ОХУ-ын батлан хамгаалахын салбарын зардал 5.9 хувиар өсчээ

 

        Эдийн засгийн хүндрэлтэй байсан хэдий ч ОХУ-ын батлан хамгаалахын зардал өнгөрсөн 2016 онд 5.9 хувиар өслөө хэмээн Дэлхий нийтийн зөрчилт асуудлыг судлах Стокгольмын хүрээлэн мэдээллээ. Украин болон Крымын асуудлаас үүдэн ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг, мөн тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ өнгөрсөн онд огцом унаснаас шалтгаалан ОХУ-ын эдийн засаг хүнд үедээ байгаа юм. ОХУ-ын батлан хамгаалах салбарын зардал 5.9 хувиар өсч 69.2 тэрбум ам.доллар болж зардал өндөртэй улс орны жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгааг Дэлхий нийтийн зөрчилт асуудлыг судлах Стокгольмын хүрээлэнгээс гаргадаг ээлжит тайланд өгүүлжээ. ОХУ-ын өмнө АНУ, БНХАУ байгаа юм. АНУ болон Хятадын батлан хамгаалах салбарын зардал өнгөрсөн онд мөн өссөн байна. Тухайлбал, АНУ-ынх 1.7 хувиар 611 тэрбум, Хятадынх 5.4 хувиар өсч 215 тэрбум ам.долларт хүрчээ. Дэлхий нийтээр авч үзвэл салбарын улс орнууд батлан хамгаалах зардалд нийтдээ 1686 тэрбум ам.долларыг өнгөрсөн онд зарцуулсан нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2.2 хувь болжээ. Харин Саудын Араб, Венесуэль, Өмнөд Судан, Азербайжан, Ирак зэрэг улс энэ чиглэлийн зардлаа 30-50 хувиар бууруулсаныг тайланд онцолсон байна.

 

Ц.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)