрлөл, хамтлаг, бүлгүүдийг дэмжих нэгдсэн арга хэмжээ юм. Иймээс чуулганыг угтан энэхүү хурлыг зохион байгуулж байна. Дэлхийн хэмжээнд уугуул иргэд ба нутгийн нөхөрлөлийн газар ашиглах эрхийн баталгаажилтыг 2020 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Харин манай улсын хувьд орон нутгийн малчдын нөхөрлөлийн бэлчээр ашиглах зүй ёсны эрхийг 2020 он гэхэд холбогдох хууль тогтоомж гарган, зохих ёсоор хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай байгаа юм” гэв.

 

Байгалийн баялаг, үүний дотор бэлчээрийн газар дээр суурилсан хөгжил нь Монгол орны амьдралын хэвшил, эдийн засгийн суурь юм. Иймээс  ой, бэлчээрийн эдэлбэрлэх харилцааны системийг зохистой хэрэглэх, нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийн газар, бэлчээр байгалийн нөөц ашиглах эрх зүйн үндсийг бэхжүүлэх, уламжлалт зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрүүлж амьжиргааг дээшлүүлэх зэрэгт онцгой анхааран ажиллах ёстойг Байгаль орчин ба хөгжлийн “Жасыл” холбооны төлөөлөгч Х.Ыханбай илтгэлдээ онцоллоо.  

 

Тус уулзалтанд хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллага, салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудлаар санал солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцсэн юм.

 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)