Сэтгэлийнхээ өнгөөр хорвоог уярааж яваа бүсгүй

        Сонсоод л баймаар, нүдээ аниад дахин дахин сонсмоор сэтгэлийн орон зайг эзэлсэн  дотнохон аялгуу эгшиглэнэ. Сонгодог гэх тодотголыг хэрхэн дүгнэж цэгнэж нэрлэдгийг нь би мэдэхгүй ч миний хувьд “сонгодог” ая бол яах аргаггүй сэтгэлийн гүнээс урсаж сэтгэлд шингэдэг бай. Энд би ямар нэгэн тансаг ая, эгшгийн тухай биш эгэл нэгэн хүний “сонгодог” сэтгэлийн дотоод ертөнцийг өгүүлэх гэж байна. Энэ хүн бол МУИС-ийн ХЗС-ийн багш, хуульч, өмгөөлөгч Ж.Жавзандулам юм. Өнгөрсөн он жилүүд хэн нэгний сэтгэлд дандаа л гэрэлт дурсамж үлдээдэг. Тэр тусмаа орчлонд хүн болж төрсөн агшин энэхэн заяаны хамгийн том бэлэг билээ. 1956 оны хаврын тэргэл өдөр.  Тооноор асгарсан нарны алтанхан цацраг чагтганд тусах нь айл гэрт аз жаргал тогтоодог гэдэг. Тэгвэл тийм л эгэлхэн өглөө Хонгорхүү овогт Жамбаачүлтэмийнх нэгэн охиноор бүл нэмж хайр энэрэлийн далай цалгиасан нь Ж.Жавзандулам. Булган аймгийн Тэшиг сумын хойд булаг хэмээх газар энэ бүсгүй мэндэлсэн гэдэг. Сэтгэлийн үзүүр зах хязгааргүй. Хөх тэнгэр шиг цэлийх их сэтгэлд цагаан сүүдэрч тусдаг бараан сүүдэрч тусдаг. Гэхдээ гэгээтэй сүүдэр нь илүү. Тийм л гэгээ татуулан инээмсэглэж эгэл борхон амьдралд хэн бүхэнд аз жаргал инээмсэглэл бэлэглэн алхах энэ бүсгүй МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр 1979 онд төгссөн.Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн мэргэжилтэн тухайн үеийн нэршлээр Шүүх яамны харъяа Хууль цаазын дунд сургуульд багшаар томилогджээ. Тэр цагаас Хууль цаазны дунд сургуульд 12 жил МУИС-ийн Хууль зүйн сургуульд 26 жил тасралтгүй багшилж, Монгол улсад эрх зүйч, хуульч бэлтгэх ажилд гар бие оролцож байгаа тэргүүний сэхээтэн, судлаач багш юм. Орчлонгийн оньсийг багш хүн л тайлдаг гэж үг. Тэгвэл эх орон, монгол улсынхаа ирээдүйн хөгжил ийнхүү оюуны эрхэм хувь нэмэр оруулаад зогсохгүй өөрийгөө ч өдөр өдрөөр боловсруулж амжилтаас амжилтад зүтгэсэн энэ бүсгүй  1994 онд Монголын өмгөөлөх холбооны гишүүн өмгөөлөгч болсноор хүний эрхийг хамгаалах, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хууль, өмгөөлөгчдөд кредит цагийн хичээл заах сургагч багшаар олон арван удаагийн сургалт явуулсан.

 

 

Ж. Жавзандулам багш 18 аймаг, 21 хотод очиж, төрийн захиргааны болон олон нийтийн байгууллага, иргэдэд хичээл заасан байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн 4-р сард Захиргааны Ерөнхий хуулийг сурталчилах ажлаар Булган, Орхон, Хөвсгөл аймагт 2000 гаруй иргэд, албан хаагчдад сургалт хийжээ. Мэдлэг боловсролыг хөгжүүлэх гол түлхүүр бол хөдөлмөр юм. Тэгвэл Ж.Жавзандуламыг илүү дутуу магтахгүйгээр байгаа байдал, өөрийнх нь үйл хэрэг л түүнийг шууд дүгнэнэ.  Тухайлбал Монголын өмгөөлөх холбооны Сахилгын хорооны гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн 5-р хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч  зэрэг сонгуульт ажилд сонгогдож, идэвхи санаачлагатай ажиллаж иржээ. Одоо Хууль эрх зүйн боловсрол төв нийгэмд үйлчилдэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Монгол Улсын төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцон, Захиргааны хэргийн шүүх байгуулах, авилагын эсрэг, төсвийн ил тод байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох, захиргааны хэм хэмжээний актыг стандарчилах зэрэг олон арван төсөлд сургагч багшаар ажилласан. Ажил мэргэжлийнхээ хувьд ийм л бүсгүй. Хүүхэд ахуй насандаа Булган аймгийн Тэшиг сумын Бага сургуульд 1964 онд элсэн орж онц сурлагтан хэмээн улаан бүч дэрвүүлэн гүйж байсан жаахан охин өнөөдөр гэр бүлийнхээ өмнө бус улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй, хийж бүтээсэн гэнээн цагаан үйлтэй гялалзаж явна. Тэрбээр урлагийн хүн. Ийнхүү тодотгох минь  хөгжим тоглох, бүжиглэх,цана тэшүүрээр гулгах зэрэг олон нийтийн тэмцээн уралдаанд идэвхи санаачлагатай оролцож, мандлин, гитар, баянхуур, гармон, аманхуур, шанз зэрэг хөгжмийг бие даан сурч өөрөө өөртөө тэсвэр тэвчээр сургаж өөрөө өөрийгөө хөгжүүлж байсан хүүхэд насных нь цагаан хөдөлмөр магадгүй Ж.Жавзандуламыг сайн ээж, сайхан хань, сайн багш болоход нь нөлөөлсөн буй за.

 

 

Алтангадас одон, Монгол улсын боловсролын тэргүүн, хууль зүйн салбарын тэргүүн, санхүү банкны тэргүүн, шүүх болон прокурорын байгууллагын хүндэт тэмдгээр энгэрээ мялаасан хэдий ч түүний хамгийн том шагнал бол сайн шавь төрүүлэх сайхан эх орныг хойч үедээ өвлүүлэн үлдээх юм. Түүний сэтгэлд нэгэн далд мэдрэмж, энгийн атлаа хэн ч үл тайлах тийм нандин аялгуу байдаг. Тиймээс ч  Ж.Жавзандулам шүлэг бичих дуртай. Тэр дундаа нийгмийн өнгийг тодорхойлогч бичгийн хүмүүний нэгэн том “зангараг” энэ бүсгүйд байдаг гэж олон хүн хэлэхийг сонссон юм байна. Бүсгүй хүний сэтгэлээс төрсөн аялгуу бүүвэйлэг, шүлэг нь яруухан зөөлөн байдаг. Тэр ч утгаараа Ж.Жавзандуламын шүлгүүд өөрийн гэсэн өнгө аястай. Мөн дуу болохын шидтэй байдаг. Тэр ч утгаараа  Д.Баттөмөрийн хөгжим “Монгол улсын Үйлдвэрчний эвлэлийн сулд дуу”,  “Тэшигийн сургууль”, Д.Баттөмөрийн хөгжим “Эгийн гол”, Д.Баттөмөрийн хөгжим “Сайхан буурал аав”, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Шаравын хөгжим “Бурханаас заяасан диваажин”, Санжсүрэнгийн хөгжим “Баянмонголын үхэр сүрэг”, Балданцэрэнгийн хөгжим “Монгол өргөө”, Мөнгөншагай Хүн “чанараа дээдлэе” гэх мэт олон сайхан дууны үгийг бүтээсэн биз ээ. Орчлон ээж энгэр дүүрэн хайраа дэлгэхэд үүрийн цагаан гэнээ манхайн цайдаг. Үүнтэй л агаар нэг бүсгүй хүн уянгалаг зөөлөн ду аялахад хүн төрөлхтний сэтгэл цэлмэдэг. Тэгвэл тийм л гиймэл тунгалаг сэтгэлийн эзэн бол Ж.Жавзандулам юм. Энэ бүсгүй орчлон дээр өөрийнхөө дуртай өнгийн цэцэгсийг ургуулан алхаж явна. Тэр л цэцэгсийн үр бидэнд хайр, жаргал болон ирнэм. Тиймээ бид тийм л гэгээн хайранд жаргаж яваа хүн төрөлхтөн билээ. Тэр дундаа Ж.Жавзандулам өөрийнхөө сэтгэлийн өнгөөр хорвоог уярааж яваа бүсгүй юм.

 

А.Дөл

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • Amgaa (202.9.43.239)

    2017-04-27

    Bagshdaa bolon ger buld ni az jargal sain saihniig husiye

  • Amgaa (202.9.43.239)

    2017-04-27

    Bagshdaa bol ger buld ni az jargal sain saihniig husiye

  • (59.153.113.32)

    2017-04-27

    Сайн сайхныг хүсье тийм

  • зочин (139.5.218.203)

    2017-04-27

    Их хүн чанартай ховор эмэгтэй дээ. Бас аман хуур хөгжмөөр гайхалтай тоглодог. Амжилт хүсье Жавзаа багшдаа

  • зочин (139.5.218.203)

    2017-04-27

    Их хүн чанартай ховор эмэгтэй дээ. Бас аман хуур хөгжмөөр гайхалтай тоглодог. Амжилт хүсье Жавзаа багшдаа

  • Erka (66.181.186.231)

    2017-04-27

    Багшийнхаа тоглолтонд амжилт хүсье,Яг л үнэнийг бичсэн байна.Ороо бусгаа энэ цаг үед хүн чанараа гээгээгүй хүний нэг бол ЖАВЗАА багш минь юм даа.

  • зочин (66.181.165.36)

    2017-04-27

    хүн болгон сайн сайхан явахыг хүсэлгүй яахав тэгэхдээ энэ хүнээс илүү амьдралдаа маш их юм хийсэн эгэлгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ энэ сэдэв нэг их сэтгэл хөдлөхгүй бнаа сонин биш

  • хуулийн дундын шавь (103.9.90.98)

    2017-04-27

    Жавзандулам багшдаа аз жаргал, ажлын болон уран бүтээлийн өндөр амжилт хүсье

  • khos (103.29.144.43)

    2017-04-27

    bagshdaa sain saihan buhniig husie