Их Британийн парламентын сонгууль зургаадугаар сарын 8-нд болно

 

        Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ оны зургаадугаар сарын 8-нд ээлжит бус парламентын сонгууль явуулахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн мягмар гаригт мэдэгдэл хийх үеэрээ зарлажээ. Бүх нийтийн сонгуулийг анх 2020 онд хийхээр төлөвлөж байсан юм. Тэрбээр “Европын холбооноос гарах Засгийн газрын төлөвлөгөө бол үндэсний ашиг сонирхол. Гэтэл улс төрийн бусад нам энэ төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Бид хагаралдаж хуваагдахын оронд нэгдэх хэрэгтэй байна. Парламентын сонгуулийн хугацааг наашлуулах нь улс орны ирээдүйг тогтвортой байлгах, BREXIT-тэй холбоотой эдийн засгийн эрсдэлээс зайлсхийх зорилготой. Би энэхүү шийдвэрийн цаад шалтгааныг тайлбарлахыг хүсч байна. Өнгөрсөн зун Их Британийн ард түмэн Европын холбоог орхих шийдвэр гаргасны дараа манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол тодорхой, тогтвортой байдал болон хүчирхэг удирдлага болсон юм. Хэдийгээр манай улсад санхүүгийн болон эдийн засгийн аюул нүүрлэнэ гэсэн таамаглал байгаа ч хэрэглэгчдийн итгэл өндөр байгаа төдийгүй ажил эрхлэлт түүхэн дээд хэмжээнд байна. Мөн эдийн засгийн өсөлт таамгийг давсан үзүүлэлттэй байгаа. Их Британи Европын холбоог орхих болно. Бидэнд буцах зам байхгүй” гэжээ. Их Британийн парламентын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд ээлжит бус сонгууль явуулах саналыг батлах юм. Энэ саналыг тус улсын парламентын гишүүд өнөөдрөөс авч хэлэлцэж эхэлнэ. Тус улсын гол сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин Ерөнхий сайд Мэйгийн гаргасан шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Олон нийтийн дунд явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс үзвэл, сонгогчдын 50 хувь нь Тереза Мэйг дэмжиж байгаа бол ердөө 14 хувь нь Жереми Корбиныг дэмжиж байна. Бүх нийтийн сонгууль явуулсан тохиолдолд Мэйгийн удирдсан эрх баригч Консерватив нам ялах магадлал өндөр байна. Өнгөрсөн онд явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын ихэнх нь Их Британийг Европоос гаргахыг дэмжсэний дараа тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон өөрийн хүсэлтээр огцорч, Мэй Засгийн газрын тэргүүн болсон билээ. Харин Шотландын тэргүүн сайд Никола Старжен "Их Британийн парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулах нь цэвэр улс төрийн зорилготой" гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр "Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өөрийг нь эсэргүүцэгчдийг замаасаа холдуулах оролдлого хийж байна" гэж үзэж байгаа аж. Никола Старжен “Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын нэр хүнд буурч байгааг боломж гэж харж байгаа нь тодорхой байна. Энэ бол өөрийг нь эсэргүүцэгчдийг замаасаа холдуулж, өөртэй нь санал зөрөлдөж байгаа хүмүүсээс салах боломж юм. Ингэснээр Их Британийг өөрийнхөөрөө удирдах болно. Энэ бол BREXIT-ийн үр дагаврын нэг илрэл юм. Тиймээс Шотландын хувьд энэ бол ашиг сонирхлынхоо төлөө тэмцэж, дуу хоолойгоо хүргэх боломж. Шотландын парламентын гишүүд улсынхаа эрх ашгийг хамгаалах болно” гэв. Энэ удаагийн сонгууль нь Их Британийн сүүлийн 47 жилийн түүхэнд бие даан явуулах анхны ерөнхий сонгууль гэдгээрээ онцлог болох ажээ.

 

Ц.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)