АН-ыг “амьд үлдээх” Д.Дорлигжавын бодлогыг ард түмэн таалах уу

 

        Намууд Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хаврын улс төр ид дундаа явна. Хуулиараа парламентад суудалтай намууд өөрийн төлөөллөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Мэдээж тэдний өрсөлдөх албан тушаал нэг л хүнийх учраас нам  тус бүрээс нэг л хүн нэр дэвшиж таарна. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам төлөөллөө нэр дэвшүүлнэ гэсэн үг. Харин аль намаас, хэн нэр дэвших вэ гэдэг асуултын хариулт тун удахгүй тодорхой болно. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 5 гэхэд нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон байх учиртай. Тиймээс ирэх долоо хоногийн  сүүл гэхэд аль намыг хэн төлөөлж төрийн тэргүүний төлөө өрсөлдөх вэ гэдэг нь нэг мөр  болно. Тиймээс яг энэ цаг мөчид ч намууд энэ асуудлаар зөвшилцөж байгаа. Эрх баригч хүчний хувьд нэгдсэн тохироонд хүрсэн гэх мэдээлэл бий. Харин хамгийн их анхаарал татаж байгаа нь парламент дахь сөрөг хүчин АН-аас хэн нэр дэвших вэ гэдэг асуудал. Учир нь  өнөөдрийн байдлаар тус намаас найман ч хүн нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлсэн, сонгуулийнхаа пи-арыг хүртэл хийгээд эхэлсэн. Харин намын дарга С.Эрдэнийн хувьд бүх гишүүдийн санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна гэдгээ зарлачихаад байгаа. Энэ бүхнээс үзэхэд АН дотор ширүүхэн  тулаан өрнөх нь нэгэнт ойлгомжтой болоод байна. 

 

Энэ намаас нэр дэвшигчдийг тус бүрт нь аваад  үзвэл сонин дүр зураг харагдана. Нэг  үгээр хэлбэл, албан тушаалын “амт”-ыг мэддэг хүмүүс нэрээ дэвшүүлэхээ илэрхийлчихээд байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг дурдаж болно. Цаашилбал, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан  Г.Батхүү, Л.Болд нар ч Ерөнхийлөгчийн суудлыг битүүхэн санаархаж яваа. Нэр дурдсан хүмүүсийг аваад үзвэл  бүгд л төрийн дээд албан тушаал хашиж явсан эрхмүүд. Хэрвээ  хүн албан тушаалд цаддаг бол аль хэдийнэ зайгаа тавиад өгөхөөр болчихсон улс харагдаад байгаа юм.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, сайд, Монгол төрийн  гурав дахь том албан тушаалыг хүртэл хашиж явсан эрхэм  улам бүр суудал ахиад Ерөнхийлөгч болохын төлөө зүтгэж байгааг юу гэж ойлгох  вэ. Манай төрд тогтсон бичигдээгүй хуулиас үзэхэд дээрх эрхэм бүгд л дор бүрнээ асуудалтай, бүр зарим нь хууль шүүхийн байгууллагаар шалгуулаад явж байх юм.  Тиймээс л эхний ээлжинд Ерөнхийлөгчийн  суудлыг халхавч болгох санаархал агуулсан байхыг үгүйсгэхгүй. 

 

Нэг үгээр бол, АН-аас нэр дэвшигчид бүгд л дор бүрнээ тодорхой шалтгаан, зорилготойгоор төрийн тэргүүний суудалд санаархаж байгаа. Гэхдээ тэд эхлээд  намынхаа нийт гишүүдийн итгэлийг хүлээсэн байх учиртай. Харин үүний тулд нэр дэвшигч бүр юу хийж байгааг таахад бэрх. Яагаад гэвэл АН-ынхан хэзээнээс нэгнээ дэгээдэж сурсан улс. Цагаа тулахаар тэдэнд үзэл бодол, үнэн чанар гээч зүйл үгүй болдгийг бид олон үйл явдлаас харсан. Хамгийн сүүлийн жишээ татахад л, АН-ын томоохон лидерүүдийн хагарал дээд цэгтээ хүрч, Н.Алтанхуягийн Засгийн газрыг үгсэн хуйвалдаж унагасан удаатай. Тиймээс түүний хувьд энэ удаад өшөө авах ажиллагаа явуулахыг ч үгүйсгэхгүй. 

 

Харин хамгийн сүүлд нэр дэвшихээ зарласан Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав  үнэхээр “сэтгэлийн дуудлагаар” гарч ирсэн үү эсвэл хэн  нэгний түлхээсээр үү гэдэг нь анхаарал татаж байна. Болоогүй Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй хэмээн  цаг минут бүрт ухуулж байгаа түүний цаад санааг таахад бэрх. Үнэндээ энэ эрхэм өөрийгөө ардчиллын алтан хараацайнуудын нэг гэдэг. Гэтэл төдийгөөс өдий хүртэл төрийн албанаас салаагүй, бүр хууль санаачлах хүртэл эрхтэй явсан атлаа яагаад өнөөдөр ямар ч албан тушаалгүй болсон хойноо нэг хүний засаглал тогтооё хэмээн чанга дуугарна  вэ.  Ийм засаглал чухам хэнд ашигтай вэ гэдэг асуулт урган гарч байна. Түүний тайлбарласнаар “Ерөнхийлөгчийн засаглалын давуу тал нь намын нөлөөлөлгүй болох” юм гэсэн. Гэтэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүйгээр, парламентын тогтолцоогоо өөрчлөхгүйгээр ийм өөрчлөлтийг хийхэд бэрх. Үүнийг тэр өөрөө ч мэдэж байгаа.

 

Нөгөө талаас  Д.Дорлигжавын уг гарвалыг харвал Увс, Ховд талтай. Магадгүй АН “амьд үлдэх” ганц шаанс нь энэ учраас түүнийг нэр дэвшүүлэх, цаашлаад Монгол Улсыг нэг хүний удирдлагад оруулах зүйлийг хийлгэх сонирхолтой хүн цаана нь байж болох. Өөрөөр хэлбэл,   улс төрийн ууган хүчин МАН үнэмлэхүй олонх болсон, АН бараг л арчигдахад хүрээд буй энэ нөхцөлд   АН-аас Ерөнхийлөгч сонгогдож, улмаар Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бүхнийг гартаа оруулна гэж сэтгэсэн ч байж болно. Үгүй ядаж нэг хүний ноёрхол тогтоож, улс орноо ломбарданд тавих гээгүй л бол ямар ч  бэлтгэлгүйгээр засаглалын тогтолцоогоо өөрчилнө гэдэг  цаг хугацааны асуудал. Эс бөгөөс ингэж ярьж ялгарах нь Д.Дорлигжавын хувьд нам дотор өрсөлдөгчдөдөө зориулсан сум ч байж болох юм. Учир нь энэ намд  түүнийг дэмжих нь бүү хэл, дэгээдэх, бүр гүтгэн гүжирдэх хүн  мундахгүй олон бий. Хамгийн сүүлийн ганцхан жишээ татахад түүнийг Хууль зүйн сайдаар томилох гэж байхад өмнөх сайд  Х.Тэмүүжин нь чадлаараа эсэргүүцсэнийг та бид мэднэ. Тухайн үед  Д.Дорлигжав ”Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Намайг сайдад яригдаад УИХ-ын дарга санал тавиад  эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Таньдаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан” хэмээж байсан удаатай. Үүнээс үзэхэд АН-ынхан нэгнийхээ эсрэг юу ч хийж мэдэх улс. Д.Дорлигжавын хувьд намынхандаа энэ мэтээр шахуулж явсан түүх бий. Энэ удаад ч мөн шахуулахгүй гэх баталгаагүй. Тиймээс юуны өмнө бусдаас ялгарах зэвсгээ Ерөнхийлөгчийн засаглалтай болгож, намаа “амьд үлдээх” бодлого хэмээн тодорхойлж байж болох. Ямартай ч нам дотроо хөгжөөн дэмжигч цөөтэй, бүр дэгээдүүлчих гээд байдаг сайд асны дэвшүүлж буй бодлогыг  ард түмэн дэмжих эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь тэр энэ удаад олон нийтийг маш гэнэн хүүхэд мэтээр төсөөлөн бодлогоо тодорхойлоод байгаа. Өөрөөр хэлбэл, ямар ч суурь бэлтгэлгүйгээр  улс орны засаглалын тогтолцоог өөрчилнө гэдэг нэг хүний хэлдэг, бас хийдэг ажил огт биш гэдгийг ард түмэн эрх  биш гадарлахтайгаа болохоор түүнд итгэл хүлээлгэхэд бэрх л юм.

 

С.ӨРНӨЛ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (95.85.59.238)

    2017-04-27

    ард түмэн зөв ойлгож, ухаарч ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих учиртай.

  • (208.123.223.254)

    2017-04-27

    ардчилсан улс нэртэй дарангуйлалыг МАН-хан явуулж эхлээд байна. Тиймээс АН-хан ерөнхийлөгчийн засаглалтай улс болохыг дэмжих хэрэгтэй.

  • (43.228.131.219)

    2017-04-27

    demjij bgaa shu

  • (158.69.25.151)

    2017-04-27

    Парламент засаглал яагаад хөгжидгүй яагаад ажил явдаггүй гээд маш оновчтой тайлбарлаж маш зөв санаа гаргаж ирсэн байналээ дэмжиж байгаа.

  • (85.203.9.35)

    2017-04-27

    Маш таалууштай хуулийн төсөл боловсруулсан харагдсан мэдээж энэ нэг хүний шийдвэрээр болох зүйл биш ч гэсэн дэмжих хүмүүс маш олон болсон. Парламентаас үнэндээ монголчууд туйлдаа хүртэл залхаж байна. Өчигдөр өнөөдөр хүртэл хэвлэлийхний хоолойг боймолж байна шүүдээ. Даврааж болохгүй хүмүүс чинь парламент болчихоод байна.

  • (188.166.73.9)

    2017-04-27

    Дэмжиж байна