“И баримт” системд урлагийн үзвэр үйлчилгээг холбохоор болжээ

 

        Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа.

 

Тэгвэл ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулахаар болжээ.

 

Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон бусад татварын хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар өнгөрсөн долоо хоногт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 

Санамж бичгийн хүрээнд  Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах юм. Мөн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох асуудлыг шийдэрлэх ажээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)