Х.Бадамсүрэн үнэнээ өчиж, Ц.Гарамжав саналаа татаж, Б.Батсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн 7 хоног

 

        Энэ  долоо хоногт олон нийтийн анхаарлыг асуудлуудаар бэлтгэсэн тойм мэдээллээ хүргэж байна.  Ёстой л мэдээлэл сайтай, синсаци олонтой долоо хоног өнгөрөв. Тодруулбал, олны анхаарлыг татаад, хэвлэлийн бай болоод байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал  Х.Бадамсүрэн сэтгүүлчид болон олон нийтэд өөрийнхөө талаар яригдаад байсан ташаа мэдээлэлд байр сууриа илэрхийлэв. Түүний дараагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хажуугийн санал оруулж ирэн хүнийг гүтгэсэн тохиолдолд 100 сая хүртэлх төгрөгөөр торгох заалтыг дэмжүүлсэн явдал нь олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагыг акц хийхэд хүргэж, эцэст нь саналаа татсанаар асуудал шийдэгдэв. Түүнчлэн Ийгл телевизийн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг 29 дүгээр сургуульд бугшсан шударга бус үйлдэл, хүчирхийллийг ил болгож, бидэнтэй зэрэгцэн оршдог сонсголын бэрхшээлтэй иргэдийн “чимээгүй” ертөнцийг илүү таних, мэдрэх боломжийг нийгэмд олгож чадсан билээ. Нийгэмд бугшсан асуудлыг илчилж,  эцэст нь тус сургуулийн захирал Б.Батсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр асуудал жаахан намжив.  

 

Тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалингаа л авч байгаа гэлээ 

 

        Энэ мэдээллийн эхлэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн байлаа. Тэрбээр энэ долоо хоногт уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулган Орхон аймагт болох гэж дуулгасан юм. Түүнчлэн түүнийг олон зуун сая төгрөгөөр гэрээ тохижуулсан, сарын 20 гаруй сая төгрөгийн цалинтай гэх мэт олон мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Харин энэхүү хэвлэлийн хурлын үеэр гараад байсан мэдээлэлд тайлбар өгсөн юм. Тэрбээр   “Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм билээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан байдаг.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ийн цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй” гэдэг тайлбар өгсөн билээ.

 

Ц.Гарамжав гишүүн саналаа татаж, асуудал намжив 

 

        Түүнчлэн энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан мэдээлэл бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хажуугийн санал оруулж ирэн хүнийг гүтгэсэн тохиолдолд 100 сая хүртэлх төгрөгөөр торгох заалтыг дэмжүүлсэн явдал байлаа. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэн акц зохион байгуулсны үр дүнд тэрбээр саналаа татаж авсан юм. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Би гүтгэх гэсэн асуудлаар өөрийн саналаа өгсөн. Гүтгэх асуудал манай нийгэмд утааны адил гамшиг болчихоод байгааг хүн болгон хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг би биш юм гэхэд өөр хэн нэгэн хэлэх л байсан. Би хэлснээрээ асар их эсэргүүцэлтэй тулгарлаа. Гэхдээ энэ асуудлыг нийгэмд хандаж тавьсан болохоос аль нэг салбар руу хандаж хэлээгүй юм. Тэр тусмаа хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт хандаж хэлээгүй юм. Харин хэвлэлийнхэн өөрсдөдөө татаж ойлгоод байгааг гайхаж байна. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрхийг Эрүүгийн хуульд тодорхой хамгаалж өгсөн. Үүнийг өчигдөр надтай уулзсан иргэд, хэвлэлийнхэнд тайлбарласан. Энэ заалтаар хэвлэл мэдээллийн хардах, хэвлэн мэдээлэх, шалгах, хянах эрхийг баталгаажуулж өгсөн. Харин Эрүүгийн хуульд байсан 3 зүйл ангийг авч Зөрчлийн хуульд оруулсан. Үүнтэй холбоотойгоор гүтгэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан. Торгуулийг нь нэмбэл гүтгэх нь багасах юм болов уу, нийгэм даяар тэмцэх юм болов уу гэж хийсэн болохоос ямар нэг салбар, хэн нэг сэтгүүлчид чиглүүлж, өөрийн бодлоор хийгээгүй. Энэ бол миний үзэл баримтлал. Торгуулийн дүн өндөр байна гэдэг асуудал яригдсан учир би саналаа татаж авсан. Харин миний үзэл бодол хатуу. Хүний халдашгүй нэр төрийн төлөө тэмцэнэ. Үүгээр далимдуулж улстөржүүлэх , мушгин гуйвуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүний аав ээжээс өгсөн алдар нэрийг дайрч гутаах доромжлох бол байж болохгүй асуудал, өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсоно гэдэг тайлбарыг өгч байсан юм. Зарим УИХ-ын гишүүд цөөн хүний оруулж ирсэн санаа. Түүнээс МАН-ын гишүүд ярилцаад, нийтээрээ  дэмжээд явсан зүйл биш ээ. Ганцхан байнгын хороон дээр яригдсан. Тиймээс энэ зүйл дэмжигдэхгүй гэдгийг хэлж байсан юм. 

 

 

      29 дүгээр сургууль шинэ захиралтай боллоо

 

        Ийгл телевизийн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг 29 дүгээр сургуульд бугшсан шударга бус үйлдэл, хүчирхийллийг ил болгож, бидэнтэй зэрэгцэн оршдог сонсголын бэрхшээлтэй иргэдийн “чимээгүй” ертөнцийг илүү таних, мэдрэх боломжийг нийгэмд олгож чадсан билээ.  2017 оны гуравдугаар сараас хойш хэл ам дагуулж эхэлсэн 29 дүгээр сургуулийн асуудал Монголын боловсролын тогтолцоо цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын чанар, стандарт хаана явааг ч  дэлхийд харуулаад авлаа.
2017 оны гуравдугаар сарын 27-нд тус сургуулийн сурагчид сургуулийн удирдлага, багш нарын зүй бус үйлдлийг олонд ил болгох, сургалтын чанарын доголдол, 100 хувь  дохионы хэлээр боловсрол олгохыг шаардан Монголд анх удаа сурагчид хичээл хаялт зарласан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд өрнөж эхэлснийг та бид санаж байгаа бизээ. Ийнхүү сургуулийн удирдлага болох Б.Батсайханыг халж, ингээд түүний оронд тус сургуулийн дохионы хэлний багш Н.Сарантуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. Тиймээс эдгээр хүүхдүүдийг ойлгодог, асуудлыг нь шийдэж чадах, тэдний төлөө зүтгэж чадах ирсэн байх гэж олон нийт найдаж байгаа юм. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)