Бондын буруу зарцуулалт буюу АН-ын бодлогын алдаа

 

        Хоёр том нам засгийн эрхийг солилцсоноос хойш олон юм ил болж байна. Үүний нэг нь бондын зарцуулалт. Зөвхөн Хөгжлийн банкин дээр л гэхэд Чингис бондын талтай дүйхүйц 1.3 их наяд төгрөгийн зөрчил, дутагдал илэрснийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг илрүүлээд байна. Гэвч энэ зөрчил бол АН-ын авсан өр, зээлтэй харьцуулахад юу ч биш бололтой. Шинэ, шинэ нөхцөл байдлууд ил тод болж, өнгөрсөн дөрвөн жилд АН ямар хэмжээний мөнгөөр туйлсан нь тодорхой болж эхэллээ. 

 

Нийгмийн олонхи нь АН-ыг өнгөрсөн дөрвөн жилд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар зам тавьж, жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн гэж бодож байсан юм. Хоёр тасарч орж ирсэн энэхүү мөнгөөр бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн гэж ойлгож явлаа. Гэтэл АН-ын тавьсан өрийн, өндөр хүүтэй зээлийн ердөө нэгхэн хэсэг нь л Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар байжээ. Маш олон нэрээр маш их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй босгосныг саяхан төсвийн тодотгол хэлэлцэх үеэр МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа олон нийтэд ил тод мэдэгдлээ. Түүний хэлсэн тоо нь, АН-ын авсан зээл нь 7.2 тэрбум ам.доллар. Энэ бол Монгол Улсын бүтэн хоёр жилийн төсөвтэй дүйж очихуйц их мөнгө. 

 

Ардчилсан намын үед авсан зээл, бонд

 

 

АН-ын авсан өр, зээлийн задаргаа нь хугацаатайгаа ийм л байна. Дандаа богино хугацаатай, арилжааны нөхцөлтэй зээлүүд. Мэдээж өр тавиад, үүгээрээ хөгжлийн төслүүдээ санхүүжүүлсэн бол буруутгах арга байхгүй. Харамсалтай нь, АН-ынхан авсан зээл болгоноосоо унац гаргах гэж дандаа буруу зүйлд зарцуулсан байх юм. Өөрөөр хэлбэл, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжүүлтэд энэ мөнгөө зарцуулахын оронд хүний нүд хуурах ажилд ихэнхийг нь үржээ. Үүний нэг нь зам талбай засах ажилд зарцуулсан олон зуун тэрбум төгрөг. 

 

Автозам тавилаа гэж АН-ыг буруутгаж байна гэж бүү бодоорой. Эдийн засгийн агуулга талаас нь харвал шүүмжлэл АН-ыг яалт ч үгүй тойрч биш, дайрч гараад байгаа юм. Ямар ч улс орон өндөр хүүтэй мөнгөөр урт хугацаандаа эдийн засгийн ашиг нь гардаг замын салбарт хөрөнгө оруулалт хийдэггүй юм байна. Автом зам бол маш том дэд бүтэц. Өртөг өндөртэй ч өгөөжөө буцааж нөхөх хугацаа нь хол байдаг. Иймд төсвийн хөрөнгө оруулалтаар, эсвэл нэн хөнгөлөлттэй урт хугацаатай зээлээр л зам тавьдаг жишиг дэлхийд бий. Гэтэл АН-ынхан аймаг болгонд “Гудамж” төсөл хэрэгжүүлнэ гэж, зам талбайг өргөтгөнө гэж маш их хэмжээний мөнгө газарт “булсан”. Хамгийн гол нь 30 жилийн дараа өртгөө нөхөх боломжтой зам руу гурван жилийн дараа хүүтэй нь буцааж төлөх мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэнд бодлогын алдаа нь байгаа юм. Бондын мөнгийг бодлогогүй зарцуулсан жишээ энэ мэт олон байна. Хүүхдийн дүрэмт хувцас оёх, зайрмагны цех байгуулах, цэцэг тарих зэрэг төсөл хөтөлбөрүүдийг АН-ынхан бондын мөнгөөр санхүүжүүлсэн байдаг. Арилжааны өндөр хүүтэй зээлээр зам, талбай засдаг, цэцэг тарьдаг улс орон дэлхийд байхгүй. Үүний хажуугаар АН-ын эрх баригчид нийгмийн даатгалын сангийн мөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдан авах, барихад хууль бусаар ашигласан нь ч ил болсныг Д.Хаянхярваа дарга мэдэгдэж байсан билээ. 

 

Мөнгө бол эдийн засгийн судсаар гүйх цус нь. Энэ өнцгөөс нь харвал АН-д эдийн засгийн эргэлтийг сайжруулах 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх боломж байжээ. Харамсалтай нь, энэ мөнгийг зөв зүйлд зарцуулахын оронд гудамжинд нэг наст ургамал тарих, 30 жилийн дараа өртгөө нөхөж мэдэх зам тавих мэтэд зориулсан нь тэдний бодлогын гол алдаа нь. Үүнээс нь болж эдийн засаг өнөөдөр элгээрээ хэвтлээ. Саяхан дэлхийд гайхагдаж, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж явсан Монгол Улс өнөөдөр ямар байдалд хүрэв? Эдийн засгийн өндөр өсөлт алсарч, уруудалт улам ойртож байгаа энэ үед АН-ын тавьсан хугацаа тулсан өрийг төлөх субботникийн ажил нь л МАН-д үлджээ. 

 

Б.ТЭНҮҮН
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.70.46.213)

    2017-04-25

    Дотоодын аж ахуйн нэгжээр хэдий хэмжээний ажил хийсэн юм болдоо. тесевт татвар хэлбэрээр хэдий орж эдийн засгийн цусны эргэлт болсныг харуулвал сайн байна.

  • Zochin (202.70.46.213)

    2017-04-25

    Дотоодын аж ахуйн нэгжээр хэдий хэмжээний ажил хийсэн юм болдоо. тесевт татвар хэлбэрээр хэдий орж эдийн засгийн цусны эргэлт болсныг харуулвал сайн байна.