Д.Бадамсүрэн: Вирус шууд цусаар дамждаг


        П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв  эмнэлгийн  дотрын тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор, клиникийн профессор Д.Бадамсүрэн эмчтэй элэгний өвчлөл, вирусын талаар ярилцлаа. Тэрбээр энэ салбарт 20 гаруй жил хөдөлмөрлөж байгаа бөгөөд энэхүү сэдвийн талаар үнэн зөв, бодит мэдээллийг өгч чадах хамгийн ойрын хүн маань байлаа. Мөн Монголын алтан гарт эмч нар дундаа дээгүүрт эрэмбэлэгдэх түүнийг хамт олон нь, олон нийт мэргэжлийн авьяас чадварыг нь үнэлэхийн зэрэгцээ хүндлэн хайрлаж явдаг юм. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Бадмаа эмч маань Элэгний циррозийн үеийн цус бүлэглэлтийн тогтолцооны хямралын асуудал гэсэн сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. 

 

-Манай улсад элэгний өвчлөл жил ирэх бүр нэмэгдсээр байна гэж яриад олон жил боллоо. Гэсэн хэдий ч энэ талаар  иргэд мэдлэг, мэдээлэл муутай байна. Тиймээс элэгний вирус гэж юуг хэлэх вэ. Ямар шалтгааны улмаас вирус үүсдэг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

 

-Дэлхий дахинд элэгний өрөвслийг үүсгэдэг  найман төрлийн вирус байдаг. Түүнээс манайд улсад зөвхөн дөрвийг нь оношилж байна. Дэлхий нийтэд нэлээд тархсан нь В.С вирус  гэж ярьдаг. Харин А болон Е вирус нь бохироос үүдэлтэй. Тиймээс бохирын шар нээх айхтар архагшаад байдаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед эмчилгээ сайн хийлгэсэн бол үлдэц үлддэггүй гэсэн үг.  Монголчуудын ярьж заншсан тариураас үүдэлтэй В.С вирусын халдвар аваад тухайн хүний дархлаа сул байх юм бол вирус нь  архагшаад үлддэг. 
Тэгэхээр ямар нэгэн өвчин анх тусахад  вирусын орж байгаа хоруу чанар, тухайн хүний дархлаа ямар байна гэдгээс маш их шалтгаалдаг. Тухайн үед хүний дархлаа сайн байсан хэдий ч орж байгаа байгаа вирусын хоруу чанар өндөр байх юм бол бас архагшаад үлдэх магадлалтай. 

 

-Тариагуураар яагаад дамждаг юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

 

- Вирус  шууд цусаар дамждаг. Өөрөөр хэлбэл, хүн хумсаа авч байгаад, өндөгөө авчихлаа. Тэр хутганд тухайн хүний цус наалдаж үлдэнэ. Яг энэ хумсны хутгаар нь өөр нэг  хүн хумсаа авч байгаад, хуруугаа зүсчих юм бол наалдсан байсан цуснаас вирус авах магадлалтай. Түүнчлэн шалбархай шалбархайгаараа нийлсэн тохиолдолд вирус авна гэсэн үг.Түүнээс аяга таваг, ахуйн зүйлээс халдана гэсэн ойлголт байхгүй. Гэр бүлийн нэг гишүүн вирусын халдвартай байх юм бол хурц үзүүртэй юм бүхнээ ганц удаагийн хэрэглээ болгох ёстой. Манай улсад 1940-1950 оны үед элэгний үрэвсэл үүсгэгч вирусын тархалт маш  өргөн тархацтай явагдсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, тариур гэх зүйл нэг удаагийн хэрэглээнд 1990 оноос шилжин орсон. Түүнээс өмнө шилэн тариурыг буцалгаж тарьдаг байсан. Үүгээр вирус халдах, тархах боломж өндөр байсан үе. Дээрээс нь ариутгалын бодисын чанар муу байх юм мөн л ялгаагүй халдах боломжтой. 

 

Сүүлийн үед чих цоолох, шивээс хийлгэх зэрэг үйлчилгээг хүмүүс их авдаг болсон. Гэтэл тэр багажийн ариутгал хэр зэрэг хийгдэж байгаа вэ гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.  Тодруулбал, вирустай хүн шивээс хийлгэж,  үйлчилгээ авсан байлаа гэхэд ариутгал муутай багажаар дараагийн хүн үйлчилгээ авахад л халдах боломжтой гэсэн үг. Энэ мэтээр вирусын тархалтанд нөлөөлж буй олон хүчин зүйл байна.  Манай улс 1940-1950 оны элэгний өвчлөлийн өргөн тархалтаа эмчилж чадахгүй явсаар дараа, дараагийн үетэйгээ золгож байна. 

 

Хөгжилтэй орнуудад вирусын халдвар  авах эрсдэлтэй бүлгийг вакцинжуулалтад хамруулдаг.  Манай улсад 1987-1988 оноос хойш вакцинжуулалт нярай хүүхдэд л хийж эхэлсэн. Гэтэл бусад орнуудад анагаахын чиглэлээр сурч байгаа оюутан болгонд хийдэг. Эмнэлгийн ажилтан, ажилчин бүрт хийдэг. Ингэж байж тэр бүлгээ вирусын халдвар авахаас сэргийлж чаддаг байна. 

 

Гэтэл манайд эмнэлгийн ажилчдын вакцинжуулалт 5-6 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн. Харин оюутнуудад хийгдэж эхлээгүй байна. Түүнээс гадна бусад эрсдэлт бүлгийнхэн буюу биеэ үнэлэгчид, хар тамхинд донтогчид гэх мэт маш олон эрсдэлт бүлгийнхний асуудлыг шийдээд, вакцинжуулалт хийгээд, хамгаалаад явдаг туршлага бусад орнуудад байдаг. 

 

-Одоогоор вирусын халдвараас гадна элгэнд нөлөөлж байгаа өөр хүчин зүйлс байна уу?

 

-Тийм ээ. Ганцхан вирусын халдвар гэж ярьж байтал, цаана нь элэгний өвчлөлд нөлөөлөх олон буруу зан үйл манайд  тархжээ. Тэгэхээр элгийг дан ганц вирус гэмтээгээд байдаггүй. Архи , эм, химийн бодис, бодисын солилцооны алдагдал, удамшлын хүчин зүйл, дархлааны тогтолцооны алдагдал гэх мэт маш олон хүчин зүйл бий. Үүний дотор архины хэрэглээ бол үнэхээр замбараагүй түвшинд байна.  2009 онд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 300 гаруй хүнд бид бүхэн шалтгааны судалгааг хийж байсан. Тэгэхэд архи вирусын хавсарсан шалтгаантай нь элбэг байсан. Тэгэхээр архи, вирус хоёр хавсраад дайрахаар ямар байх вэ. Өвчлөл улам л хурдасгана шүү дээ. Монголчууд архи уудаггүй, уудаггүй л гэж яриад байдаг. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн гаргасан зөвлөмжөөр элгэнд хоргүй архины хэрэглээ эрэгтэй хүнд 50 грамм, эмэгтэй хүнд 30 грамм спирт байдаг  гэсэн судалгаа бий. Ийм байхад манайхан чинь хамгийн багадаа л 100 грамм гэдэг шүү дээ. Энэ нь элгийг нэмж гэмтээгээд байна гэсэн үг. Түүний дараа нь эмийн замбараагүй хэрэглээ болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу сүлжээний бүтээгдэхүүнүүд. Сүлжээний бизнесийн хамгийн аюултай тал нь юу байдаг вэ гэхээр энэ төрлийн үйлчилгээг эрхэлж байгаа хүмүүс нь эмч мэргэжилгүй байдаг. Ихэвчлэн сайн дурын мэргэжилтэн байна. Цаанаасаа сургалтанд хамрагдаад, мэдээлэл сайтай хүмүүс олон нийтэд буруу зөвлөгөө өгдөг. Үүнээс болж элэгний өвчлөл их гарч байгаа юм. Монголчуудын 75 хувь нь архи болон эмийн бодисыг удаан задалдаг. Энэ талаар  академич Б.Цэрэндаш  багшийн гаргасан судалгаа ч бий. Энэ нь генийн онцлог юмуу даа. Гэтэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бусад улсад архи, эмийг хурдан задалдаг элэгтэй хүмүүст зориулж гаргасан байдаг. Тэр тунгаар нь монголчуудад өгөхөөр эмийн шалтгаант элэгний хордлого үүсээд байна. Түүнчлэн олон улсад нэг дор хэрэглэх эмийн тооны хязгаарыг тав гэж байдаг. Харин манайд  долоо  гэж явдаг.Тэгэхээр олон  төрлийн эмийг зэрэг хэрэглэхээр нэг бол харилцан дэмжээд үгүй бол нэг нэгнийхээ үйлчилгээг устгадаг. Энэ нь бие биедээ нөлөөлөөд  янз бүрийн гаж нөлөө гарах нь элбэг.

 

Сүүлийн үед манай монголчууд маш их харшилтай болчихсон. Харшил нь яваандаа хүний дархлааг өөрчилдөг. Дархлааны өөрчлөлтийн шалтгаант элэгний эмгэгүүд нэмэгдэх хандлагатай байна. Дараа нь таргалалт орж байна. Таргалахаар элэгний өөхлөлт маш их явагддаг. Тэгэхээр элэгний өөхлөлтийн дараа элэгний цирроз үүсдэг. Архи, таргалалт, чихрийн шижин өвчин, бамбай гэх мэт өвчин элгийг гэмтээж, өөхлүүлдэг. Үүнийг иргэд маань анхаарах хэрэгтэй. Ер нь миний бодлоор манай иргэд өмнөх үеийн уламжлагдсан сэтгэлгээнээс салаагүй юм шиг санагддаг. Эрүүл мэндээ бусдад даатгаад сурчихсан байдаг. Би өвдчихлөө, би өвдчихлөө л гээд байдаг. Юунаас болж миний эрүүл мэнд муудчихсан юм бэ гэдэгт огт анхаардаггүй.Эргээд л эрүүл мэндийн байгууллагууд руугаа чихээд эмчилж өгөхгүй гээд гомдлоод байдаг. Нэг удаа эмнэлэгт хэвтлээ гэхэд тухайн өвчний сэдрэлийг намжаах, эмчилгээг хийж байгаа. Эмнэлгээс гараад тухайн өвчнөө сэдрээхгүй, гамаа зөв бариад, зөв дадал зуршлыг бий болгох хэрэгтэй. Тухайн хүний  багахан хувь нь эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалдаг, тодорхой хувь нь  хүрээлэн байгаа орчноос хамааралтай, үлдсэн нь хувь  хүнээс хамааралтай байдаг гэсэн судалгаа ч бий. Үүнийг ойлгох хэрэгтэй. 

 

-В нь хортой, С хоргүй нь энэ тэр гээд яриад байх юм. Мэргэжлийн хүний хувьд үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

 

-В нь эсвэл С нь илүү хортой, хоргүй л гээд яриад л байна. Адилхан элгийг өрөвсүүлдэг, адилхан л вирус шүү дээ. Аль илүү хорон яваад байна гэдэг нь миний хамгийн эхэнд ярьсан тухайн вирусын хорон чанараас хамаарна. Нөгөөтэйгүүр хувь хүний дархлаанаас хамаарна. Бага хэмжээний вирус орж ирээд хувь хүний дархлаа сайн байх юм бол тэр хүн өвдөхгүй байх ч боломжтой. Дэлхий дахинд 2007 оноос ДОХ тархалт буурч,  С вирусын тархалт өссөн байна. Ингээд 2007 онд гэхэд нэг цэг дээр огтлолцсон гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Тэгэхээр элэгний вирус дэлхий дахины анхааралд орчихоод байна гэсэн үг. С вирус эмчилгээний үр дүн 50 хувьтай байсан бол одоо 98-100 хувийн үр дүнг үзэх боломжтой болсон шүү дээ. 

 

-Элэгний маш олон төрлийн эмнүүд байдаг. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

 

-Эмнүүдийн хувьд элэгний өвчний үед маш олон шинжүүд илэрдэг. Элэгнээс болж маш олон эрхтэн гэмтдэг. Элэг бөөрний хам шинж, цус бүлэгнэлтийн тогтолцоо, хямрал, хэвлийд ус үүснэ гэх мэт зүйлс байна. Тэгэхээр хоёрдогчоор маш олон эрхтэнүүд маань гэмтээд байдаг. Гэтэл энэ бүхэнд таарсан эмчилгээнүүд өөр, өөр байгаа юм. Гэтэл манайхан нэг хүнд таарсан сайн гэсэн эмчилгээ рүү хошуураад байдаг. Зарим нь огт шаардлагагүй эмийг хэрэглэх зэрэг сөрөг зүйлс гардаг. Бүгдийг нь эмчийн заавраар хэрэглэх ёстой. Дараа нь нэг эм маань олон улсын маш олон нэршлээр орж ирнэ. Тэгэхээр хүмүүс олон улсын биш фирмийнх нь нэршлээр яриад байдаг. Түүгээрээ маш олон төрөл болоод явна. 

 

Биохимийн шинжилгээнд илэрдэг АлАТ, АсАТ элэгний эс дотор байдаг фермент юм. Элэгний эс задарч байгаа учраас тэнд байдаг ферментүүд маань судас руугаа орж байгаа юм. Эм уугаад АлАТ, АсАТ-ыг буулгахад элгийг бүрэн эмчлээд өгч байгаа биш бүтэн үлдсэн элэгний эсүүдийн мембраныг бэхжүүлээд, хагарахаас нь хамгаалаад өгч байна. Хагарсан эсүүдийн оронд юу үлдэх вэ гэхээр сорви л үлдэнэ. Энэ соривжилт хэдий хэр хугацаанд хэр их эрчимтэй явж байна гэдгээс шалтгаалаад элэгний цирроз хэдий хэр хугацаанд болох  вэ гэдэг нь шийдэгдэнэ. Гэтэл элэг нь дүлий эрхтэн учраас өвддөггүй. Тэгэхээр хэзээ сэдрээд АлАТ, АсАТ өндөрсөөд байна, хэзээ АлАТ, АсАТ хэвийн яваад байна мэдэх боломжгүй тул оношилгоо шинжилгээгээр л гаргаж ирнэ. Тиймээс байнгын хяналтанд л байх ёстой. Эмчилгээнийхээ үр дүнг байнга хянаад явж байх ёстой. 

 

-Энэ вирус нь хавсрахаараа яадаг юм бэ. Жишээлбэл, ВД  гээд байх юм?

 

-Хоёр болон түүнээс дээш вирүс хавсарсан тохиолдолд элэгний эмгэгийн явц илүү хурдан, хүнд явах тал байдаг. Вирусээ тоолуулж байгаад аль вирус нь идэвхтэй байна түүнийхээ эсрэг эмчилгээнд орох хэрэгтэй байдаг. В  вирустай хүнд Д вирус давхар халдварлагдах боломжтой. 

 

-Ардын эмчилгээ хэр байдаг юм бэ. Гүүний саам, цагаан ямааны сүүл хэрэглэ гэх юм?

 

-Бие махбодид хэрэгтэй уураг эрдсийг нь нөхөж өгдөг. Тэгэхдээ ямар үед уух, уухгүй юу гэдгийг шинжилгээ өгч, эмчийн хяналтанд л хэрэглэх хэрэгтэй. Ардын уламжлалт эмчилгээнд хэрэгтэй зүйл бас бий. Бидний хэрэглэдэг европын эмнүүд тодорхой хэмжээний ургамлаас  гаргаж авсан л бүтээгдэхүүнүүд байгаа. Хэрэглэхдээ эмийн тунгаар л хэрэглэх ёстой. Өөрөө сайн дураараа хэрэглэж болохгүй. 

 

-Элэгний хатуурал гэхээр юу хэлэх вэ?

 

-Элэгний эсүүд задраад суурин дээр нь сорви үүсдэг. Тэгэхээр тэр сорви нэмэгдсээр нэмэгдсээр байгаад ажиллагаатай эсийн тоо цөөрдөг. Ийм л процесс явагдаж байна гэсэн үг. Ажиллагаагүй соривууд бий болно. 

 

-В вирусийн нь эм байгаа юу?

 

-Тенофовир, энтекавир зэрэг олон эмүүд бий бөгөөд Монгол улсад эмчилгээнд хэрэглэж байгаа. 

 

-Элэгний вирустай эмчилгээ хийлгэж байгаа үед жирэмсэлж болохгүй гэж яриад байна.Энэ нь урагт нөлөөлнө гэсэн үг үү?

 

-Өмнө нь интерферон эмчилгээ хийж байх үед эмчилгээний үр дүн 50 хувийн магадлалтай байсан ба тухайн үед эмчилгээ хийлгэж байхад жирэмсэлж болохгүй, урагт муу нөлөөтэй гэж үздэг байсан. Одоо үед С вирусын эсрэг хэрэглэж буй жирэмслэлт, урагт нөлөөлсөн нөлөөллийн талаар хангалттай сайн судалгаа хийгдээгүй. Тиймээс вирусын эсрэг эмчилгээ хийлгэж байх явцдаа аль болох жирэмслэхгүй байхыг зөвлөж байгаа. Ер нь би вирустай хүн төрж болохгүй гэдгийн эсрэг байдаг. Элэгний өвчин аль шатандаа байна вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Бүүр төгсгөлийнхөө үед орсон бол төрж болохгүй. Элэгний эмчилгээ хийлгээд, элэгний үрэвслийн идэвхижил намжмал байдалд орсон үед төрсөн маш олон тохиолдлыг би  мэднэ. Эмчилгээ хийлгээд элэгний үрэвслийн идэвхжил буурахгүй, идэвхжил ихтэй үед төрж болохгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй. 

 

-Вирусыг бэлгийн замаар дамждаг гэх юм?

 

-Тодорхой хувь нь бэлгийн замаар халддаг. В вирусын хувьд 30 орчим, С вирусын хувьд 15-20 хувь гэсэн статистик байдаг. Энэ нь үрийн шингэнээр дамжиж халддаггүй. Тэгэхээр арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан энэ үед  халдах боломжтой. Тэгэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёрынх нь бэлэг эрхтэн шалбархай үүссэн үед халдах боломжтой гэсэн үг.

 

-Элгэний вирустай хүмүүс тодорхой хэмжээнд хоол хүнсийг хориглодог гэсэн. Ер нь ямар хоол хүнс идвэл зохилтой вэ?

 

-Хоол гэхээсээ илүүтэй бэлтгэхэд л анхаарах ёстой. Хоёрдугаар хоолыг аль болох жигнэх, буцалгах байдлаар хийх хэрэгтэй. Тос, өөхгүй, шарж хуураагүй, амтлагч хэрэглээгүй хоол унд хэрэглэж байвал зүгээр шүү дээ. Зарим элэгний өвчлөлийн үед төмөр ихсээд байдаг. Тэр үед элэг, улаан лооль, анар жимс зэргийг хориглодог. Зарим хүмүүс нь эсрэгээрээ цус багадалттай яваад байдаг. Тэр тохиолдолд  дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх жишээтэй.Салат гэхэд майонез, уксусаар зуурахгүй ургамлын тосоор зуурах жишээтэй. Торт идлээ гэхэд кремийг идэхгүй байх.  Хатуу чихэр идэх, шоколад идэхгүй байх хэрэгтэй. Сүүний үйлдвэрийн тосгүй аруул, элгэн тараг, зөөлөн аарц, зөөхий гэх мэт зүйлийг хэрэглэх ёстой. Иссэн, даршилсан бүх бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. 

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Пүрэвжав
www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.5.196.10)

    2017-04-27

    Баярлалаа