Бондоо булаалдсан АН-ын будилаан

 

        Монгол Улсын өнгөрсөн дөрвөн жилийг эргэн саная. Н.Алтанхуяг даргатай, Ц.Оюундарь удаатай АН-ынхан парламентын сонгуулийн түүхэнд хоёр дахь удаагаа УИХ-д олонх болсон нь 2012 оны ард түмний сонголт байлаа. Энэ сонголтыг хийх болсон шалтгаан нь “Хүн шиг амьдарч – Улс шиг хөгжье” гэсэн сайхан үгтэй урианд болсон хэрэг. Харамсалтай нь монголчуудын сонголт зөв байж чадаагүй. Дөрвөн жил ард түмэн, Монгол Улс “Хүн шиг амьдарч – Улс шиг хөгжсөн үү” гэж асуувал дийлэнх, олонх нь “Үгүй” гэж хариулна. Тэгвэл АН эрх барьсан дөрвөн жил бидэнд юу үлдээсэн бэ?

 

Бондоо булаалдсан нь

 

        Хэзээний л эв түнжин муутай АН-ынхан Засгийн газраа байгуулах гэж мөн ч их зовлон туулсныг Н.Алтанхуяг хожмоо дурссан нь бий. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй фракцууддаа бялуу хүртээчих санаатай хамгийн ихээр толгойгоо гашилгасан хүн бол тухайн үеийн намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Ямар сайндаа л Сангийн яамыг хоёр хувааж, Эдийн засгийн хөгжлийн яамыг “Фортуна” Н.Батбаярт өгчилгөж байх вэ дээ. Арга ядсан л хүний арга л даа, чааваас... Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа эдийн засгийг эмнэх, дэмнэх бус уруудуулан доройтуулах ажиллагааг шуургалан эхлүүлсэн нь чин үнэн. Үүний нэг жишээ нь, “Чингис” хэмээх 1.5 тэрбум ам.долларын бонд босгосон явдал байлаа. Энэ бондын хүүнд Монгол Улс нэг өдөрт 274 сая төгрөг төлж байв. Тухайн үед монгол түмэн эзэн хааны нэрээр гаргасан бонд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг ганхуулна гэж зүүдлээ ч үгүй байх. “Шинэчлэлийн” Засгийн газрын үед Монгол Улс таван төсөвтэй явсныг одоогийн эрх баригчид “олж илрүүлсэн”. Цааш нь ухвал, Эдийн засгийн хөгжлийн яам нь нэг төсөвтэй, Хөгжлийн банк нь нэг төсөвтэй, Ерөнхий сайд нь нэг төсөвтэй байсан юмдаг уу даа, янз нь... Ингээд бондын мөнгийг баруун солгойгүй цацаж эхэлсэн түүх эндээс эхэлсэн. “Дөнгөж бонд босгочихоод юунд зарцуулахаа мэдэхгүй самгардаж байна” гэж тухайн үеийн сөрөг хүчин, өнөөгийн эрх баригчид шүүмжилж байлаа. Хачир дээрээ юунд зарцуулахаа мэдэхгүйдээ биш, хэний фракцад хэдийг хуваарилах вэ гэдэг дээрээ маргаантай байсан хуйвалдаан нь өнөөдөр ил болчихсон. Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байгаагаараа АН-ын “МҮДН” фракц давуу эрхтэйгээр бондод гараа дүрэх болов. Үүнтэй нь Ерөнхий сайдын “Алтангадас” фракц барьцаж, үндсэндээ “МҮДН”, “Алтангадас” хоёр бондын чигийг заасан гэхэд хилсдэхгүй. Нөгөө талд УИХ-ын дарга асны “Шонхор”-ынхон, тэднийг дэмжиж, түшиж ирсэн “МоАХ”-ынхан бас яаж зүгээр суух вэ. Боломж олдвол бондоос “халбагадчих” санаа байсан нь гарцаагүй.

 

Н.Алтанхуягийн Засгийн газар бондын мөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг хот шинэ юм шиг сайхан болсон нь бондын гавьяа мөн үү гэвэл мөн. Үүгээр ч зогсохгүй Хөвсгөл аймгийн Мөрөн хот ч ялгаагүй “Гудамж” төсөлд хамрагдаж шинэ хувцас өмссөн юм шиг л сайхан өнгө зассан. АН-ын үед дандаа болохгүй, бүтэхгүй байсан гэвэл бас өрөөсгөл болно л доо. Харамсалтай нь дээрх хоёр аймагт яг ижилхэн долоон км зам тавьсан мөртлөө мөнгөн дүн нь өөр байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод долоон км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад Архангай аймгийн Цэцэрлэг хотод 21 тэрбум төгрөгөөр тавьсан байдаг. Энэ хоёр тооны зөрүү нь 14 тэрбум төгрөг. Тэгвэл тэр 14 тэрбум төгрөг хэний халаасанд орсныг мэдэх хүн АН-д өнөөдөр олдохгүй байна. Мэдээж тухайн үед Архангай аймгийг төлөөлж УИХ-д сууж байсан хоёр эрхэм мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

 

Үр хойч чинь төлж л явна, тэр бондыг чинь...

 

        Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилогч Н.Алтанхуяг Ерөнхий сайдын сэнтий дээрээс “Бидний үр хүүхдүүд яваандаа энэ төлбөр мөнгийг төлчихнө дөө” хэмээн хээвнэг ярьж суусан нь саяхан. Үнэхээр л түүний хэлснээр АН-ынхны тавьсан өрийг ард түмэн төлж л явна. Төлөхөөс ч аргагүй юм. Муугаар бодъё... Хэрэв бондоо төлж чадахгүй Монгол Улс дампуурлаа зарлалаа гэж бодоход олон улсын зах зээл дээр Монгол Улсын бондыг аль нэг чадвартай улсад нь арилжаална. Авах хамгийн өндөр магадлалтай улс нь БНХАУ. БНХАУ сайн хөршийн харилцаагаа бодож Монгол Улсад хэдэн жил ч юм уу, сарын хугацаа өгнө. Тухайн хугацаанд нь бондын өрөө төлж дуусгаж чадахгүй бол газар нутагтай нь л ярина. Ийм л хүнд нөхцөл байдалд тэд биднийг аваачсан. Азаар Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт сэргэж байгаа нь олон улсад төдийгүй ард түмэнд итгэл төрүүлж байна. Тэгвэл ийм нөхцөл байдлыг ард түмний нуруун дээр үлдээсэн эрхэм төрийн түшээд хаачив, хаачих вэ? Энэ хариуцлагагүй байдлын золиос нь Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, Н.Батбаярын туслах асан, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбаяр нар болсон. Товчхондоо, эдийн засгийн алуурчин акулууд нь жараахайнууддаа хэргээ тохоод гадаад оронд, галуу шувууны мах идсэн шигээ наранд биеэ шарж суугаа. Зарим нэг аргаа барсан нөхдүүд нь Ерөнхийлөгчийн сэнтийг сэрүүн зүүдэлж, сэм горьдож яваа нь нууц биш. Эцсийн эцэст АН-ынхны хариуцлагаас зугтаж, амьд үлдэх гэсэн сүүлийн гарц нь Ерөнхийлөгчийн сэнтий. АН-аас хэн нэг нь Ерөнхийлөгч болж байж бусдыгаа аварна л гэсэн санаа. Харамсалтай нь тэднийг тэгж давраахгүйгээ ард түмэн бас мэднэ л дээ. Хариуцлагагүйн зуд нүүрлүүлчихээд харь оронд харлаж одсон эрхмүүдээ АН-ынхан дуудах цаг болсон. Үгүй ядаж л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ бодитоор дэмжих хэрэгтэй биз дээ. Тэгж байж АН-ынхан хариуцлагаас зугтаж чадна. Эс тэгвэл хариуцлагыг хатуу нэхэж байгаа ард түмний нүүрийг харах эрхгүй болж мэдэх юм, тэдгээр эрхмүүд...

 

С.Буян

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (139.5.217.163)

    2017-04-27

    Хэрэг хуучрахгүй ээ. Нэг өдөр АН-ын онжигнууд ялаа үүрнэ. Ясаа цайтал шоронд суугаад ч монголд учруулсан гайгаа цайруулж чадахгүй ээ. Фортуна Батбаяр, Алтанхуяг, Женко Баттулга, Буянгийн Жагаа, Батхүү, Зандаахүүгийн Энхболд, Элбэгдорж нараас ял асуух үе ирнээ

  • зочин (202.9.42.129)

    2017-04-26

    Өнгөрсөн жи лүүдийн тэр их мөнгийг өөрсдийнхөө төлөө зарцуулчихаад байхад үүнийг хэдэн сэтгүүлчдээс өөр ярьдаг хүн алга. Монгорлын залуучууд нийгэмийнхээ амьдралд өндөр ухамсар мэдрэмжтэй оролцож үгээ хэлдэг баймаар.