Эдийн засаг тогтвортой байх нөхцөл бүрдэнэ

 

        Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг өчигдөр хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүний дотор хамгийн анхаарал татсан зүйл бол зээлийн хэлэлцээрийг дэмжсэн явдал байлаа. Тодруулбал, эдийн засгийн хямралтай өнөөгийн цаг үед дэмжлэг болох гарцаагүй ээ.

 

 Тодруулбал, Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 1991 онд элсэн орсноос хойш нийт 1.6 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авч, зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны 260 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн багцаас хэрэгжүүлэх төслүүдийг Дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд ирэх дөрөв жилд бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоод байна гэсэн эерэг мэдээллийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дуулгаж байсан юм. 

 

Тэгвэл энэ асуудлыг хуралдаанаар эцэслэн шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”, “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болжээ.

 

“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2” нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засаг хүндрэлтэй үед эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой ажээ.

 

Эхний хөтөлбөрийг 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч эдийн засгийн өсөлт саарч, макро эдийн засгийн хүндрэл, хуримтлагдсан өр, төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийн дарамтуудыг даван туулах шаардлагатай болсон. Энэ үүднээс Засгийн газар Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэгтэй хамтран ажиллаж байгаа юм.

 

Энэ удаа Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлээр бодлогын 19 арга хэмжээг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх аж. 

 


           100 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

 

        Түүнчлэн банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнээр зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсдэг. 

 

Энэ бүхнээс үүдэн Засгийн газар  банкны салбарт бүтцийн шинэчлэл хийж, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

 

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нь. 

 

Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкнуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг бодлогын 12 арга хэмжээ авахаар болжээ. 

 

Банкны чанаргүй зээлийн үлдэгдэл өсч, 2016 оны байдлаар эргэн доголдолтой зээл нийт зээлийн 14.2 хувь буюу 1.7 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст өнгөрсөн зургаан жилийн хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн байх юм.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)