Д.Хулан: Цэвэр гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

 

-Хонины сүүлээр органик гоо сайхны бүтээгдэхүүн хийх санаа хаанаас төрөв өө. Энэ мэдээллийг анх сонсоход сонин бас содон байсан?

 

-Би өөрөө олон улсын органик гоо сайхны дипломтой.Англид сургууль төгссөн анхны монгол төгсөгч.Миний арьс эмзэг мэдрэмтгий болохоор өөртөө зориулж арьс арьчилгааны бүтээгдэхүүн хийдэг байлаа. Тиймээс би хэзээд хэрэглэгчийнхээ хүсэлд нийцсэн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн хийхийг зорьдог.

 

-Компанийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Одоогоор хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

 

- “Натурал Эссэншлс” ХХК-ний“LHAMOUR” брэндийн нэр дор органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг анхдагч компани. Компаниа 2014 оны зургадугаар сард байгуулсан. Одоогийн байдлаар долоон төрлийн 35 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Манайх монголдоо хамгийн анх удаа банны бөмбөг гэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж олон нийтэд хүргэсэн. Мөн анхдагч уруул өнгөлөгчийг үйлдвэрлэсэн байгаа.

Түүний дараагаар биеийн арьс гуужуулагч, гарын тос,агаар цэвэршүүлэгч, зөгийн балтай лаа, биеийн тос зэргийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн. Манай бүтээгдэхүүнүүд 100 хувь цэвэр байгалийн гаралтай,монголд анхдагч гэдгээрээ илүү онцлогтой.

Түүнчлэн олон улсад ч анхдагч гэдгээрээ онцлогтой.Учир нь монгол түүхий эдийг гадны түүхий эдтэй хослуулсан байдгаараа давуу талтай. Манай компаний зүгээс сав,баглаа,боодлоо хүртэл маш их анхаарч,өвөрмөц загварлаг байдлыг эрхэмлэхийг маш их хичээдэг. 

Улмаар дахин боловсруулах боломжтой цаасыг ашигласнаараа байгаль орчинд ээлтэй. Манай үйлдвэрлэл зуун хувь хог хаягдалгүй.

Манайх МҮХАҮТ-аас 100 хувь хог хаягдалгүй үйлдвэрлэлийг бий болгосон гээд гэрчилгээ болон органик шошго авсан байгаа. Ялангуяа органик шошго дээр монгол улсад цөөн хэдэн компани авсан байдаг. Түүн дотор манай гарааны бизнес багтаж чадсан. Түүнчлэн манай бүтээгдэхүүн гар аргаар хийгддэг.

Одоогоор монгол дахь зах зээлээ хангаад явж байна. 

Манай хонины сүүлтэй саван л гэхэд 2-3 сар болж байж хатаж бэлэн болдог. Тиймээс хэрэглэгч нарт хамгийн эрүүл бүтээгдэхүүн хүрч байгаа.

Түүнчлэн манай саван нэмэлт өнгө,үнэргүй байдаг. Тэгснээрээ ямар ч арьсны өвчтэй болон харшилтай бүх хүн хэрэглэхэд тохиромжтой. Манай бүтээгдэхүүн хоол хүнснээс ялгагдахааргүй. Манай бүтээгдэхүүн гоо сайхан гэхээсээ илүүтэйгээр эрүүл мэндэд тустай байдгаараа давуу талтай. Бүх насныхан хэрэглэж болдгоороо онцлогтой.

Сүүлийн үед бид нар бэлгэнд өгөх тохиромжтой байдлаар бүтээгдэхүүнээ хийж савлаж байгаа. Бүтээгдэхүүн дээрээ“Хайртай шүү”гээд биччихсэн. Бүтээгдэхүүндээ өнгө оруулахдаа хүнсний будаг хэрэглэдэг. Тэгэхээр манай гоо сайхны бүтээгдэхүүн шинэхэн хүнстэй зүйрлэхээр ийм бүтээгдэхүүнүүд байна даа.

Дээрээс нь чацарганы тосыг хонины сүүлтэй хольж,олон улсад хамгийн их хэрэглэдэгддэг органик шинэ самарны тостой хослуулснаар хамгийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг гаргаж авсан. Чацарганы тос,хонины сүүлийг бид нар яг цэврээр нь авдаг.

Олон улсад чацарганы тосоор хийсэн бүтээгдэхүүн хамгийн үнэтэйд тооцогддог. Харин манай чацарганы тос орсон банны бөмбөг, уруул өнгөлөгч, биеийн тос зэрэг бүтээгдэхүүнийг монголчууддаа боломжийн үнээр хүргэж байна.Органик гоо сайхны бүтээгдэхүүн болохоор жирийн химийн бодистой бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй.

Учир нь цэвэр гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Гэхдээ өнөөдөр хүртэл манайх ийм амжилттай яваад байгаагийн учир маш олон хүний арьсанд таарч,харшил өгөхгүй байгаагаараа давуу талтай болж, хэрэглэгчийн сэтгэлд нийцэж байна. Өмнө нь арьсны харшилтай хүмүүс янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй байсан бол манай бүтээгдэхүүн маш сайн таарч тэжээл өгч байна.

 

 

-Түүхий эдээ хаанаас татаж байна вэ. Мэдээж түүхий эд нь манайд элбэг боловч чанар стандартын асуудал хамгийн түрүүнд яригддаг байх?

 

-Тийм ээ. Түүхий эдээ бид нар янз янзаар хангаж байна. Ихэнхдээ жаахан хүндхэн байдаг байсан. Монголд тогтмол нийлүүлэлт маш хэцүү байдаг. Нэгдсэн стандарт гэж байхгүй.Түүхий эд нийлүүлэгчид нь өөрсдөө ямар ч стандарт барьдаггүй. Бидэнд өмнө нь маш их хольцтой худлаа түүхий эд өгдөг байсан.

Жишээ нь жамц давс гэчхээд хятадын давстай хольсон байх. Эсвэл чацаргана тос гэхчихээд өөр нэг зүйлтэй хольсон зэрэг асуудал маш их гардаг байсан.Одоо бид нар чанартай түүхий эд нийлүүлэгчдээ сонгоод урт удаан хугацаанд хамтарч ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байна. Жамц давсаа Увс аймгаас авдаг.

Чацарганы тос,зөгийн лаваа Сэлэнгэ аймгаас авдаг. Хонины сүүлээ нэг газартай хамтарч ажиллаад байнгын нийлүүлэлттэйгээр авдаг болсон. Хөдөө, орон нутагт байгаа малчид болон фермтэй хүмүүстэй хамтарч ажиллах гэж байгаа .

Манайх шиг газартай хамтран ажиллаж , түүхий эдээ тогтмол нийлүүлж, нэгдсэн стандарттай болсноор аль аль талаараа харилцан ашигтай юм. Тэр хүмүүст ч гэсэн түүхий эд нийлүүлснээр амьжиргааны түвшинд нь тодорхой хэмжээгээр нэмэр болно. Хамгийн чухал нь түүхий эдээ стандартын дагуу бэлтгэх ийм давуу тал үүсч байна. Энэ тал дээр маш их анхаарч байгаа.Мөн манайд нэг аятайхан зүйл хийгээд гаргаад ирдэг. Аажимдаа чанар нь буурч, эсвэл үнээ нэмэх зэрэг асуудал гардаг. Бид эдгээр алдааг давтахгүйн тулд анхнаасаа анхаарч байна. Бид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй чанараа улам сайжруулж тогтмол байх тал дээр илүүтэй анхаардаг. Монголчууд юу юугүй бүтээгдэхүүнээ  экспортлон  гээд яриад байдаг.

Тиймээс стандартаа барьж чаддаг газар л экспортлох хэрэгтэй. Тэгэж байж улсынхаа нэр хүндийг өргөж, гаргана шүү дээ. Чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол эргээд улсын нэр хүндийн асуудал яригдана. Бидэнд экспортын санал маш их ирдэг.

Хонгконгт болсон Азийн хамгийн том органик бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцсон. Уг наадамд 30 орны 250 гаруй компани оролцсоноос манайх шилдэг шинэ органик гоо сайхны бүтээгдэхүүний номинацид шалгарсан юм. Энэ үеэр Хятадын хамгийн том сэтгүүл болох “South China Morning Post” сурвалжлага хийж, органик шилдэг таван бүтээгдэхүүн гэдэгт манайхыг онцолсон.

 

 

-Та бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл өгөөч?

 

-Хонины сүүлний тостой биеийн саван 9000,уруул өнгөлөгч нь 8000, биеийн тос 100 грамм 22500,банны бөмбөг 7900 төгрөг гэх зэргээрзах зээлд нийлүүлэгдэж байгаа. Манай бүтээгдэхүүнүүдээр хүссэнээрээ бэлгийн багц боолгож .Түүнчлэн саван дээрээ нэр сийлүүлж хайртай хүмүүстэй онцгой бэлэг барих боломжтой.

 

- Бүтээгдэхүүний хэлбэрийн хувьд бол хязгааргүй биз дээ?

 

-Бэлэг өгөхөд зориулж, гоё сэтгэгдэл төрүүлж өгөх үүднээс янз бүрийн хэлбэрээр хийж өгдөг. Хэлбэр, загварын хувьд хязгааргүй.

 

-Өдөрт хичээн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай вэ?

 

-Манай саван маш их удаан хатдаг. Хатахдаа -2-3 сар болдог. Тиймээс өдөр бүр саван хийдэг. Саван хийдэг тусдаа цех байгаа. Бусад органик гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацаа бага байдаг. Тиймээс захиалга байгаа болон шаардлагатай үед хийдэг. Бид нийтдээ 10 гаруй борлуулалтын цэгтэй. Түүгээрээ дамжуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг.

 

-Гар аргаар бүтээгдэхүүн хийхээр дамжлага ихтэй юу?

 

-Химийн бодис ороогүй болохоор гайгүй. Үйлдвэрлэлийн хүнд нөхцөл биш болохоор аятайхан байдаг.

 

 

-Цаашдын зорилт юу байна в?

 

-Манай гол бүтээгдэхүүнүүд гараагүй.Дор хаяж хоёр жилийн судалгаа хийсний эцэст бэлэн болдог. Тэгэхээр бүтээгдэхүүнийхээ тоог нэмнэ. Энэ жилдээ дор хаяж 4-5 шинэхэн бүтээгдэхүүн гаргана. Манайх маш их эрчимтэй гаргаж байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн шууд хүний арьсанд нөлөөлдөг учир судалгаа маш их шаарддаг. Зориулалтын лабортаритай болсон. Өөрийн гэсэн стандарттай. Энэ жилийн зорилт гэвэл эхний ээлжинд нэрийн дэлгүүрээ нээх гэж байна. Бид өдийг хүртэл гарааны бизнесээр явж борлуулалтын цэгүүдээр бараагаа худалдаж байсан.

 

-Ярилцлагын төгсгөлд таны мөрөөдлийг асууж болох уу. Мөрөөдөлтэй, зорилготой байх нь залуу хүнийг улам эрч дүүрэн болгодог шүү дээ?

 

-Миний мөрөөдөл монгол брэндийг олон улсад таниулах юм.

 

С.Наран

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.20)

    2017-04-26

    Amjilt husii mundag ohindoo