Д.Дамба-Очир: Туршилтын ажилтантай ч хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой

 

       УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИРТОЙ ярилцлаа.

 

-УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд шинээр хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж, баталлаа. Хуулийн төслийн гол заалт нь юу вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

 

-Өнөөдөр манай улсад хэрэгжүүлж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өглөө. Тодруулбал, уг хуулийн төсөлд туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан хуульчилж өгсөн. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуульд дээрх заалтуудыг нарийвчлан тусгаагүйгээс үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарт ажил олгогч ажилд шинээр орж байгаа хүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр гурав, дөрвөн сар ажиллуулчихаад “Чи тэнцэхгүй байна” гэсэн шалтгаанаар халчихдаг. Тэгэхдээ ажилласан хугацаанд нь цалин, хөлс өгдөггүй зэрэг зөрчил гаргадаг боловч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс хуулийн гол амин сүнс нь хүнийг тодорхой хугацаанд ажиллуулчихаад цалин өгөхгүй явуулдаг байдлыг таслан зогсооход оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтантайгаа заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах. Мөн ажил олгогч хүнийг туршилтын хугацаанд ажилд авч байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр цалин өгч байхаар тусгасан. Туршилтын хугацаа зургаан сар байсныг гурван сар болголоо. Ер нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авч байгаа бол тухайн ажилтны өмнө үүрэг хүлээ, нийгмийн даатгалыг нь төл, цалинг нь өг гэж байгаа юм. Тэгэхгүй бол ажил олгогч, ажилтан хоёр хоорондоо амаар тохиролцож, гэрээ байгуулаагүйгээс сүүлд нь маргаан үүсэхэд ямар ч баримтгүй байдаг. Үүнийг далимдуулж гурван сар ажиллуулаад л хөөгөөд гаргадаг байдал бизнес болж байна. Өөрөөр хэлбэл, цалин өгөхгүйгээр хүний хөдөлмөрийг мөлжиж байна. Энэ нь голдуу лангуу, барилга, бар, ресторан, аялал жуулчлалын салбарт түлхүү гардаг. Түүнчлэн цагаар ажиллах, дадлагажих гэсэн зүйлийг шинээр нэмж орууллаа. Цагийн ажлыг зөвхөн оюутнууд хийдэг зүйл биш. Багш, эмч нар ч цагаар ажилладаг. Тухайлбал, багш нар үдээс өмнө улсын сургуульд ажилласан бол үдээс хойш хувийн сургуульд ажиллах нь элбэг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зохицуулсан зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогчтой хоорондоо цалин, хөлс цагаа тохирох байдлаар явдаг. Тиймээс цагаар ажиллах гэсэн заалтаар тэднийг хамгаалж, баталгаажуулж өгч байгаа юм. Харин дадлагажигч оюутан болон өөр чиглэлээр дадлагажиж байгаа хүний хугацаа, аюулгүй байдал, бүх зүйлийг оруулж өгсөн. Уг хуулийн төсөл нь залуусыг хамгаалсан хууль болж байна. Учир нь, залуус ажилд ороод олон сар ажиллаад нэг ч төгрөгийн цалин авахгүй болохоор шантардаг. Ажилд ихэвчлэн залуу хүмүүс орж ирдэг. Ингэхдээ дандаа туршилтын хугацаанд ажиллаж эхэлдэг. Сургууль төгссөн ч практик дээр ажилласан туршлагагүй хүмүүсийг байгууллага авахдаа дургүй. Тиймээс залуусын ажилд ороход нь тулгамддаг зүйлийг зохицуулсан хууль боллоо.

 

-Дадлагажих хугацааг зохицуулж өгсөн гэлээ. Тэгэхээр дадлагажигч хэдий хугацаанд ажиллах вэ. Хэрвээ байгууллагад дадлага хийлээ гэж бодоход бас гэрээ байгуулж ажиллана гэж ойлгох уу?

 

-Ер нь дадлагажих хугацаанд гэрээ хийж, тухайн байгууллагатай тохирч, цалинтай ч байж болно. Анх яаж ч тохирсон байсан бичгээр үйлдэх ёстой гэж ойлгох хэрэгтэй. Уг хуулийг боловсруулахад Засгийн газар, МҮЭ, МҮХАҮТ, холбогдох яам, мэргэжлийн хуульчид оролцсон. Амьдралд маргаан дагуулахааргүй зөв хууль гаргая гэдэг байдлаар хандсан. Товчхондоо, ажилд орох гэж байгаа хүний харилцааг бүхэлд нь зохицуулж өгч байгаа гэж хэлж болно.

 

-Хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад нэг хувийг нь заавал ажилд орж буй хүнд өгөх ёстой. Хэрвээ өгөхгүй бол хариуцлага тооцно гэж байна. Ер нь хариуцлагын тогтолцоог хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

 

-Хариуцлагын хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний нэг хувийг ажилтанд өгөөгүй зөрчил гаргасан албан тушаалтанг 500 мянгаас нэг сая, албан байгууллагыг 5-10 сая төгрөгөөр торгох тухай хуулийн төсөлд тусгасан. Өмнө нь ажил олгогчийг 50-100 мянган төгрөгөөр л торгодог байсан. Торгуулийн хувьд өндөр байж магадгүй. Гэхдээ одоо хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуулиар торгуулийн хэмжээг багасгаад явна гэж ойлгосон.

 

-Хуулийг хэзээнээс эхлэн хэрэгжүүлэх вэ?

 

-Хуулийг баталчихлаа. Тэгэхээр үүнийг “Төрийн мэдээлэл” сэтгүүл дээр гаргаснаас хойш 10 хоногийн дараа хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 1-нээс гэж ойлгох хэрэгтэй.

 

-Хууль шинээр гарч байгаа болохоор ажил олгогч, ажилд орох гэж байгаа иргэд төдийлөн мэдээлэл авч амжаагүй байгаа болов уу. Тиймээс хуулиа сурталчлах талд ямар ажил хийж байна вэ?

 

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуулийн танилцуулгыг явуулж эхэлсэн. Миний хувьд гурав, дөрвөн ч телевизээр энэ хуулийн талаар ярилаа. Дээрээс нь УИХ-ын Тамгын газар, хууль сурталчлах газрууд нь анхаарч байна. Ер нь ажил олгогч нарт ойлгуулах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хууль нь өөрөө хөдөлмөрийн харилцааг зохицуулах том хууль. Гэхдээ энэ дотроо дээрх гурван зүйлийг л нэмж зохицуулж байгаа юм.

 

-Тухайн хүн туршилтын хугацаанд цалин авч ажиллаж байгаад эргээд ажилдаа тэнцэхгүй тохиолдолд байгууллагад чирэгдэл үүсэх юм шиг байх юм?

 

-Хэрвээ тухайн хүн байгууллагын шаардлагыг биелүүлж чадахгүй бол халаад явуулж болно. Гэхдээ ажилласан хугацааны цалинг л ямарч байсан өгөх ёстой. Цалин өгөхгүйгээр хөдөлмөрийн мөлжлөг маягаар ажилуулдгийг л энэ хуулиар болиулж байгаа юм.

 

-Цагийн ажил гэдэг нэр томьёо манай улсад харьцангуй сүүлд орж ирсэн шүү дээ. Монголд сүүлийн жилүүдэд цагийн ажлыг оюутнууд хийх болсон. Гэхдээ тухайн нэг цагийн хөлс бусад оронтой харьцуулахад бага байдаг. Үүнийг хуулиар зохицуулах боломж байна уу?

 

-Бид яриад л байгаа болохоос Хөдөлмөрийн тухай хуульд цагийн ажлыг зохицуулсан зүйл огт байдаггүй байж. Тиймээс хуулийн төсөлд нэгдүгээрт, цагийн ажил гэдэг юу вэ гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Хоёрдугаарт, цагаар ажиллах ажилтан, ажил олгогч яаж тохирох юм. Гуравдугаарт, ижил төрлийн мэргэжилтэй буюу жишээ нь, мужааны хоёрдугаар зэрэгтэй гэдэг юм уу яг ижил төрлийн ажлын жишгээр хүнийг цалинжуулах байдлыг хуульд суулгасан. Тэгэхээр ажил олгогч, ажилчны аль алинд ойлгомжтой болж өгч байгаа хэрэг.

 

-Нэмж асуухад Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагыг биелүүлсэн. Ирэх сарын 1-нээс “Приус” автомашины татварыг нэмэх болсонд олон хүн дургүйцэж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Би ч гэсэн үүнд эсрэг байр суурьтай байсан. Том том жийп автомашинуудаас л татвар авах ёстой. Мөн хадгаламжтай бүх хүнээс татвар авахгүйгээр хамгийн гол нь 30 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэнээс татвар авах тухай би санал хэлсэн. Энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн тавхан хувийг эзэлж байгаа хэр нь хадгаламжийн 90-95 хувийг эзэлж байгаа хүмүүст татвар ногдуулъя гэх санал ч гарч байсан. Гэхдээ ОУВС-д орох нэрээр батлагдаад явсан. Ер нь зарим зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, ОУВС-гийн хөтөлбөрт орох хэмжээнд хүргэсэн хүмүүс нь буруутай. Хоёрдугаарт, өмнөх Засгийн газар ОУВС-нд хамрагдах гэж гүйж очоод орж чадаагүй. Гэтэл өнөөдөр энэ Засгийн газар асуудлыг шийдсэн. ОУВС-д орсноороо Монгол Улсын иргэд бүгд хожиж байгаа.

 

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 5.5 тэрбум ам.долларын зээл авна. Үүний өмнөх зээлээ төлөхөд зарцуулна гэж байсан?

 

-ОУВС-гаас орж ирэх мөнгийг зээл, зээлийн хүүд өгөх гэж байгаа. Ирэх наймдугаар сард 1.7 тэрбум ам.доллар төлнө. Он гараад “Чингис” бондын эхний төлбөр болох 540 сая ам.долларыг төлөхөөр байгаа. Өнгөрсөн дөрвөн жил 7.2 тэрбум ам.долларын богино хугацаанд төлөх зээл авсан байна. Энэ нь бидэнд дарамт болж байгаа. Түүнээс биш бид 2008, 2009 онд эдийн засгийн хямралтай л байсан. Гэхдээ одоогийнх шиг зээлийн дарамт байгаагүй. Гэтэл ийм замбараагүй зээл авснаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байна. Түүнд хамрагдсанаараа 30 жил буюу урт хугацаатай, бага хүүтэй зээлийг авч өмнөх зээлээ төлж байна. Түүнээс МАН-ынхан хувааж авах гээд байгаа юм биш. Нөгөө талдаа долоон төрлийн татварыг нэмж байгаа юм шиг боловч цаад утгаараа эдийн засаг өснө. Аж ахуйн нэгжүүд ч боломжтой болно. Хамгийн сүүлд эдийн засаг 3-5 хувийн өсөлттэй болж хямралыг зогсоолоо.

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)