С.Одгэрэл: Төгөлдөр хуур миний сэтгэлийн тэжээл, түүнгүйгээр нэг хором ч байж чадахгүй

 

        Хөгжим, бүжгийн коллежийн багш, төгөлдөр хуурч С.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс дээжлэн “Mongolian composers piano pieces” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж, олон хүний талархлыг хүлээж буй чадварлаг, хөдөлмөрч бүсгүй юм. Итали улсын Пэрүжа хотын Хөгжмийн консерватурт суралцан бакалавр, магистрын зэрэг хамгаалснаас гадна төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн Испанийн Бэнаск хотод зохион байгуулдаг “Beyond music” хөгжмийн фестивалд амжилттай оролцож байжээ. Герман, Хятад зэрэг оронд төгөлдөр хуурын гоцлол тоглолтоо амжилттай хийсэн тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сард “Виртуозо” академиас шалгаруулдаг оны шилдэг хөгжимчнөөр тодорч байв. Мөн 2014 оны есдүгээр сард Улсын филармонид “Pianissimo”, ДБЭТ-т Чайковскийн төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан I концертыг удирдаач Д.Дашнямтай хамтран толилуулсан байна.

 

-Төгөлдөр хуурчийн мэргэжлээр Монгол болон Италид суралцсан хугацааг тань харахад их “том” тоо гарчээ. Цаашид суралцсаар байх уу. Эсвэл уран бүтээлдээ голлон анхаарах уу. Энэ талаар төлөвлөсөн зүйл байгаа байх?

 

-Гавьяат багш Ч.Тунгалагийн удирдлага дор Хөгжим, бүжгийн коллежид 13 жил суралцаж төгслөө. Дараа нь Италийн Пэрүжа хотын Хөгжмийн консерватурт есөн жил суралцлаа. Энэ бүхнийг тооцоолбол төгөлдөр хуурч болохоор 22 жил зүтгэж явна. Нэг суут хүн “Нэг насандаа хөгжмийг сурч дуусахгүй” гэж хэлсэн нь бий. Тэгэхээр хөгжим өөрөө баялаг учраас би суралцаж, уран бүтээлээ туурвисаар явах болно. Ялангуяа төгөлдөр хуурт зориулсан сонгодог хөгжмийн бүтээл маш баялаг. Тэр бүгдийг гүнзгий судалж, тоглож дуусгана гэвэл хэмжээлшгүй их хугацаа шаардагдах нь лавтай. Тиймээс би төгөлдөр хуурынхаа төрлөөр илүү ихийг хийх зорилго тавин зүтгэнэ.

 

-Яагаад төгөлдөр хуурчийн мэргэжил эзэмших болов. Аав, ээж тань урлагийн хүмүүс үү?

 

-Аав, ээж хоёр маань спортын хүмүүс. Гэхдээ ээж төгөлдөр хуурт их дуртай. Аав ч мөн адил хөгжмийн олон зэмсгээр тоглодог. Ийм авьяастай сайхан аав, ээжийн дундаас төрсөн болохоор би төгөлдөр хуурчийн мэргэжил сонгосон болов уу.

 

-“Mongolian composers piano pieces” цомгийн онцлог юу вэ. Мэргэжлийн хүмүүс Монголд анх удаа хөгжмийн зохиолчдын бүтээлээр төгөлдөр хуурын цомог гарлаа гэж талархан хүлээж авсан. Дараагийн цомгоо ямар уран бүтээлээр баяжуулах вэ?

 

-“Mongolian composers piano pieces” цомогтоо С.Гончигсумлаа, Б.Шарав нарын бүтээлээс оруулсан. Монголдоо төгөлдөр хуурын анхны цомог болсноороо онцлогтой. Энэхүү цомогтоо зориулж баримтат кино хийсэн. Хүмүүст мөн өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна билээ. Цомгоо үргэлжлүүлэн гаргана. Одоогоор хоёр дахь цомогт орох уран бүтээлийн судалгааг хийж байгаа.

 

-Оюутан байхдаа Монголдоо бараг ирэх тоолонд бүтээлээ толилуулдаг байсан. Харин хоёр хоногийн өмнө Хөгжим, бүжгийн коллеж дээр И.С.Бахын уран бүтээлээр соло тоглолт хийлээ. Зөвхөн энэ уран бүтээлчийн бүтээлийг онцлон тоглох шалтгаан юу байв?

 

-Тийм шүү. Би Италиас Монголдоо ирэх бүртээ уран бүтээлээ толилуулдаг уламжлалтай байлаа. Үүнийг манай мэргэжлийн хүмүүс андахгүй. Өнгөрсөн жил “Mongolian composers piano pieces” цомгийнхоо ажилд төвлөрөхийн зэрэгцээ аравдугаар сард бие даасан тоглолтоо хийсэн. Мөн саяхан Хөгжим, бүжгийн коллеж дээр И.С.Бахад зориулсан “XXI зууны хөгжмийн өргөл” нэртэй уран бүтээлийн соло тоглолтоо толилуулсан. Харин өнөөдөр / өчигдөр/ сурагчдын дунд зохион байгуулсан И.С.Бахын нэрэмжит уралдааны шүүгчээр ажиллалаа. Энэ нь манай сургуулийн зүгээс надад өгч байгаа урам гэж хүлээн авч байгаа. Ер нь сонгодог урлагийн олон зүйл Италиас гаралтай. Хөгжмийн зэмсгүүдээс гадна дуурь, төгөлдөр хуур гээд их олон зүйлийг нэрлэж болно. Тиймээс тэнд урлагийн хөгжлийн төвшин, соёл их өндөр. Өөрөөр хэлбэл, төр, засгаас нь дэмжиж сонгодог урлагаа хөгжүүлдэг учраас уран бүтээлчдэд нь олон боломж байдаг. Иймээс би сонгодог урлагийн өлгий нутагт суралцаж, төгссөнөөрөө бахархдаг.

 

-Урлагийн замд хөтөлсөн багштайгаа мөр зэрэгцэн ажиллана гэдэг хэн хүнд тохиогоод байдаггүй их хувь заяа. Ч.Тунгалаг багш өөрт тань багшлах, уран бүтээл хийх талаар үнэ цэнэтэй ямар зөвлөгөө өгдөг вэ?

 

-Манай Ч.Тунгалаг багшийн нэг сайхан чанар бий. Аливаа зүйлийг дандаа томоор сэтгэн хардаг. Надад эмэгтэй хүний үүднээс хэрэгтэй олон зүйл хэлдэг. Ер нь есөн жил Италид суралцсан надад мэдэхгүй, ойлгохгүй зүйл олон бий. Тэр бүгдэд багш маань намайг чиглүүлж өгч байна. Үүнийг ингэж хийвэл үр дүнтэй. Багшийнх нь алдаа, оноо ийм байлаа гээд л бүхнийг хүнлэг аргаар зааж, зөвлөдөг. Би багш дээрээ бяцхан охин байхдаа төгөлдөр хуур сурахаар ирж байсан бол одоо мөн л насанд хүрсэн хойноо ажлын талбарт багшаасаа суралцахаар алган дээр нь шувуухай адил буулаа. Энэ миний багштайгаа холбогдсон хамгийн нандин дурсамжуудын нэг яах аргагүй мөн. Тиймээс миний багш бол бусдын төлөө зүрх, сэтгэлээ зориулсан хүчирхэг эмэгтэй гэдгийг хаана ч явсан хэлж, багшаараа бахархах болно.

 

-Монгол залуус өнөө үед гадаадын оронд ажиллаж, амьдрахыг илүүд үздэг болсон нь нууц биш. Гэхдээ сонгодог урлагийн өлгий нутагт суралцаж, төгссөн танд гадаадад ажиллаж, амьдрах нь амжилт олж, амьдралаа дээшлүүлэх боломж биш гэж үү. Ер нь залуу хүний хувьд Монголд сэтгэл хангалуун, орлоготой амьдрах баталгаа хэр байна гэж боддог вэ?

 

-Хөгжмийн урлаг бол нийгэм болон хүнийг гэрэл, гэгээтэй байлгахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, нэгэн хэмнэлт амьдралаас салгаж илүү өөдрөг байлгахад түлхэц өгдөг түлхүүр нь юм уу даа. Хүмүүсийг хөглөх, хөтлөх, дагуулах энэ үйл явцын чимэг нь байхсан гэж би боддог. Европт байхдаа театр, сургууль, эмнэлэг гээд олон газарт очиж тоглодог байлаа. Манай улсад социализмын үед сонгодог урлагийг нэгдүгээрт тавьж төрөөс дэмждэг байсан. Үүний хүрээнд тодорхой хэмжээний үзэгчдийг бэлтгэгддэг байлаа. Одоо тэр үзэгчдийг бэлтгэлгүй 20-оод жил өнгөрчихжээ. Тэр үзэгчдийг залуус бид бэлтгэх шаардлага тулгарч байна. Тэднийг бэлтгэхийн тулд бүр цэцэрлэгийн хүүхдээс эхлэх учиртай. Тэдэнд шууд Л.Бетховен, И.С.Бахын уран бүтээлийг хүргэх нь гол биш. Харин уран бүтээлчдийн хүүхдэд зориулсан бүтээлийг сонирхуулах боломжтой. Тиймээс зорилтот бүлгүүдэд чиглэсэн тоглолтыг ганцаараа болон гадаадад суралцаж төгссөн үеийн залуустайгаа хамтран хийхээр төлөвлөж байна. Ер нь Монголд мэргэжлийнхээ дагуу хийх зүйл их байна. Эдийн засгийн байдлаас шалтгаалж олон зүйл хараат байгаа ч залуус бид нэгдэж чадвал боломж олон байгаа. Салбар маань ч хүлээж авахад бэлэн байна. Гол нь залуус бид санаачлан хийх хэрэгтэй. Тэгээд ч Монголдоо хэрхэн, яаж амьдрах нь мэргэжил, боловсролтой бас хамаатай. Хувь хүн үнэт зүйлээ юу болгож байгаагаас шалтгаална. Зөвхөн мөнгө хөөж, тав тухтай амьдралыг эрэлхийлж байгаа бол өөр хэрэг. Миний хувьд Европын оронд олон жил сурч, ажиллаж үзлээ. Цаашдаа эх орондоо ажиллах хүсэл их байна. Мэдээж сонгодог бүтээл туурвихад манай нийгэмд бэрхшээл их. Гэсэн ч урлагийн салбар уран бүтээлчдээс дандаа шинэлэг байхыг шаардаж, хурцалж өгдөг. Тиймээс надад уран бүтээлийн талаар бодож, төлөвлөсөн зүйл их байна.

 

-Тэгэхээр таны хувьд төгөлдөр хуур гэж юу вэ. Хүмүүс төгөлдөр хуурыг хаан хөгжим гэдэг?

 

-Төгөлдөр хуур бол миний сэтгэлийн хэрэгцээ бас тэжээл минь юм. Түүнгүйгээр би нэг хором ч байж чадахгүй.

 

-Тэгвэл тоглох дуртай ая юу вэ. Уран бүтээлч болгон өөрийн гэсэн тоглох дуртай аялгуутай байдаг?

 

-Ямарч үед надад уран зориг өгдөг гайхалтай сайхан аялгуунууд бий. Монголоос Б.Шарав, гадаадын уран бүтээлчдээс Р.Шуман, И.С.Бах нарын гайхамшигт аялгууг тоглох дуртай.

 

-Хөгжим, бүжгийн коллежийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Уран бүтээлч хүний хувьд ямар бүтээлээр бэлэг барих вэ?

 

-Манай тэнхмийн багш нар саяхан “Яруу төгөлдөр” тоглолт хийж сургуульдаа бэлэг барьсан. Ер нь миний хувьд энэ онд хийж байгаа бүх уран бүтээлээ сургуулийнхаа 80 жилийн ойд зориулж байгаа. Намар томоохон хэмжээний бие даасан тоглолт хийж, сургуульдаа бэлэг барина.

 

Б.Даариймаа

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)