АН дотор фракцуудын тулаан өрнөх үү

 

        Ардчилсан намын дотоод өрсөлдөөн ширүүсэв. Учир нь Монгол Улсын тав дахь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох юм. Энэхүү сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигчээ тодруулна. Өөрөөр хэлбэл, эрх баригч  МАН, сөрөг хүчин Ардчилсан нам, МАХН  гэсэн гурван намын дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа болох юм. 

 

Одоогийн байдлаар хамгийн их  нэр дэвшигч олонтой, өрсөлдөгч ихтэй намаар Ардчилсан тодроод байна. Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн өнгөрөгч долоо хоногт  тэдгээр нэр дэвшихээр горилсон намын гишүүдээ хүлээн авч уулзсан сурагтай. 

 

Уулзалтанд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн хүмүүс хүрэлцэн иржээ. Тэдгээр нэр дэвшигчдийн дунд фракцын тулаан өрнөж магадгүй бололтой. АН-ыг толгойлж буй С.Эрдэнэ “шонхор” фракцыг толгойлдог. Энэхүү фракц нь намдаа нэлээд дээгүүр эрэмбэлэгдэх, хөл гар саатай, холбоо сүлбээтэй, дэмжлэг ихтэй фракц гэгддэг. Тиймээс эдгээр нэр дэвшигчдээс хамгийн их санал, дэмжлэг авч чадах хүнээр Р.Амаржаргалыг хэмээн сэм ярилцаж байгаа сурагтай. Харин хамгийн дэмжлэг муутай, гишүүнээр “Алтан гадас” фракцыг толгойлдог Н.Алтанхуяг, намын шинэхэн гишүүн Б.Жаргалсайхан нарын нэр дуулдсан юм.

 

 Түүнчлэн багийн сонгуульд ч ялж байгаагүй Д.Дорлигжавыг зарим гишүүд шуудхан нэрээ татах нь зөв хэмээн зөвлөсөн байна. Хамгийн сонирхолтой нь “Нэг ардчилал” фракцыг толгойлдог Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн зөвлөх П.Цагааныг зүтгүүлэх нууцхан хүсэл нь хүртэл ил болсон сурагтай байна. Тэгэхээр АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын тулаан ширүүхэн бас өрсөлдөөнтэй, дээрээс фракцуудын дунд өрнөх нь тодорхой боллоо.

 

Түүнчлэн нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлыг хуульд заасан тав хоногийн хугацаанд багтах ёстой гэсэн болохоор Ардчилсан намын хувьд тавдугаар сарын 2-ноос нам дотроо дээрх горилогч нарт  санал хураалт явуулах юм байна. Харин түүний  дараа  их хурлаа хуралдуулж, нэр дэвшигчээ эцэслэн батламжлахаар болжээ. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • АН ГИШҮҮН (202.70.34.115)

    2017-04-24

    АМАРЖАРГАЛ ШҮҮ, ӨӨР ХЭН Ч БИШ