“Аюулгүй хүнс” аян үр дүнгээ тооцлоо

 

        Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Аюулгүй хүнс” сарын аяныг “Иргэн бүрт эрүүл хүнс” уриан дор гуравдугаар сарын 15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгууллаа. Аяны зорилго нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулах, иргэдийг хүнсний гаралтай болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байв. “Аюулгүй хүнс” аяныг зохион байгуулахад 496 улсын байцаагч, мөн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, УБТЗ, Нийслэлийн тээврийн газар, Хүнсчдийн холбоо, Стандарт, хэмжилзүйн газар, “Монгол ногоо” төсөл, хүнсний чиглэлийн аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Аяны хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх сургалтыг 420 удаа зохион байгуулж, 17269 хүнийг хамруулав. Мөн хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын сургалтад 44, хүнсний чанар стандартын байцаагчдад зориулсан сургалтад давхардсан тоогоор 486 улсын байцаагч, мал эмнэлэг, мал үржлийн хяналтын орон тооны бус байцаагчдад зориулсан сургалтад 19 аймгийн 297 улсын байцаагч, 21 аймгийн 156 сумын ерөнхий боловсролын 108 сургууль, 86 цэцэрлэгийн 4428 хүн, Улаанбаатар хотод автобустай сургалтад 352 хүнийг хамруулсан байна.

 

Олон нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааг телевизээр 166 удаа, иргэдэд боловсрол олгоход чиглэсэн дөрвөн төрлийн шторк бэлтгэн, өдөр тутмын сонинд 26 нийтлэл, 707 сэрэмжлүүлэг түгээж, 9695 хүнд 2331 удаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Цахим орчинд “Хүнсний баталгаат байдал” фейсбүүк пейж хуудсаар 142803 хүнд мэдээлэл хүргэлээ.

 

Аян явцад 1828 худалдааны цэг салбар, 786 нийтийн хоолны газар, 404 хүнсний цех, үйлдвэр буюу нийт 3018 аж ахуйн нэгж, 2622 иргэнийг хяналт шалгалтад хамруулав. Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтад 2113 аж ахуйн нэгж, 619 иргэн, төлөвлөгөөт бус хяналтад 905 аж ахуйн нэгж, 2003 иргэнийг хамрууллаа. Шалгалтын үеэр 12944 зөрчил илрүүлж 7245-ыг газар дээр нь арилгуулсан бөгөөд 615 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 347 нэр төрлийн бүтээгдэхүүнийг буцааж татсан аж. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)