Би мэднээ

Би мэднээ надад хайргүй эмэгтэй ямар байдгийг. Тэр надад эрхэлдэггүй, сексийн дараа өмнө нь хүзүүнд зүүгдэж хайртай юу гэж дахин дахин асуудаггүй. Ер нь надаас хайртай юу гэж хэзээ ч асууж байгаагүй. Тэр намайг хүлээж ядаад “ирж байна уу” гэж асуудаггүй. Өө чи ирээ юу гээд л угтдаг. Би түүнийг уйлж байхыг хараагүй. Тэр надруу дахин дахин залгадаггүй, гомдлын мессеж бичдэггүй нь их амар санагддаг. Хамгийн гол нь тэр надаас хүүхэдтэй болох уу? Би итгэлтэй байна гэж хэлдэггүй. Их амар л даа. Түс тас харилцаа, сексийн тааламж, илүү дутуу нялуурал байхгүй. Ар өврөөс залгаад байхгүй. Түүний өвөр сэтгэл шигээ хүйтэн. 

Би мэднээ надад хайртай эмэгтэй ямар байдгийг. Тэр надад үргэлж эрхэлдэг. Учир нь олдохгүй эрхлээд л, би эрхэлж байгааг нь мэдэхгүй бол гомдоод л уйлчихна. Сексийн өмнө, дараа нь хүүхэдтэй болох уу? хэрвээ хоёулаа хүүхэдтэй болбол гээд л залхмаар ярина. Бас чи надад хайртай тийм ээ гээд асууна. Тийм гэхээр бүр чангаар асууна. Дараа нь инээнэ. Тэр намайг хүлээж ядаад утас руу байнга залгана, эрт ирүүлэх гэж түмэн арга хэрэглэнэ. Хамгийн өрөвдөлтэй арга нь бие өвдөөд байна гэнэ. Яахавдээ хөөрхий тэгж хэлэхээр шууд ирнэ гэж боддог байх. Өө гомдлын мессеж бол байнга ирнэ. Хаана явна, хэзээ ирэх үү гээд л .Өглөөхөн өврөөс нь гараад явсан байхад л хэзээ ирэх үү гээд байна. Учир нь олдохгүй аашилна, аашиндаа болж өөрөө уйлна, аргадуулахыг хүссэн бол түүнийгээ хэлэхгүй бүр ч гөжүүдэлнэ. Ер нь их ядаргаатай байдаг. Хамгийн сүүлд нь нулимсаа өөрөө арчихыг нь хараад надад хайртайг нь ойлгодог. Түүнийг орхиод явсан бол эргээд ирээч гэж гуйхгүй байх хатуу зоригтойг нь бас үнэлээрэй. Тэр шийдсэн гэж хэлснээсээ хойш...
Надад хайргүй эмэгтэй, хайртай эмэгтэйн нийлбэрийг яаж гаргах вэ? Намайг хайрладаг хэр нь эрхэлж тунирхсан аашгүй хүнийг яаж бий болгох уу? Эмэгтэй хүний зүрх нэг бол чамд хэтэрхий их хайртай гэж цохилно, нөгөө бол ямар ч хайргүй гэж байдаг.

Зохиолч А.Пүрэвмаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)