Б.Баатарцогт: Энэхүү хамтын ажиллагаанд хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаа

 

        Ашигт малтмал,  газрын тосны газар өнөөдөр  БНСУ-ын Газрын тосны газартай хамтран ажиллах санамж бичгийг албан ёсоор  байгууллаа. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтоос тодрууллаа. 

 

-БНСУ-ын газрын тосны газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-БНСУ-ын Газрын тосны газартай хамтран ажиллах санамж бичгийг албан ёсоор байгууллаа. Үндсэн 5-6 чиглэлд хамтарч ажиллахаар боллоо. Нэн тэргүүн газрын тосны бүтээгдэхүүн чанарын хяналтын тогтолцоог бий болгох, хангах талаар хамтарч ажиллахаар болсон. Дараа нь газрын тосны лабортарийн шинжилгээ, туршилт тогтолцоог манайд бий болгоё. Ашигт малтмал газрын тосны газар дээр  газрын тосны бүтээгдэхүүний лабортари байгуулсан. Одоогоор  лабортари маань хараахан итгэмжлэхээ аваагүй байна. Энэ лабортарийн үйл ажиллагааг сайжруулах итгэмжлэлийг нь бий болгох, туршилтын тогтолцоог бий болгох зэргээр хамтарч ажиллахаар боллоо. 

 

-Лабортари дээр ажиллах боловсон хүчнийг сургах тал дээр анхаарч ажиллах талаар ярьж байсан?

 

-Тийм ээ.  Лабортари дээр ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах чиглэлд хамтран ажиллахаар болсон. Нөгөөтэйгүүр газрын тосны бүтээгдэхүүний хяналтын тогтолцоо газрын тосны бүтээгдэхүүний урсгал буюу гүйлгээ зэргийг цахим хэлбэрт шилжүүлэх тал дээр туршлага солилцохоор болсон байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад импортоор орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнүүд хэдий хэмжээний байгаа юм бэ,  хаанаас хэрхэн орж ирдэг юм бэ, чанарын ямар баталгаатай юм бэ, бүтээгдэхүүний нөөц нь хэр зэрэг байгаа юм гэх мэт   бүх зүйл цахим хэлбэрт шилжчихсэн байгаа. Энэ бүхнийг бид суралцах шаардлагатай байгаа юм. 

 

-Өмнө нь энэ төрлийн хамтын ажиллагааг хийж байсан уу?

 

-Лаборторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, Монгол Улсад Солонгос улсад мөрдөгдөж байгаа  стандартуудыг нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болсон байгаа. БНСУ-тай газрын тосны чиглэлээр хамтарч ажиллахаар болсон анхны тохиолдол юм. Ер нь манай байгууллагын хувьд Солонгос улсын бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг. 

 

Энэхүү хамтын ажиллагаанд хоёр тал өндөр ач холбогдол өгч байна. Цаашид манай улсад сайн туршлагуудыг нэвтрүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар хоёр тал харилцан тохирцлоо. Монгол Улсад хяналтын тогтолцоог бий болгож, газрын тосны бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт хэрэгцээ зэрэг зүйлд бүрэн хэрэгжүүлэхээр боллоо. 

 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)