Х.Батжаргал: Нөхөрлөлүүд өөрсдийн хүчээр байгалиа хамгаалж чадаж байна

 

        “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган” болох гэж байгаатай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батжаргалтай ярилцлаа. 

 

-Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Ерөнхий сайдын ивээл дор болох гэж байна. Нөхөрлөлүүд анх удаа нэгдэж, цугласнаас хойш 2 жил болжээ. Энэ удаагийн чуулганы цар хүрээ, ач холбогдол өндөр болно гэж харж байна. Бас ахисан түвшинд гарц шийдэл эрэлхийлэх болов уу?

 

-Нөхөрлөл байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш 15 жилийн дараа буюу 2015 онд тухайн үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол томилогдож ирээд Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний анхдугаар чуулганыг санаачлан зохион байгуулж байсан. Ой, ус, ургамал, амьтан гээд бүхий л чиглэлээр ажиллаж байгаа 1600 гаруй нөхөрлөл нэг дор цугласан. Байгаль хамгаалах ажилд нутгийн уугуул иргэдийг татан оролцуулж, тэдэнд суурилсан байгаль хамгаалах механизмыг бий болгосноор байгаль хамгаалах ажилд ахиц дэвшил гарах юм байна гэдэг дүгнэлтэд хүрсний үндсэн дээр зохион байгуулсан арга хэмжээ.

 

Нөгөө талаас эрхзүйн хувьд сайжруулах, санхүүгийн хөшүүргийг тодорхой болгож, хаана дэмжлэг хэрэгтэй байгааг тодорхойлох, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, байгалийн нөхөн сэргээгдэх баялагийг зөв ашиглаад явж байгаа хүмүүсийг нэгтгэж, бусдадаа үлгэр дууриалал болгох, олон улсын донор байгууллагууд, гадны төсөл хөтөлбөрүүдтэй үйл ажиллагааг нь уялдуулах, дэмжлэг туслалцаа авах, тэдний анхааралд оруулах зэрэг зорилгын хүрээнд анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан.

 

Өнгөрсөн хугацаанд тодорхой ахиц дэвшил гарсан. Чуулганаас гарсан зөвлөмжийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор тогтоол болгон батлуулж тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Түүний биелэлт тодорхой хэмжээнд хангагдаж хоёрдугаар чуулгандаа гэрийн даалгавраа хэрхэн биелүүлснээ тайлагнаж ярилцах, дараагийн алхмаа тодорхойлох чухал арга хэмжээ болно. Төр засгийн хэмжээнд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайдын ивээл дор чуулганаа хийх гэж байна. Чуулганы хамрах хүрээ өргөжсөн. Байгалийн нөөцийн хамтын менежмент гэдэг утгаараа бүх аймгийн Засаг дарга, нөхөрлөлд зонхилсон сумдын удирдлагууд олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд оролцоно.

 

-Анхдугаар чуулганаас хойшхи хугацаанд бодлогын шинжтэй ямар ажил амжуулав? 

 

-Анхдугаар чуулганы дараа Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу нөхөрлөлтэй холбоотойгоор Байгаль хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Хаврын чуулганаар хэлэлцэгдэж буй байгаль орчны салбарт хүлээгдэж байгаа байгаль орчныг хамгаалах багц хуулийн шинэчлэл, тэр дундаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Агаарын тухай хуулийн төсөл, түүнийг дагалдах бусад хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах зэрэг хууль эрхзүйн шинэчлэл хийх бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллалаа.

 

-Нөхөрлөл бий болоод багагүй хугацаа өнгөрлөө. Одоо бол нөхөрлөлүүд харьцангуй туршлагатай, алдаанаасаа сургамж авсан, юу хийхээ мэддэг болсон байна. Тэгэхээр энэ удаагийн чуулганаар ямар асуудлыг түлхүү ярилцах вэ?

 

-Хууль эрхзүйн шинэчлэлийн суурь тавигдсан энэ үед Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулган болж буйгаараа онцлог. Байгаль орчны асуудал глобал. Энэ бол дан ганц Монголынх бус, дэлхий нийтийн асуудал. Тиймээс байгаль орчноо авран хамгаалахад чиглэсэн санхүүгийн механизм дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Чуулганаар бид санхүүжилтын хөшүүргээ хэрхэн шийдэх талаар ярилцана. Донор байгууллагуудын зүгээс нөхөрлөлүүд юу хийдэг, бодит үр нөлөө нь яаж гарч байгааг нүүр тулж ярилцана, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Эндээс ахисан түвшний шийдэл гарц гарна.

 

Мөн аймаг сумдын Засаг дарга нар ямар уялдаа холбоотой ажиллах, яам Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор нөхөрлөлүүдээ яаж дэмжих юм, яаж оролцох юм гэдгээ хэлэлцэнэ. Хамгийн сүүлд буюу гурав дахь хэлэлцүүлгээр бодитой ажил болох 2017 онд аль аймгийн аль сумын нөхөрлөл дээр сургалт, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа өрнөх вэ гэдгээ шийдэх юм. Ингээд чуулганаас зөвлөмж гарч түүнийгээ Байнгын хороонд өргөн барина. Хуулийн төсөл өргөн баригдсан байгаа учраас батлагдан гарвал нөхөрлөлийн хөгжилд томоохон үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна.


 

НӨХӨРЛӨЛҮҮДИЙН  ТУУЛСАН ТҮҮХ, ХИЙСЭН АЖИЛ НЬ АМЬДРАЛААР НОТЛОГДОЖ БАЙНА 
 

 

-Нөхөрлөлүүд өөрсдийн амьдарч буй байгалиа хамгаалах үндсэн үүрэгтэй. Ой, ус, ургамал, ан амьтан, бэлчээр зэрэг. Өнөөдөр нүдэнд харагдаж гарт баригдах ямар үр дүн гарав?

 

-Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн өнгөрсөн хугацаанд туулсан түүх, хийсэн ажлынх нь үр дүн амьдралаар нотлогдож байна. Нийт нөхөрлөлүүдийн 80 хувь нь буюу 1218 нь ойн нөхөрлөл. Үлдсэн 20 хувь нь амьтан, ургамал, бэлчээрийн чиглэлээр ажиллаж байна. Энэ удаагийн чуулганаар шинэ тутам хөгжиж байгаа бусад нөхөрлөлийн тоог нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжихээр ярьж байна. Тийм хүсэлт, санаачлагууд ч ирсэн. Нөхөрлөлөөр хамгаалагдсан ой, огт нөхөрлөлгүй ой хоёрын хооронд том ялгаа харагддаг. Ойн цэвэрлэгээ, хууль бус мод бэлтгэл, ойн ан, ойг дагалдах бусад зүйлсийг зөв ашиглах ажлыг ямар ч асуудалгүй хийж байна.

 

Ойн сан, байгалийн нөөцийн тодорхой хэсгийг нутгийн иргэдэд нь гэрээгээр эзэмшүүлж хамгаалуулна гэдэг нь тухайн ойн сан байгалийн нөөц эзэнтэй болж байгаа хэрэг. Байгаль хамгаалагч ганцаараа яваад хүч хүрдэггүй байсан ажлыг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд сайн хийж чадаж байна. Хоёрдугаарт түймрийн гаралт нөхөрлөлд ойг эзэмшүүлснээс хойш 60-70 хувь багассан, хууль бус мод бэлтгэл бараг зогссон. Хариуцаад хамгаална гэдэг үүрэг хүлээчихсэн учраас гадны хүн ороод мод огтлох, ан хийх, байгальтай зүй бусаар харьцахад хяналт, шаардлага тавьж, таслан зогсоож байна. Монгол орны ой бол хамгаалалтын ой. Ашиглалт харьцангуй бага. Тиймээс нөхөрлөлүүд энэ сарын 20-нд Сүхбаатарын талбайд болох үзэсгэлэнд ургаа мод огтлохгүй байх, унасан хатсан мод, модны хожуул, навчаар хийсэн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулна. Энэ бол гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүн.

 

-Нөхөрлөлүүдийг чадавхижуулах, уялдаа холбоог нь сайжруулах чиглэлд салбарын яам ямар бодлого барьж байна вэ?

 

-Бодлого тодорхой байхын тулд бүртгэл, судалгааг сайтар хийсэн байх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нөхөрлөлүүдийг албан ёсоор бүртгэлжүүлж, нэгдсэн зохион байгуулалтад орууллаа. Мөн гадны төсөл хөтөлбөрт хамруулах, тэгш зөв хуваарилалтаар ажлаа явуулах механизмыг хялбар нээлттэй болгосон.

 

Нөхөрлөлүүдийн мэдээллийн сан бий болгож дараа дараагийн төсөл хөтөлбөр хэрэгжих боломжийг нээж өглөө. Одоогийн байдлаар 1629 нөхөрлөлд 41 мянга гаруй гишүүн хамрагдсан. Мэдээллийн сан эхний байдлаар бэлэн болоод байна. Одоо хэлэлцэгдэх хууль батлагдсаны дараа Мэдээллийн сандаа үндэслэн нөхөрлөлүүдээ чадавхижуулах, орлогыг сайжруулах, хуулийн этгээд болгох зэрэг асуудлууд яригдана. Өөрөөр хэлбэл системийн томоохон шинэчлэл хийсэн.

 

-Бодитой үр дүн байвал гадныхан санхүүжилт хийж, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлнэ. Чуулганд гадны төслүүд дэмжин оролцож байгаа. Тэдэнд хөрөнгө оруулах сонирхол хэр байгаа бол?

 

-Байгаль орчны асуудал глобал асуудал. Байгаль хамгаалах чиглэлээр донор байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонирхол өндөр. Гэхдээ түүнд зарцуулагдаж буй хөрөнгө хяналттай, хийсэн ажил нь үр дүнтэй байх ёстой. Үр дүнгээр бүх зүйл илэрхийлэгдэнэ. Өнөөдрийн байдлаар байгаль орчны салбарт төсөл хөтөлбөр тогтмол хэрэгжүүлдэг 10 орчим олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр бий. Одоогоор хэрэгжсэн, хэрэгжиж байгаа байгаль хамгаалах чиглэлийн төслүүд маш сайн үр дүн  үзүүлж байгаа. Сайн байгаа учраас дараагийн түвшний асуудлаа ярьж, цар  хүрээгээ өргөжүүлж байна шүү дээ.

 

Жишээ нь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Нөхөрлөлүүдийг чадавхижуулах төслийг нэрлэж болно. Ой бүхий Хэнтий, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл гэсэн таван аймагт хэрэгжиж байгаа энэ төсөл 3.5 сая ам.долларын санхүүжилттэй. Төслийн хүрээнд Монгол Улсад 100 нөхөрлөлийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, нөхөрлөлүүд эзэмшиж байгаа газар нутагтаа менежмент төлөвлөгөө боловсруулах арга аргачлалд сурч байна. Ингэж загвар нөхөрлөл бий болсноор цаашдаа нөхөрлөлөөс нөхөрлөлд дамжин хүрч, хөгжих боломж нээгдэнэ. Нөхөрлөлүүдийн хоёрдугаар чуулган болох гэж байгааг угтаад төсөл хэрэгжсэн таван аймагт “Нээлттэй хаалганы өдөрлөг”  зохион байгуулж өчигдөр Хөвсгөлд хийгээд дууслаа.

 

Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Жижиг төслийн хөтөлбөрийн хүрээнд нөхөрлөлүүдийг бүс нутгаар нь хамарсан төслийг маш амжилттай хэрэгжүүлж байна. Сэлэнгэ аймгийн Баруунхараагаас хойш Зүүн хараа, Алтанбулаг хүртэл бүс нутгийн хэмжээгээр нь сургалт хийж, зөгий үржүүлгийн чиглэлээр хэрэгжүүлж буй жижиг төслүүд бий. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тодорхойсүрэн ахлагчтай нөхөрлөл, Алтанбулаг суманд Довдондэмбэрэл ахлагчтай нөхөрлөл, Зүүн хараад хөрс бордоо үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлсэн нөхөрлөл гээд сайн жишээнүүдийг нэрлэж болно.

 

-Нөхөрлөлүүдийн чадамжийг сайжруулах асуудал чухал. Энэ чиглэлээр ямар  шинэлэг санал санаачлагууд гарч байна?

 

-Арван жилийн давтамжтай 60 жилийн хугацаанд ойн санг нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлж болно гэж Ойн тухай хуульд заасан. Одоо бол ойн санг 3-5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа. Менежмент төлөвлөгөөгөө 10 жилээр хийвэл нөхөрлөлүүд илүү баталгаатай болно. Дараагийн шатанд нөхөрлөлүүдийг мэргэжлийн ажилчидтай болгох талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг МСҮТ-ийн багш нарыг Германд сургаж, тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна. Булган аймгийн Хөдөө аж ахуйн МСҮТ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Политехникийн коллеж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын МСҮТ-ийн багш нарыг Германд бэлтгэж байна. Энэ бол нөхөрлөлүүдийн чадавхижуулахад чухал нөлөө үзүүлнэ.

 

Нөгөө талаас нөхөрлөлүүдийн эрхзүйн чадамж хамгийн чухлаар тавигдаж байна. Өнгөрсөн хугацаанд эрхзүйн зарим шинэчлэл хүлээгдэж байсан. Шинэчлэлийг хийхэд судалгаа шинжилгээ, цаг хугацаа шаарддаг. Тиймээс бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Нөхөрлөлүүдээ чадавхижуулах, дотоод засаглалыг бэхжүүлэх, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, орон нутагт нөхөрлөлд тулгуурласан ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч, энэ чиглэл рүү олон улсын төсөл хөтөлбөрүүдээ хандуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллана. Нөхөрлөлүүд юу хийж чаддаг юм бэ гэдэг чухал. Зөгий үржүүлж байна, мод тарьж байна, суулгац үржүүлж байна, ой мод, булаг шанд, ан амьтнаа хамгаалж байна. Тэд хийж чадаж байна. Өөрсдийнхөө хүчээр байгалиа хамгаалж чадаж байна. Энэ л чухал.
 

ПАРИСЫН  ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДСЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛД  ГАР БИЕ ОРОЛЦСОНДОО БАЯРТАЙ БАЙДАГ

 

-Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох чадварын асуудал хүчтэй яригдах болж. Энэ асуудал чуулганаар хэлэлцэх асуудалд мөн багтсан байна. Ингэж чухалчилж авч үзэх болсны учир юу вэ?

 

-Уур амьсгалын өөрчлөлт байгалийн нөөцийн зөв менежменттэй шууд холбоотой. Байгалийн нөөцийг буруу ашиглана гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож, хүн төрөлхтний эсрэг үйлдэл хийж байна гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлт глобал асуудал. Энэ утгаараа саяхан батлагдсан Парисын хэлэлцээрт Монгол Улс ямар хувь нэмэр оруулахаа тодорхойлж батлууллаа. Одоо бид хэрэгжилтийг хангах төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Нөхөрлөлүүдийн чуулган, Байгалийн нөөцийн хамтын менежментийн асуудал, чуулганаас гарах зөвлөмж, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, Ногоон хөгжлийн үндэсний хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санаа тавьж ажиллана.

 

-Парисын хэлэлцээрт нэгдсэнээр бид уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх юмуу, таслан зогсоох юмуу. 

 

-Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байна. Үүний эсрэг хүн төрөлхтөн ямар төлөвлөгөө гаргах вэ, хийж хэрэгжүүлж буй бүх ажлаа яаж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглүүлэх вэ. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт нэгэнт явагдаад эхэлчихсэн бол яаж дасан зохицох вэ гэдэг хоёр асуудлын хүрээнд ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрч, хэлэлцээрээр соёрхон баталдаг.

 

Өндөр хөгжилтэй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нөлөөлж байна. Учир нь үйлдвэржилт их хэмжээний хүлэмжийн хийн ялгаруулж байна. Хөгжиж байгаа болон буурай орнууд хүлэмжийн хийн ялгаруулалт бага мөртлөө уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий байна. Үүнийг шийдэхийн тулд дэлхийн улс орнууд нэгдсэн бодлого, санхүүжилттэй байж дуу хоолойгоо нэгтгэе гэдэг шийдэлд хүрсэн. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг гэж тодорхойлогддог. Дэлхийн дундаж температур 2 хувьд хүрвэл аюул занал учирна гэж үздэг бол манайд хэдийн 2 хувиас хэдийн хэтэрчихээд байна шүү дээ.

 

-Парисын хэлэлцээр бол тунхагийн чанартай зүйл биш гэж ойлгодог. Монгол Улс тодорхой үүрэг амлалт өгсөн байх?

 

-Үндэсний хэмжээнд эрдэмтэн судлаачид судалгаа хийж, олон улсын зөвлөхүүд ирж ажиллаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ асуудалд онцгой анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан тоот ирүүлж мэдэгдсэн байдаг. Энэ хүрээнд Ерөнхийлөгчөөс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд үүрэг болгож, Парисын хэлэлцээрт оролцох төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн. Миний хувьд төслийг удирдаж, түүхэн үйл явдалд гар бие оролцох завшаан тохиосон. Тухайн үед би Байгаль хамгаалах санг удирдаж байсан. Ингээд сангийн дэргэд төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулж байлаа. Тэр үед яаман дээр Уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах алба гэж байсныг ингэж өөрчилж зохион байгуулсан юм.

 

Үндэсний зөвлөх баг, салбар салбарын яамдууд оролцож олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал батлагдаж Парисын хэлэлцээрт Монгол Улсаа төлөөлөн Байгаль орчин аялал жуучлалын сайд гарын үсэг зураг эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улс дотооддоо нэгдсэн шийдэлд хүрсний дараа УИХ-д танилцуулж соёрхон батлуулж байсан юм. Парисын хэлэлцээрийг соёрхон батлахад Монгол Улс тэргүүн эгнээнд гарын үсэг зурж, олон улсын түвшинд сайн жишээ болж яригдсанд бахархдаг.

 

Энэ удаагийн Засгийн газар УИХ энэхүү түүхэн ажлыг хийсэнд талархаж байгаа. Том, жижиг ямар ч ажлыг сайн баг л хийдэг. Ажлаа мэддэг хүн салбараа удирдаж, ажлаа мэддэг хүмүүсээр багаа бүрдүүлэх нь амжилтанд нөлөөлдөг гэж боддог. Тухайн салбарын сайд хүн байгаль орчны төлөө хийж байгаа ажлуудыг байнгын хороогоор дэмжүүлж, Засгийн газар, УИХ-аар батлуулахад ихээхэн хүчин чармайлттай, санаачлагатай ажиллах шаардлагатай. Манай багийнхан Д.Оюунхорол сайдтай энэ зарчмаар ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна.

 

Дэлхийн хэмжээний, үндэсний хэмжээний асуудалд гарц шийдэл олж, үр дүнд хүрэхийн тулд багагүй хугацаа шаарддаг ч бид үүрэг амлалтаа сайн биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Дөрвөн жил бага хугацаа биш. Бид томоохон ажлуудынхаа үр дүн бодитоор харна гэдэгтээ итгэл төгс байгаа.

 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

С.ОТГОНСҮРЭН
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)