Хотын дарга С.Батболд Токио хотын засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа

 

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын  даргын урилгаар тус хотод айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Улаанбаатар хотын даргыг Токио хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тэмдэглэлт жилд Токио хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол орныг сайн мэдэх, Монголчуудын сайн танил тантай хотын дарга болсны тань дараа уулзаж байгаад улам таатай байна. Найрсаг харилцаатай Япон улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа байдаг. Монгол, Япон улс Улаанбаатар, Токио хотуудын иргэдийн харилцааг хөгжүүлж, бэхжүүлэх, ах дүүгийн харилцаат хот болгох ажлыг та бид хоёр хотын захирагчаар ажиллаж буй энэ цаг үед иргэдийнхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлан харилцааг шат ахиулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” хэмээлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Улаанбаатар хот Москва, Бээжин, Сөүл, Пхеньян зэрэг дэлхийн 30 гаруй хоттой эгч дүүгийн болон найрамдалт харилцаатай. Зүүн хойд Азийн бүс нутаг дахь хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахыг зорьж, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Тус форумд Бээжин, Тьянжин, Сөүл, Москва, Эрхүү, Пхеньян зэрэг 20 гаруй хотын дарга нар болон орлогчид оролцож байсан. Энэ жилийн форумд Токио хотын захиргааны төлөөллийг оролцоно гэдэгт найдаж байна. Энэ удаагийн айлчлалыг үр өгөөжтэй болгоход Токио хотын захиргаа болон Гадаад харилцааны газрынхан анхаарч, хамтран ажилласанд талархал илэрхийлье” хэмээгээд Токио хотын Засаг даргыг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхийг урилаа.

Токио хотын Засаг дарга Юрико Койкэ Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байсан байна. Манай улсын талаар сайн мэдэх учраас уулзалт халуун дотно болж өнгөрснийг хотын дарга онцлов. Хатагтай Юрико Койкэ хэлэхдээ “Улаанбаатар хот хөгжиж байгаа хот. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын адил тулгамдсан олон асуудал бий. Цаашид Улаанбаатар хоттой хамтран ажиллах хүсэл бий. Зүүн японы байгалийн гамшгийн үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн. Үүнд талархаж явдагаа илэрхийлье” гэлээ.

Хотын дарга Токиод айлчлах үеэрээ тус хотын Тохижилт, хог хаягдлын удирдлагын төв, Цэвэрлэх байгууламж болон агаарын бохирдлоос сэргийлэх бодлого, үйл ажиллагаатай нь танилцсан. Улаанбаатар хотын зүгээс эдгээр чиглэл болон соёлын салбарт Токио хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгааг  Токио хотын захирагчид илэрхийллээ. Хоёр хотын захирагчаар ажиллах хугацаандаа ах, дүүгийн найрамдалт хот болох ажлыг урагшлуулж, харилцаанд ахиц авчирна гэдэгт итгэж байгаагаа Улаанбаатар хотын дарга уулзалтын төгсгөлд дахин илэрхийллээ. 

Үүнээс гадна Токио хот 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон байна. Токио хотын захирагч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзах үеэрээ Токиогийн олимпийн энгэрийн тэмдэгийг дурсгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (99.100.111.145)

    2017-04-21

    Токио гэж томроод яахав.Эрээний хэмжээний төлөвлөлт тохижилт хийж чадахгүй юм чинь.Ичиг