“Эрдэнэс тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг хийлээ

 

-Чалкогийн өрийг тэглэхэд тээврийн жолооч нар их үүрэг гүйцэтгэжээ –

 

        БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Монгол Улсын Засгийн газар 2011 онд 350 сая ам.доллар авч, тэрхүү өр зээлээ нүүрсээр төлж барагдуулахаар гэрээ хэлэлцээр хийснээс хойш зургаа дахь жилтэйгээ золгосон байв. Энэхүү хугацаанд өрийг төлөх тэглэх боломж байсан ч өмнөх Засгийн газар менежмент муутай ажилласнаас болж төлөгдөөгүй гэсэн шүүмжлэлийг хүлээсэн юм.

 

Тэгвэл энэ их өрийг бүрэн төлж барагдуулснаа өнгөрсөн сарын 30-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс албан ёсоор зарласан билээ. Зургаан сарын хугацаанд 110 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж дууссан юм. Ингэж  ард түмний нуруун дээр байсан ачааг хөнгөлж, өрийг нь тэглэсэн монголчууд баяртай байгаа. Монгол Улс нэг ч гэсэн өрөөс салсан гэдэг утгаараа баярлахгүй байхын аргагүй юм.  Ер нь “Эрдэнэс тавантолгой” ХК үнэт зүйлстэй, улс орны эдийн засгийг дэмжигч гол судсуудын нэг юм. Тиймээс нутгийн баялагийг иргэдэд тэгш хүртээхээр ажиллаж байна, орон нутгийг хөгжүүлэх, иргэдийг нь ажилтай орлоготой байлгах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг төрийн компани.

 

Тиймдээ ч “Чалко”-гийн өрийг тэглэсэн юм чинь одоо 1072 хувьцааг “амилуулна” гэдгийг ч тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан удаатай.

 

Тэгвэл өнгөрсөн оны төгсгөл, энэ оны эхний гурван сарын байдлаар хариуцлагатай үүрэгтэй ажилласан “Эрдэнэс тавантолгой” ХК өнгөрсөн бямба гаригт эрдэнэсийн үүц уурхай болсон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

 

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн иргэдийг дэмжиж ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой нээлттэй хаалганы өдөрлөгийг хийлээ. Өдөрлөгт “Эрдэнэс тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал Д.Ариунболд тэргүүтэй удирдлагууд,  УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн бие төлөөлөгч Отгонбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Уурхайн дарга Д.Чинбат, хил гаалийн байцаагч нар, мөн нүүрс тээвэрлэлтэд явдаг жолооч нар нутгийн иргэд идэвхтэй оролцов.

 

Өдөрлөгт оролцогч удирдлагуудын зүгээс нэг зүйлийг онцлон хэлж байв. “Чалко”-гийн өрийг тэглэхэд нүүрс тээвэрлэлтийн жолооч нар их үүрэг гүйцэтгэсэн гэв. Тодруулбал, “1000 цагт 1 сая тонн” гэсэн сарын аяныг амжилттай зохион байгуулж хамгийн их рейс хийсэн шилдэг 44 жолоочийг “Саятан жолооч”-оор шалгаруулан урамшуулав.

 

Ингээд саятан жолооч нарын сэтгэгдлийг сонслоо. Хамгийн өндөр рейс буюу 17 рейс хийсэн нь Л.Отгонбаатар байв.

 

Л.Батнасан: Улс орноо өрнөөс гарахад өөрийн чадах хувь нэмрээр оролцсонд баяртай байна

 

        “ТТС and Т” компанийн жолооч Л.Батнасан “Миний хувьд 17 жил жолоо барьж байна. Энэ компанид ажиллаад 6 жил болж байна. Энэ арга хэмжээнд 12 удаагийн рейс хийлээ. Жолооч бид нар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж яваа гэж боддог. Сая энэ их өрийг дарахад өөрийн чадах хувь нэмрээр оролцсонд баяртай байна. Ачаалалын хувьд их. Энд тээвэрлэлтэд 5-6 мянган машин явдаг. Хилийн боомтоор гарахад их ачаалал хүлээлт үүсгэдэг. Өдөрт нэг талдаа 1200 машин гэж бодохоор 2 талдаа 2400 машин орж гардаг болохоор ачаалал их. Дээр нь хил гааль дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо нягт байх шаардлагатай. Бидэнд бэрхшээлтэй зүйл гайгүй ээ. Жолооч нар өөрсдөө хориотой бараа бүтээгдэхүүн хилээр авч гарахыг, авч орж ирэхийг оролдохгүй бол элдэв асуудал гарахгүй ээ. Сард дунджаар 8 рейс хийдэг юм” гэв.

 

 

“Икс Эм Си” компанийн жолооч Д.Гантулга: Жолооч нар хариуцлагатай байх хэрэгтэй

 

        “Энэ компанид жолооч хийгээд жил болж байна. Өнгөрсөн 20 хоногийн хугацаанд 13 рейс хийгээд “Саятан жолооч” болсонд баяртай байна. Манай компани жолооч  нартаа хариуцлага шаардлага өндөр тавьдаг. Ер нь замын ачаалал их байдаг.  Жолооч нар хамгийн гол нь хариуцлагатай тээвэрлэлтээ хийдэг баймаар байгаа юм. Өөрсдийн мэдэхгүй замаараа хурд хэтрүүлж яваад осолдох ч юмуу, машин тэргээ эвдлэх тохиолдол гардаг. Зам их эвдрэлтэй нь үнэн. Түүнийгээ мэдэж хурдаа зохицуулж явдаг. Дээрээс нь хилийн оочер дараалал их бий. Хилээр гарахаар 2-7 хоног ч оочерлох тохиодол бий. Түүнээс ч элдэв асуудал гайгүй дээ. Хамгийн гол нь жолооч нар үүргээ ухамсарлаж хариуцлагатай байх хэрэгтэй” гэлээ.

 

Өдөрлөгийг “Мера”, “Монруд”, “Олборлолт” , “Сод Монгол”, “Хишиг арвин” зэрэг таван компанитай хамтран зохион байгуулсан бөгөөд хувиараа болон аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэдэг хийдэг, урладаг бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байв.

 

Мөн ажлын байр бэлэн байгаа компаниудын зүгээс иргэдээс анкет бөглүүлэн авч, ажлын санал тавьсан юм. Тодруулбал,  өдөрлөгт нийт 11 мянга гаруй иргэд оролцсон бөгөөд туслан гүйцэтгэгч компаниуд 50 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгож зуулчлав.

 

Тухайлбал, “Монруд” компани “Эрдэнэс тавантолгой”-д уул уурхайн хайгуул, олборлолт, үйлчилгээний ханган нийлүүлэлт хийдэг компани бөгөөд тогооч, угаагч, туслах тогоогч, үйлчлэг, сантехникч гэсэн ажлын байранд иргэдийг бүртгэж авч байв.

 

Мөн “Мера” компани сэрээт ачигчийн оператор, жолооч, туслах ажилтан, тэсэлгээний ажилтан, катерингийн үйлчилгээндээ  иргэдийг бүртгэж авч байв.Ажлын анкет бөглөж байгаа иргэдийн ихэнх нь хөдөлмөрийн чадвартай залуус харагдана билээ.

 

Цогтцэций сум нь аймгийнхаа хэмжээнд газар нутгаараа том, хүн ам ч олонтой сум юм. Уул уурхай дагаж амь амьдралаа залгуулж байгаа олон иргэн бий. Тус сум нь уугуул 7 мянга гаруй хүн амтай бол явуулын суугуул гэх 4 мянга гаруй хүн ам амьдарч байна.

 

Түүнчлэн үзэсгэлэнд хувийн цехүүд үзэсгэлэнгээ дэлгэж, танилцуулж байв.Тухайлбал, “Цогтцэций дэвшил” ХХК, “Болор сор” ХХК, “Эвийн шаглаа” оёдлын үйлдвэр, “Словок” цех, эм эмнэлэгийн хангамж үйлчилгээ зэрэг олон компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, эрэлт нийлүүлэлтийг хийж байлаа.

 

“Словок” цехийн технологч М.Оюунаас үйлдвэрийнх нь талаар тодруулахад “Манайх 4 төрлийн гурилан бүтээгдэхүүн гаргадаг. Эдгээр бүтээгдэхүүнээ ЭТТ-д нийлүүлэх саналтай байгаа. Захиалгын дагуу бол хангалттай гарна. Хүн хүч, тоног төхөөрөмж нь хангалттай байгаа учраас үйл ажиллагааг нь зогсоочихгүй ажиллах нь чухал. Одоо нэмээд манай охин хэрчсэн гурил үйлдвэрлэдэг болсон. Хамгийн гол нь нийлүүлэлт чухал байгаа юм. Тиймээс уул уурхайн компаниудад бүтээгдэхүүний захиалгаар нийлүүлэх хүсэл саналтай байна даа” гэлээ.

 

Д.Ариунболд:Орон нутагт 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн

 

        Ингээд нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал Д.Ариунболд  “Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Үүнийг зохион байгуулснаар манай компани, туслан гүйцэтгэгч компаниуд ямар үр өгөөжөө өгч байгаа талаар тайлагнах, нутгийн иргэдэд уулзаж ярилцах, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн орон нутагт оруулж байгаа нийгмийн хариуцлагынхаа чиглэлээр хийж байгаа ажлынхаа гэрээг жил болгон дүгнэж, биелэлтээ орон нутгийн иргэдэд тайлагнах зорилготойгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг жил болгон явуулна.  Хувиараа үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжиж ажиллах зэргээр нээлттэй ярилцлаа. Энэ үйл ажиллагаагаар орон нутгийн компаниудаас гадна гадны “Чалко” компани ч иргэдийг ажлын байраар хангах, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн.  Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн удирдлагуудтай жил болгон гэрээ байгуулан ажилладаг. Өнгөрсөн жил санхүүжилт бага эдийн засаг хүнд байсан шалтгаанаар хийсэн ажил бага байсан. Өнөө жил бол нэлээн том том ажлуудыг төлөвлөж байна. Өнөөдөр гэхэд Цогтцэций сумын цэцэрлэгийг тохижуулж өгөх талаар ярилцлаа. Түүнээс гадна орон нутагт 20 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн” гэлээ.

 

Өдөрлөгийн үеэр Цогтцэций сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн хот” гэсэн сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан байсан бөгөөд уралдааны шилдэгүүдийг шалгаруулж, утга зохиолын нэрт мастерууд болох “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, Б.Галсан, Н.Гантулга, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, яруу найрагч Н.Пүрэв, С.Амартайван, Х.Сүглэгмаа, Д.Ган-Очир Ч.Ууганбаяр тэргүүтэй яруу найрагчид “Цогтцэцийн хавар” яруу найргийн уран үгсийн чуулганыг зохион байгуулж,  “Классик жем” хамтлагийн уран бүтээлчид, АЖ морин хуурч, Ч.Батсайхан, уртын дуучин Л.Бадамцэцэг тэргүүтэй урлагийнхан тоглолт хийж Цогтцэцийчүүдийн мэлмийг баясгаж, сонорыг мялаалаа.

 

Мөн эл өдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ны төв байрны гадаа спорт цогцолбор барих барилгын шав тавих ёслолыг хийсэн юм.

 

Энэ онд Баруун цанхиас 6 сая тн, Зүүн цанхиас 7,2 саян тн нүүрс олборлоно

 

        Өмнөговь аймгийн хэмжээнд 90 гаруй компани ашиглалтын лиценз эзэмшдэг бөгөөд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 11 компани байна. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 30 орчим хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК экспортолдог аж.  2011 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 27,6 сая тонн нүүрсийг олборложээ. 2016 оны оны эцсийн байдлаар 261,7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, шууд болон шууд бусаар 3 мянга гаруй иргэнийг ажлын байраар хангаж ажиллажээ.

 

Баруун цанхийн уурхайгаа 2016 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ уурхайгаас орсон орлогоор “Чалко” компанийн өрийг төлсөн. Өөрөөр хэлбэл, өрийг өрөөр дарлаа гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй мэдээлэл болж таарч байгаа юм.

 

“Эрдэнэс тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулснаас хойш 3100 гаруй ажлын байрыг бий болгосон, 100 хувь монголчууд ажиллаж байна. 27 хувь нь Өмнөговь аймгийн иргэд, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд байна. Компани өдрийн байдлаар ямар ч үйлдвэрлэлийн осол авааргүй үйл ажиллагаа явуулж байна.

 

Ордын байршлын тухайд, Тавантолгой орд нь Улаанбаатараас 540 км, Монгол Хятадын хилээс 170 км-т оршиж байна. Хүчин чадлын хувьд Цанхийн зүүн уурхай-15,0 саян тн/ жил, Цанхийн баруун уурхай-20,0 сая тн/ жил, 300 м гүн хүртэл олборлолт хийгдэнэ.

 

Уурхай өдөрт 12 цагаар ажиллах 2 ээлжтэй, 14/14 ажил амралтын горимтой, жилийн 365 хоног тасралтгүй ажиллаж байна. Энэ онд 11,5 сая тн нүүрс олборлоод 1,3 их наяд төгрөгийн борлуулалттай ажиллахаар төлөвлөж, улсын төсөвт 250 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

Зүүн цанхийн уурхайгаас өнгөрсөн хугацаанд олборлосон нүүрсний тонн жилээс жилд өссөн байна.

 

2011 онд 0,9 сая тн

2012 онд 2,5 сая тн

2013 онд 2,7 сая тн

2014 онд 0,9 сая тн

2016 онд 7,3 сая тн сая тн нүүрс олборлосон байна. Тэгвэл энэ 2017 онд зүүн уурхайгаас 7,2 сая тн нүүрс олборлохоор төлөвлөжээ.

 

Баруун цанхиас

 

2013 онд 2,56 сая тн

2014 онд 3,6 сая тн

2015 он 3,8 сая тн

2016 он 0,3 сая тн

2017 онд 6 сая тн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна.

 

Нүүрсний үнийг янз бүрийн байдлаар ярьдаг. Дэлхийн зах дээр нүүрс 210-300 ам.доллар хүрч байхад Монголд 72 ам.доллараар зарлаа гэсэн шүүмжлэл гардаг. Дэлхийн зах зээлийг зөвөөр ойлгох нь чухал. Яг хаана 210-300 ам.доллар хүрч байгаа юм бэ. Манайд 71,5 ам.доллар гэж үзэхэд үүн дээр замын зардал, тээврийн зардал, хилийн боомтын хураамж, татвар, хилээр цааш гарах зардал гээд Таньшин хүрэх зардал гээд тэнд очоод зарах үнэтэйгээ яг дүйцдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнээр борлуулж байгаа гэдгийг албаныхан хэлэв.

 

“Эрдэнэс тавантолгой” компаниас 1 кг нүүрс ч илүү гарах боломжгүй гэв

 

        “Эрдэнэс тавантолгой” компаниас нүүрсний тээвэрлэлтэд өдөр 1000 машин нүүрсээ ачаад явдаг аж. Нүүрс тээвэрлэлтийг богины рейсэнд оруулах шаардлагатай хэмээн Зам тээвэр болон Авто тээврийн үндэсний газраас үзсэн байгаа. Учир нь нэг зардлаар явах нүүрсийг Цагаанхад орчимд буулгаж дахин ачиж цааш явах нь эдийн засгийн хувьд их хүндрэл гардаг. Тиймээс эдийн засгийг хэмнэх үүднээс богины рейсэнд оруулаад удаагүй байгаа юм.

 

Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” богины рейсээр явдаг байна. Жолооч нар нүүрсээ тээвэрлэж гараад хэдхэн км-ын цаана хил гааль дээр шалгуулдаг байна. Өөрөөр хэлбэл, уурхайн аман дээрээс эхлээд шалгалтад ордог аж. Тиймээс 1 кг нүүрс илүү гарах боломжгүй гэдгийг онцлов. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр 72 доллараар биш, 65 доллараар нүүрсээ гаргадаг. Тэгээд НӨАТ-ыг нь өөрсдөө авдаг мэтээр ярьж бичиж гүтгэдэг. Ямар ч боломж байхгүй. 4-5 газраас хяналт шалгалт хийж явуулдаг. Зөвхөн урдаас хийгдсэн гэрээний үнийн үндсэн дээрээс гаргадаг болохоор тэр гэрээнүүдийн талаарх мэдээлэл бүгд ГЕГ-т байдаг. Улсын байгууллагууд энэ мэдээллийг авч үзэх нь нээлттэй байгаа. Үнийн хувьд одоогоор зөвхөн дуудлага худалдааны үнэ болох 73 доллараар зарж байна.

 

Өнгөрсөн жилийн өдийд 29 доллар байсан харин одоо 73 доллар болсон байна. Ийм үед нь боломжийг ашиглаж ахуйхан олборлолт хийж экспортод гаргах нь чухал, дээр нь өр ширээ барагдуулъя, иргэдэд ашиг хувь хүртээе гэж бодож байгаа ажээ.

 

О.Сайхан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)